Ухааны хөгжлийн бэрхшээлийн баримт №2: 90 онд яг л Украинуудтай адил алдсан шүү дээ. Энержи ялжээ. Үндэстэн задарчээ.

Монголчууд үргэлж л алддаг. Түвдийн шарын шашинд доромжлуулсан. Өнөөдөр ч доромжлуулсан хэвээр. Хаа л бол Түвдийн бурхануудын зураг өлгөөстэй. МУИС-ын хананд ч бас СУИС-ын хананд ч өлгөөстэй. Ийм хойно яаж ч мэдлэг боловсролтой болох вэ дээ. Их сургуулийн номын сангуудыг Түвдийн шарын шашин бас эзэлжээ. Майдар бурхан нэртэйгээр загвар өмсөгч эмэгтэйгээ дурссан эрчүүд хүүхний хөшөөг босгох гэж яасан ч их хөөрцөглөнө вэ. Майдар бурхан биш майдар хүүхэний хөшөө босохнээ.

Монголчууд дэлхийн хэмжээнд толгойгоо ажиллуулахгүй хэдэн зуун жил болцгоож дээ. Украин орон, Герман орон, Европчууд гэх мэт бүгд л Оросын энержи буюу буруу орчуулгаар эрчим хүч булаацалдаж юу болж буйг харж л байгаа байх даа. Энержи гэдэг ийм л зүйл дээ. Украины цөөхөн хэдэн баян яг л Монголчуудтай адил энержи гэсэн бөөн хөрөнгө мөнгийг баричихсан байна шүү дээ. Тэднийхээ л эсрэг Майданы талбай дээр бослого хийсэн шүү дээ. Монголчуудын энержийг хэн баридаг билээ? Энержи ресурс гэж хэн эхэлсэн билээ?

Энержи болон хөрөнгө мөнгөний төлөө тулалдаан бол Украины дотоод асуудал байж байгаад одоо бүр бусад орнууд руу тархаж геополитикийн асуудал боллоо. Энэ бол Украины асуудал. Харин Орос орны асуудал бол шал ондоо шүү дээ.

Крим болон бусад Орос оронтой хамаатай асуудалууд бол үндэстэний асуудал болохоос энержигийн асуудал биш. Энержи ба үндэстэн гэсэн хоёр том асуудлыг ялгах хэрэгтэй болов уу.

Монголын энержийг хэдэн цөөн хүмүүс бариад Эрдэнийн хишиг нэртэй мөнгө төгрөг амлаж ард түмнээ жинхэнэ доромжилсон доо. Мөнгөө нэхсэн хүмүүсийг төлөөлж жүжиглэсэн Монгол маягийн Тимошенко, Кличко нар одоо Их хуралд сууж мөнгө төгрөгөөр бялхаж буй биздээ. Тэдний сураг ч тасарчдээ. Ядарсан Монгол хүн. Хөөрхий Монгол хүн.

Орос орон буюу Оросын федарацын бодлого бол үндэстэний асуудал. Орос орон тэртэй тэргүй газрын баялагаар дэлхийд гайхуулах хөрөнгөтэй ард түмэн. Газрын баялаг хулгайлдаг нөхдүүд жишээлбэл Ходорковски гэх мэт хүмүүсийг бүгдийг залхаан цээрлүүлсэн. Харин Монгол оронд Оюу Толгойгоос авахуулаад Таван Толгойгоос хулгай хийдэг хулгайч нарыг хэн ч залхаан цээрлүүлсэнгүй. Үүний шалтгаан бол Монголчууд үндэстэн болж чадахгүй задарсан хэвээр. Гадаад дотоодын хулгайчид Монголчуудыг үндэстэн болохын эсрэг улам задалсаар. Ухаанаа алдсан Монгол хүн. Хөөрхий Монгол хүн.

Орос орон яг л Герман орон 90 онд бас 30 онд юу хийсэн түүнээс ялгаагүй л зүйл хийж байна шүү дээ. Дэлхийн түүхийг ойлгох хэрэгтэй. 20-р зууныг ойлгох хэрэгтэй. Герман орон дэлхийн 1-р дайны дараа Франц, Англи гэх мэтийн капиталист орнуудын дарангуйлалд орж дайны өр гэх мэт дааж давшгүй хэцүү үед Гитлер гарч ирж Герман орныг босгож нэгтгэж чадсан. Гитлер Итали болон Япон орнуудтай хамтран дэлхийг эзлэх төлөвлөгөө зохиож дэндүү том зорилго тависан тул бүтэлгүйтсэн. Гэхдээ л өнөөдөр Герман орон дэлхийн том эдийнзасаг шүү дээ.

Герман орон II дайны дараа баларсан хэдий ч Герман орныг хүчтэй канцлер Аденауэр босгож чадсан. Энэ үед Германы бүхий л мэдлэгтэй толгойнууд гадагшаа худалдагдсан байлаа. II дайнаас хойш олон хэсэг хуваагдсан Герман орон 90 онд Берлиний ханыг нурааж Герман орон дахин нэгдсэн. Үүнийг хүчтэй канцлер Коул хийж чадсан. Коул өнөөдөрийн канцлер эмэгтэй Меркелийг шууд гаргаж ирсэн шүү дээ. 90 онд Герман орон нэгдэж байхад Монгол орон задарч байлаа. Хувичлал нэрийн дор их хулгай явагдсандаа. Монгол орон хөгшин залуу, социалист ардчилал гэж ямар муухай туйлширч задарваа.

Герман орон 90 оны дараа бүрэн бүтэн үндэстэн болж чадсан. Германчууд капитализмгүйгээр социал демократ явсаар байгаад өнөөдөр том орон болж чадлаа. Тэд либерализм эсвэл либертаризм гэх худлаа зүйлүүдэд хэзээ ч хууртагдаагүй. Тэд бүрэн үндэстэн. Монголчууд тэдэн шиг бүрэн үндэстэн болж чадсангүй. Герман орон өнөөдөр Путинийг маш сайн ойлгож байгаа. Яагаад гэвэл Орос орон цэврээрээ байхыг хүсэж капитализмаас татгалзсан.

Орос орон бол үндэстэнийг эрхэмлэдэг том үндэстэн. Тэд энержигийн төлөө биш харин үндэстэний төлөө.
Монгол хүн юу ч ойлгохгүй л явна. Дэлхийн хэмжээнд бодож чадах хүн даан ч алгадаа. Дэлхийг Улаанбаатар хотынхоо Сүхбаатарын буюу Чингисийн талбайгаас харж чадах тийм оюуны чадвартай хүмүүс дутагдана.

Дэлхийн ард түмнүүд үеийн үед нэгдэх гэж үхэн хатан тэмцэж байхад Монголчууд урдаа Монгол хүмүүстэй хиллэж бас ардаа Монгол хүмүүстэй хиллэсэн хэвээр л. Монголчууд нэгдэх битгий хэл ардчиллын жилүүдэд хачин жигтэй нэрүүдээр овоглож овгууд болон дахин жижигхэн бүлэг хүмүүс болон задарсандаа.

Монгол хүмүүсээ өөрсдийнхөө байгаа байдлыг нэг ойлгооч. Ямар ч утгагүй хөгжлийн загвар эсвэл хүний хөгжил гэж цаг үрж бөө шарын шашин 10 мянгатын дэвсгэрт алган дээрээ хөлсөөрөө норгож байхаар нэг удаа чимээгүй сууж бодооч. Ухаанаа ажиллуулаач. Өөрсдийгөө нэг хараа ч. Ямар зүс царайтай болцгоосон бас толгойдоо юутай байгаагаа нэг тодорхойлооч.

90 онд Монголчууд ардчилал нэрийн дор задарсан шүү дээ. Биднийг гаднаас орж ирж бас задалсан. Өнөөдөр задарсан Монгол оронд сайн сайхан биш муу муухай авчирсан гадныхан болон тэдний гар хөл болсон энержигийн нөхдүүд нэгэнт эзэрхийлжээ. Эдийн засаг бүрэн унаж зөвхөн банк санхүүгийн дарангуйлалд оржээ. Эзэрхийлүүлсэн Монгол хүн эзэнгүй болжээ. Хөөрхий Монгол хүн.

Олон жишээг харахад хүчтэй удирдагчтай орнууд хямралаас хурдан гардаг. Жишээлбэл Өмнөд Солонгосын Паак, Сингапурын Ли Куан, Оросын Путин гэх мэт хүмүүс ард түмнээ аварч чадсан. Тэд бас улс орноо хүчтэй орон болгож чадсан. Хүчтэй ерөнхийлөгч гэдэг хүчтэй орон гэсэн ойлголт болжээ.

Монгол орон хэзээ хүчтэй болох вэ? Саяхан эдийн засгийн Форум болж өнгөрлөө. Монголчууд бүтээцгээнэ гэсэн уриатай явагджээ. Юм үзээгүй боловсролын түвшин маруухан улстөрчид болон сайдууд оролцож хүүхэд нохойн доог болсон сурагтай.
Энержигээ хэдэн хүмүүст алдчихсан бас үндэстэн болж чадахгүй яваа Монгол хүн үнэт зүйлээ бас тодорхойлж чадахгүй үнэгүй зүйлүүдээр өөрсдийгөө хуурч 20 жил боллоо. Зарим нөхөд төр болж тоглоно, Их хурал болж тоглоно, улстөрийн нам болж тоглоно. Нэгэнт тоглоом тул булхайдна, залидана, найрна бас наймаалцана.

Ар Монголд нэгдмэл хүчтэй үндэстэн үгүйлэгдэнэ.
 

С.Молор-Эрдэнэ