Солонгос улсын Хансонг их сургуулийн гоо сайхны тэнхимийн багш, профессор Чой Хэ Жа-гийн гоо сайхны талаарх сонирхолтой ярилцлагыг хүргэж байна. 

- Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе. Монголд ирсэн анхны сэтгэгдлээ хуваалцаач?

Баярлалаа. Өнөөдөр сайхан өдөр байна. Монголд ирэхийг маш их хүсэж байсан. Маш дотно мэдрэмжийг өгч байна. Ирээд 9 хоног болж байгаа ч хэзээнээс л энд амьдардаг хүн шиг дотно, тав тухтай мэдрэмж төрсөн.

- Ярилцлагаа Монголд ирсэн зорилгоос тань эхлэе гэж бодож байна?

Солонгос улсын гоо сайхан, арьс арчилгаа зэргийн талаар танилцуулж, өөрийн их сургууль дээр зохион байгуулагддаг "Beauty top managment" гоо сайхны сургалтыг Монгол улсад зохион байгуулахаар зорин ирсэн.

- Таны бодлоор ер нь гоо сайхан гэж юу вэ?

Гоо сайхан гэдэг маш өргөн цар хүрээтэй ойлголт. Гоо сайхныг зөвхөн гадаад үзэмжээр төсөөлбөл маш өрөөсгөл ойлголт болно. Зөвхөн гадаад талаас нь авч үзвэл хүн төрөлхтөн эртнээс эхлээд гоо зүй, гоо сайхандаа анхаарсаар ирсэн ба өнөө үед илүү дэвшилттэй болж техник технологийн гайхамшгаар гоо сайхан болох хялбар болсоор байна. Зөвхөн Солонгос улс ч гэлтгүй дэлхийн улсууд тэр чигээрээ гоо сайхан байхын төлөө шат шатаар ахин урагшилсаар байна.

- Гоо сайхны бүтээгдэхүүн сонгохдоо мэргэжлийн хүнээс зөвлөгөө авах хэр чухал вэ?

Миний бодлоор тийм ч чухал, шаардлагатай гэж бодохгүй байна. Учир нь өөрийнхөө арьсны төрлийг мэдэж байхад бүтээгдэхүүн сонгох хэцүү биш л дээ. Харин бүтээгдэхүүний заавартайгаа сайтар танилцах нь чухал гэж бодож байна.

- Гоо сайхандаа зориулж зуршил үүсгэх хэрэгтэй юу?

Тэгэх ёстой, бүр заавал. Нүүрээ цэвэрлэх нь сайхан арьстай байх хамгийн чухал  зүйлсийн нэг. Нүүрээ цэвэрлээд, ампул түрхээд, лосион түрхээд, тосоо түрхэх гэх мэт зүйлсийг зуршил болгож өдөр тутамдаа хэрэгжүүлэх нь зүйтэй. Эрүүл сайхан  арьстай болохын тулд тууштай зүтгэл хэрэгтэй. /залхуу байж болохгүй шүү/

- Манай улсын хувьд өвөл маш хүйтэн болдог. Бас их хуурай нөхцөлтэй тул арьс маш их гэмтдэг. Энэ үед хэрхэн арчилгаа хийвэл үр дүн гарах вэ?

Арьс арчилгааны өмнө орох нэг зүйл бий. Тэр нь арьсаа хамгаалах явдал юм. Монгол их хүйтэн байна. Тиймээс маск, ороолт зүүж байх хэрэгтэй. Арьсыг ийм хүйтэн уур амьсгалтай нөхцөлд хамгаалалтгүй явж болохгүй. Энэ нь арьс эмзэгших байдалд хүргэдэг. Тиймээс арьсаа хамгаалсан нар салхины тосыг хэвшил болгож хэрэглэх нь зүйтэй.

- Гоо сайхнаа урт удаан хугацаанд залуугаар нь авч үлдэхийн тулд юуг анхаарах вэ?

Байнгын арьс арчилгаа. Эмэгтэй хүн нас ахисан ч арчилгаагаа тууштай хийсээр л байх хэрэгтэй. Энэ нь тэднийг илүү залуу харагдахад тусална.

- Гоо сайхны бүтээгдэхүүнүүд үнэтэй байх тусам сайн чанартай байхуу ?

Үнэ гэхээсээ илүү өөртөө тохирох бүтээгдэхүүнд илүү анхаарал хандуулах хэрэгтэй.

- Та өсвөр насны охидод зориулан бяцхан зөвлөгөө хүргээч?

Арьсыг бид хөрс гэж авч үзвэл тэрхүү хөрсөндөө анхаарал хэр хандуулна цэцэг илүү сайхан ургана. Тиймээс охидод нүүрээ хамгаалахын тулд будах нь зөв хэдий ч нүүрнийхээ хөрсийг хэзээ ч орхигдуулж болохгүй шүү.

- Бидэнтэй ярилцаж үнэтэй сайхан зөвлөгөө өгсөн танд баярлалаа. Ажлын амжилт хүсье.

Маш их баярлалаа.

Ярилцсан: Ц. Нарангарам