"Хөтөлийн цемент шохой" үйлдвэрт ямар ч хамаагүй албан тушаалд очсон бүх хүн богино хугацаанд баяждаг гэнэ. Унах унаа, орон байр гээд эдэлж хэрэглэж байгаа бүхэн нь тансаг зэрэглэлд тооцогдох хэмжээнд хүрдэг нь нутгийн олны нүдэнд ил байдаг аж.

Энэ тухай өнгөрсөн амралтын өдрүүдэд Хөтөлд саатах үед нутгийн иргэд өгүүлж "Энүүхэн хойно шинэ байшин баригдсан байгаа биз дээ. Тэр чинь үйлдвэрийн дарга нарынх. Тэдэнд зориулж барьсан юм гэсэн. Шинэ дарга нар ч тэнд төвхнөж байгаа. Дотор тал нь орд харш л гэсэн үг. Ер нь энэ үйлдвэрт даргаар ирсэн хүмүүс маш хурдан баяждаг. Та нар мэдэж байгаа байх. Өмнөх дарга нар нь хүртэл гэнэт баяжаад түүнээсээ болж одоо шалгуулж байгаа шүү дээ" хэмээн сонирхуулан ярьсан юм. Үнэхээр ч Хөтөлийн төвд барьсан шинэхэн барилга өнгө үзэмж, гадаад байдал зэргээсээ бусдаас аргагүй л ялгарч анзаарагдах бөгөөд "Хөтөл цемент шохой"-н үйлдвэрийн даргаар томилогдсон газар чамгүй бэлжиж, бэлчээр нь томордог хэлтсийн дарга гэсэн суудалд суусан бүхэн баяждаг гэдгийг өмнөх захирал А.Шоовдорын өдүүдсэн хэрэг ч гэрчлэх юм. Тодруулбал, өнгөрсөн жил төрийн өмчит компаниудын захирлуудыг ээлж дараалан барьсан, хорьсон, шүүсэн гээд бөөн дуулиан дэгдсэн. Энэ үеэр тус үйлдвэрийн захирал А.Шоовдорын гэсэн автортой нэг хэрэг мандсан бөгөөд тодруулбал, А.Шоовдор болон түүний хамсаатан гэх хэд хэдэн хүнийг цагдаагийнхан барьж хорьсон нь яах аргагүй дуулиан тарьж байлаа. Иймээс өчигдөр А.Шоовдорын өмгөөлөгч Ц.Монголтой холбогдож хэргийн явцын талаар тодруулсан юм. Тэрбээр "Одоохондоо энэ хэргийн талаар мэдээлэл өгөх боломжгүй байгаа. Хэргийг шалгаж л байна.

 

     Ер нь ч тэгээд миний үйлчлүүлэгчийн тухай янз бүрийн ташаа мэдээлэл гарч байна. Их хэмжээний мөнгө идсэн уусан гээд. Удахгүй энэ асуултад албан ёсны тайлбар өгнө" гэсэн юм. Хэдийгээр өмгөөлөгч нь ийн хэлсэн  ч АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Амарбат арай өөр тайлбарыг олон нийтэд өгч байгаа. Тодруулбал тэрбээр "Хөтөлийн цемент шохой" компанийн захирал А.Шоовдорыг шалгаж байгаа. Ингэхдээ тус компанийн удирдлагуудыг  анхнаасаа үгсэн тохиролцож өөрсдөө аж ахуйн нэгж үүсгэн байгуулаад ямар ч сонгон шалгаруулалт явуулалгүйгээр бараа худалдан авч тэр хэмжээгээр өөрсдөдөө давуу байдал бий болгон төрийн компанийн хөрөнгийг завшдаг байсан. Биднийг шалгахад А.Шоовдор тэргүүтэн "Хөтөлийн занар" нэртэй компани байгуулсан нь тодорхой болсон. Мөн тэд хамтран үйлдвэрийг хэвийн ажиллагаатай байлгахын тулд худалдан авалт хийдэг байсан байна. Ингэхдээ мөн л танил тал, ах дүүгийн холбоогоор ажлыг явуулж байсан гэх үндэслэл тогтоогдож байна" гэсэн мэдээллийг өгсөн юм. Эндээс харахад нутгийн иргэдийн өгүүлсэн "Хөтөл"-д ирсэн дарга нар хурдан баяждаг.

 

    Тэр дундаа энэ үйлдвэрт хамгийн олон жил ажилласан А.Шоовдор танигдах аргагүй болтлоо өөрчлөгдсөн гэдэг нь ор үндэслэлгүй мэдээлэл биш бололтой. Түүнчлэн энэ мэдээллийн мөрөөр бид хэд хэдэн эрхэмтэй холбогдож түүнтэй холбоотой зарим мэдээллийг авсан. А.Шоовдор нь энэ үйлдвэрт 30 гаруй жил ажилласан бөгөөд ажилчнаас нь эхлээд дарга хүртлээ дэвшсэн юм байна. Ингэхдээ сүүлийн есөн жил энэ үйлдвэрийг толгойлжээ. Хамгийн ноцтой нь тэрбээр энэ хугацаанд АТГ-ынхны хэлээд байгаа "Хөтөлийн занар" гэдэг компанийг байгуулаад зогсоогүй эрх мэдлээ ашиглан "Хөтөлийн цемент, шохой"-д бараа нийлүүлдэг байсан бололтой. Мөн түүнийг баривчлах үед түүнтэй хамт зургаан хүнийг баривчилсан бөгөөд бүгд хамаатан садан, найз нөхдийн холбоо сүлбээтэй гэдгийг өгүүлж байгаа юм.

 

    Түүнчлэн А.Шоовдортой холбоотой өөр нэг бор шувуу нисээд байгаа нь мань эрхэм Ардчилсан намын нөлөө бүхий эрхмүүдийн гол хандивлагч байсан гэх мэдээлэл. Иймээс Ардчилсан нам засаг барьж байгаа үед түүнд холбогдох олон хэрэг эхнээсээ замхарч эцэстээ сүр дуулиан болгож баахан шалгаж байгаад хаагдчихдаг, эсвэл ял авсан болоод өнгөрдөг дуулиант хэргүүдийн нэг болох вий гэсэн эмзэглэл нийгэмд бас байна. Учир нь, АТГ-ынхан анх түүнийг тендерийг өөрийн болон өрөөлийн компанид өгсөн гэх мэдээллийн мөрөөр шалгаж эхэлсэн ч өнгөрсөн оны сүүлээр батлан даалтад гармагцаа улстөрчдийн хаалга үүдийг сахиж эхэлсэн гэх мэдэаллийг эх сурвалжууд өгсөн юм.

 

 

Л.ОЮУ