Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төвд С.Эрдэнэ сайд нөхөдтэйгөө тухалжээ
2014/03/26
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоо өдөр ирэх тусам нэмэгдэх болжээ. Энэ тухай “Эрхийг бодит болгоё” Инчеоны стратегийг хүлээн авах уулзалтад оролцогчид онцолж байлаа.
Гэвч зун уртын харайлтаар, өвөл уран гулгалтаар хичээллэдэг нийслэлд маань үнэндээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд алхах газар алга. Энэ нь тэднийг сэтгэл зүйн хувьд гутранги, нийгмийн амьдралд идэвхтэй оролцож амжилт гаргах чадвар султай болгодгийг судалгаагаар тогтоосон байдаг. Үнэндээ дэлхийн жишигт нийцсэн барилга байгууламж сүндэрлэлээ гэх ч хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан шат гарц байдаггүй. Барилгыг хүлээн авч байгаа улсын комиссынхон ч энэ шаардлагыг үл харгалздаг нь цөөнх гэж нэрлэгдэж болохуйц тэдгээр иргэдийг төрийн хяналтын гадуур үлдээдгийн илэрхийлэл гэлтэй.
Төрийн ордонд өчигдөр болсон дээрх уулзалтын хүрээнд улс төрийн болон шийдвэр гаргах үйл явцад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог дэмжихээр тусгаснаа онцолсон. Ингэснээр тэдгээр иргэд сонгох, сонгогдох эрхээ эдлэхэд нь чухал хүчин зүйл болохоос гадна улс төрийн болон шийдвэр гаргах бүх түвшинд илүү өргөн хүрээтэй оролцох боломжтой болох аж. Гэвч манай улсад энэ заалт хэр тусгалаа олох бол гэдэг эргэлзээ төрүүлэх болов.
Одоогоос хэдэн жилийн өмнө хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд багачуудад хаягласан барилгын суурийг тухайн үеийн Засгийн газрын тэргүүн, салбар хариуцсан сайд, даамлуудынхаа хамт ёслол төгөлдөр тавьж билээ. Тухайн үед энэ барилгыг шүүмжлэх нэгэн байсан ч хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд тэдний ар гэрийнхэн сайнаар хүлээн авч, ашиглалтад орох хоногийг хуруу даран тоолж суув. Ёстой л нөгөө мөрөөдөл биелдэг юм гэгчээр барилга сүндэрлэжээ. Хотын А зэрэглэлийн бүс буюу Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг дэвсгэр “UB mart” худалдааны төвийн урд талд, Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн хашаанд 13 давхар барилга бий. Хаанаас нь ч харсан оффисын зориулалттай энэ барилгын нээлт энэ сарын 24-нд болжээ. Ингэхдээ хаяг андуурсан уу гэлтэй “Ардчилсан хүчний холбооны шинэ байрны нээлт” хэмээх далбаан дор тууз хайчилж, оргилуун дарс буудуулснаар хаалгаар нь салхи сэвэлзүүлсэн байх юм. Юун хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тансаг ордон. Өдгөө тус барилгын дээд талд “Фүжи холдинг” ББСБ гэсэн хөх хаяг тод харагдана. Тус байгууллага түрээсээр үйл ажиллагаа явуулж байгаа тухай тайлбарлаж байсан.
Үүнээс үзэхэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан гэх байр өдгөө оффис түрээслэгчдээр өрөөгөө дүүргэж, өнгө үзэмжээ тодорхойлж эхэлсэн бололтой. Нээлтийн ажиллагаа Ардчилсан хүчний холбоонд хаяглагдсаныг бодоход спикер цэргүүдийнхээ хамт эзэн суусан бололтой юм. Барилгын зургаадугаар давхарт “Шонхор клуб” гэсэн хаяг байх бөгөөд дотор нь Ардчилсан хүчний холбооныхон төвхнөсөн байна билээ. Будаг нь ханхалсан коридорын ханыг тус холбооны лидерүүдийн хөрөг зургаар чимжээ. Тодруулбал, УИХ-ын дарга З.Энхболд, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан нарын түүх өгүүлсэн зургууд өлгөөтэй байлаа. Цаашилбал, тус холбооны үе үеийн идэвхтэн гишүүд гээд бараг музей байдлаар тохижуулжээ.
Уг нь барилгын шав тавих ёслолын үеэр Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан сургалтын байр хэмээн тодотгож байсан удаатай. Улмаар барилгын ажил явж байх үед хашааны гадна талд “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сургалтын төвийн барилгын ажил” гэсэн бичигтэй сурталчилгааны самбар байрлуулж байлаа. Түүнчлэн барилга захиалагч нь С.Эрдэнэ сайдын дэмжлэгээр явдаг “Төгс эрдэм сан” ТББ, гүйцэтгэчээр Б.Мэндбаяр захиралтай “Тоб групп” ХХК ажиллажээ. 2012 онд ашиглалтад бүрэн оруулж, улсын комисст хүлээлгэж өгнө гэсэн ч өнөөдрийг хүртэл барилгын ажил 100 хувь дуусаагүй. Гэсэн атлаа зорилго, зорилт нь өөрчлөгдөж, жинхэнэ эзэд нь илчлэгдэж эхлэв бололтой.
Зүй нь “Төгс эрдэм сан” ТББ нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сургалтын төв барих зориулалтаар нийслэлийн Засаг даргын 420 дугаар захирамж гарч байжээ. Газрын хэмжээ нь 0.003 га байсан бөгөөд 2009-2012 оны Засаг даргын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, багачуудад боловсрол олгох сургалтыг дэмжих зорилгоор эхлүүлсэн байна. Улмаар 2010 оны дундуур нийслэлийн Засаг даргын 420 тоот захирамжаар газар эзэмшүүлэх эрхийн байршил өөрчлөгдсөн байдаг. Өнөөдрийн байдлаар хоёр байгууллага төвхнөөд байгаа нь энэ. Хотын төвд байршилтай энэхүү шилэн оффисийн барилгад алсдаа хэдэн ч байгууллага төвхнөж мэднэ. Гэхдээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан нэг ч болтугай өрөө олдоно гэхэд эргэлзэж байна. Нэрийг нь зээлдэж, газрыг нь авсан юм байна ганц өрөөгөө ядаж хямд өртгөөр түрээслүүлэх байлгүй дээ.
М.АРИУНТУУЛ
Зочин · 2014/04/01
Ichih sonjuurgui luivarchin aluurchin
Зочин · 2014/03/27
өрөвдөлтэй хүмүүсийн нэрийг барих хэрэггүй байж дээ. бурхан харж байгаа болов уу
Зочин · 2014/03/27
ichmeer humuus shuu deee
Зочин · 2014/03/27
ene khuniig Erdene gedeg