Технологийн сургууль технологи, инновацыг дэмжих үндэсний сүлжээнд нэгдлээ
2019/11/29
Улс үндэстний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх суурь хүчин зүйлсийн нэг гэгддэг инновацыг эх орондоо хөгжүүлэх зорилгоор байгуулсан Технологи ба инновацыг дэмжих төвүүдийн (Technology and innovation support center-TISC) үндэсний сүлжээнд Технологийн сургууль нэгдэн орлоо. Монгол Улсын Оюуны өмчийн газрын дарга С.Ганзориг, Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх Технологийн сургуулийн захирал Д.Зоригтхүү нар энэ сарын 20-ны өдөр гэрээнд гарын үсэг зурснаар хамтын ажиллагаа баталгаажсан юм. ТISC буюу технологи, инновацыг дэмжих үндэсний сүлжээнд нэгдэн орох нь Олон улсад хэвлэгддэг шинжлэх ухааны холбогдолтой ном товхимол, сэтгүүлүүдийг хямдралтай үнээр унших, олон төрлийн сургалтанд үнэгүй хамрагдах боломж олгодгоороо давуу талтай. Инновацыг дэлгэрүүлэх нь орон даяар техникийн болон шинжлэх ухааны мэдлэгийн хүртээмжийг нэмэгдүүлж, патентын тухай мэдлэг мэдээллийг тэлж, оюуны өмчийн мэдээллийн санд хэрэгцээ шаардлагынхаа дагуу хайлт, дүн шинжилгээ хийхэд туслахаас гадна өргөн утгаараа аливаа улс орныг дэлхийн эдийн засгийн өсөн нэмэгдэж буй сорилтуудыг даван туулахад чухал үүрэг гүйцэтгэдэг байна.
Технологийн сургуулийн хамт олон өнгөрсөн сард оюутнуудад зориулсан бизнес инкубатор төвийн нээлтийг хийж, мэргэжилдээ үндэслэн бизнесийн салбарт хөл тавихаар зорьж буй залуучуудаа дэмжихээр шийдвэрлэжээ. Өнөөдрийн байдлаар тус төвд гурван багийн 10 гаруй оюутан залуус чадавхижиж байна. Уул уурхайн мэргэжилтэй залуусын бүтээмжийн шинэлэг санааг хөгжүүлж, бизнесийн орчинд байр сууриа олоход туслах зорилготой энэхүү төв эх орондоо инновацын бүтээл гаргадаг түшиц газар болохоор алсын хараагаа тодорхойлжээ.
И.Чинтогтох
Фото: Ш.Лхамсүрэн