Улсын онцгой комисс өчигдөр хуралдаж, зарим шийдвэрийг гаргалаа. Энэ удаад уламжлалт баяр болох Цагаан сартай холбоотойгоор зохион байгуулдаг бүх нийтийн арга хэмжээг бүрэн хориглохоор шийдвэрлэв. Урд хөршид коронавирусийн халдвар тархсан, манай улс өндөр эрсдэлтэйд тооцогдож байгаа учраас сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр хугацаанд зогсоосон.

Бүх нийтийн арга хэмжээг хориглох хүрээнд Цагаан сарын бөхийн барилдааныг анх удаа хориглохоор шийдвэрлэлээ. Түүнчлэн Цагаан сарын баярыг гэр бүлийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлэхийг уриалан зөвлөмж гаргав.

 

Үүний хүрээнд төрийн болон нутгийн зөвлөл, албан байгууллага, хамт олны золголт хийхийг хориглолоо. Энэхүү шийдвэрийг хувь хүн төдийгүй бүх шатны байгууллага дагаж мөрдөхийг үүрэг болгосон юм. Онцгой комиссын хуралдааны үеэр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл мэдээлэл өгсөн. Тэрбээр “Манай улсад сэжигтэй 50 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд одоогоор 14 хүнийг ХӨСҮТ-д тусгаарласан. ХӨСҮТ болон ДЭМБ-тай хамтарч Япон улсаас эхний ээлжийн оношлуур авсан учраас оношид эргэлзэх шаардлагагүй. Цаашид ДЭМБ-аас манай улсад 2000-3000 оношлуур олгохоор болсон” гэдгийг онцоллоо.

Х.Цацрал

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин