Ярианы төлбөр хямд,  өргөн сүлжээг хамарсан байдаг, мөн   үндэсний  оператор компани гэдгээр нь  G-Mobile компаниар үйлчлүүлэгчид цөөнгүй бий.

Ялангуяа хөдөө орон нутгийнхан үүрэн телефоны энэ операторыг өргөн ашигладаг. Сүлжээндээ үнэгүй ярих,  минутын төлбөр нь  харьцангуй хямд байдаг гэж өөрсдийгөө сурталчилдаг   G-Mobile компанийн цаана анхаармаар  олон асуудал байна. Тус компанид ажиллаж байсан нэрээ нууцалсан нэгэн ажилтан бидэнд баримттайгаар  дараах мэдээллийг  өгсөн юм.

Юуны өмнө өөрсдийгөө Үндэсний оператор гэж нэрлэдэг  “Жи-Мобайл” ХХК-ийн  гар утасны сүлжээ, систем, техникийн бүхий  л асуудлыг манай өмнөд хөрш Хятад улсын харилцаа холбооны төрийн өмчит ZTE  компани гүйцэтгэдэг  ажээ. Энэ нь  “Жи-Мобайл” ХХК-ийн   компанийн цаана Хятадуудын хөрөнгө оруулалт байна уу гэж хардахад хүргэж байна. “Жи-Мобайл” ХХК-ийн төв оффесийн 4 давхарт бүхэлд нь ZTE  компанийн инженер техникийн ажилчид ажиллаж байгаа бөгөөд “Жи-Мобайл” –ийн сүлжээнд   ямар нэгэн доголдол алдаа гарах,  нэмэлт программ суулгах бүрд эдгээр инженер техникийн хятад ажилчид засвар үйлчилгээг нь хариуцдаг юм байна.

Саяхан дэлхийн хэд хэдэн улс орнууд Хятадын харилцаа холбооны төрийн өмчит ZTE, Huawei компаниуд тэдгээр улс орнуудын үндэсний  орны аюулгүй байдалд эрсдэл учруулж болзошгүй байгааг зарлан  эдгээр компаниас татгалзсан.

“ZTE” компани нь  Филиппин, Уганда, Замби, Кени, Шри-Ланка, Иран гээд хөгжиж буй орнуудад тагнаж туршсан хэрэгт холбогдож байжээ. Тендер авахдаа тухайн улсын эрх баригчдад удаа дараа авлигал өгсөн нь баримтаар нотлогдсон. Энэ хэргээр Филиппиний ерөнхийлөгч ч суудлаасаа огцорч байв.

Мөн Энэтхэг, Норвеги зэрэг орнууд “ZTE”-ийн төхөөрөмжийг яриаг замаас нь тагнадаг гэж хэрэглэхийг хориглож ч байсан. Үүнийг батлах мэт өнгөрсөн оны аравдугаар сард /эх сурвалжийг энд дарж үзнэ үү/ АНУ-ын Конгрессын тагнуулын албыг хариуцсан байнгын хороо БНХАУ-ын цахилгаан холбооны Huawei болон ZTE хэмээх компаниуд АНУ-ын аюулгүй байдалд аюул учруулж байна гэж зарлаж байжээ. Тус хорооноос энэхүү асуудлыг жил шахам судалж гаргасан тайландаа эдгээд компаниудыг цаанаас нь Хятадын Засгийн газар удирддаг бөгөөд үүгээрээ дамжуулж өөр улсуудыг чагнаж тагнадаг гэжээ.

Тухайлбал, Huawei бол цахилгаан холбооны төхөөрөмж нийлүүлдэг хамгийн том компани, тиймээс дэлхийн хамгийн том 50 цахилгаан холбооны компаниудын 45 нь ямар нэгэн хэмжээгээр Huawei-гийн төхөөрөмжүүд ашигладаг.

Энэ төхөөрөмжүүд дээр нууц программ суулгахад дэлхийн ихэнх хүмүүсийг чагнах боломжтой. Huawei-г үндэслэгч нь Хятадын ардын армийн инженер байдаг гэжээ. Мөн Герман улсын бүх их, дээд сургууль болон шинжлэх ухааны байгууллагуудыг хооронд нь холбодог Deutsches Forschungsnetz хэмээх сүлжээнд Huawei-ийн төхөөрөмж ашиглаж болохгүй гээд хорьсон бол Австрали улс ч гэсэн мөн ийм шийдвэр гаргасан хэмээн дурьдсан байна. Харин Монголд салбараа нээсэн ZTE компани нь нийслэлийн Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хороо, Жи мобайлийн байрны дөрөвдүгээр давхарт үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд анх 2004 онд төлөөлөгчийн газраа байгуулжээ.

Нэг хэсэг  “Жи-Мобайл” компани төрийн байгууллагуудтай хамтран ажиллахаар болж  үнэгүй болон хямд үнээр өөрийнхөө сүлжээний дугааруудыг өгсөн байдаг. Ялангуяа төрийн тусгай байгууллагууд болох шүүх цагдаа, цэрэг арми, тагнуул, прокурорын байгууллагуудад  “Жи-Мобайл” өөрийн компанийн 93…. дугаартай, давхар  богино долгионы станцийн үүрэг давхар гүйцэтгэдэг гар утаснуудыг “шахсан” байдаг. Одоо ч  манай улсын хууль хүчний байгууллагын ажилтнууд “Жи-Мобайл”-ийн гар утасны  93…, 98….. –тэй  дугааруудыг барьсан хэвээр байгаа. Ямар албан тушаалтан, ямар дугаарын утас барьж байгаа тухай мэдээлэл  “Жи-Мобайл” ХХК-д байгаа нь ойлгомжтой.  Тэгвэл эдгээр утасны дугаараар дамжуулан  Хятад улсын зүгээс манай улсын иргэд, албан тушаалтнуудын яриаг чагнаж, мэдээлэл авч  байдаг юм биш биз гэсэн хардах сэтгэл  өөрийн эрхгүй төрүүлж байна.

Техник технологийн өндөр хөгжилтэй АНУ, Хятадын харилцаа  холбооны “ZTE” компаниас татгалзсан нь цаана нарийн учиртай биз.  Гэтэл бид улс орныхоо нууцад хамаарах хамгийн чухал байгууллага, албан тушаалтнуудаа “ZTE” компанийн инженерчлэлд суурилсан   “Жи-Мобайл” ХХК-ийг Үндэсний үйлдвэрлэгч хэмээн итгэж сонгоод байгаа нь юуны учир вэ?

“Жи-Мобайл”-ийн дугаартай гар утасны яриаг  шаардлагатай бол хятадууд хянадаг байвал яах вэ?

Хэрвээ  “Жи-Мобайл” ХХК энэ бүхнийг ташаа мэдээлэл гэж байгаа бол олон нийтэд хандан хангаллтай хэмжээнд нотлон харуулах ёстой. Яагаад “ ZTE” компанийн инженер техникийн ажилчид  “Жи-Мобайл” ХХК-ийн  төв оффесийн 4 давхарт байрладагийг тайлбарлах  шаардлагатай болж байна.

Үргэлжлэл бий…

А.Галт

Ugluu-logo17