Кино гэдэг аливаа үйл явдал, утга санааг үзэгчдэд ойлгомжтой, хүртээмжтэй байдлаар киноны хэл рүү хөрвүүлсэн бүтээл. Ийнхүү сайн кино бүтээхэд найруулагчийн ур чадвар голлох үүрэгтэй. Ерээд оны шилжилтийн үеийн дараа алтан үеийнхэн шиг чадвартай найруулагч, жүжигчин зэрэг киноны уран бүтээлчдийн залгамж халаа хэсэгтээ тасарсан.

   Харин 90-ээд оны сүүл болон 2000-аад оны эхнээс авахуулаад дотооддоо төдийгүй гадаад оронд кино урлагийн чиглэлээр суралцагчид нэмэгдсэний дүнд манай кино урлаг эргэн сэргээд байна. Яг энэ үед монголын кино урлагт шинэ үе төрөн гарсны дунд найруулагч Ж.Сэнгэдорж байлаа. Түүнийг телевизийн олон ангит Мөрөөдлийн хөлөг онгоц болон Диваажингаас амьдралд хүрэх зам, Адам, Бодлын хулгайч, Лардьма УСК-ууд, Хоёр ертөнцийн буудал жүжиг зэрэг бүтээлүүдээр нь үзэгчид андахгүй сайн таньдаг болсон.

   Хийсэн бүтээснээрээ хүмүүст танигдана гэдэг амаргүй. Учир нь кино хэмээх уран бүтээлийн эцсийн шүүгчид нь үзэгчид л байдаг. Тиймээс нэг кино хийж үзээд амаргүйг нь мэдэрсэн хүмүүс замын дундаас нь буцах нь энүүхэнд. Харин мэргэжлийн сургууль төгссөн, мөн мэргэжилдээ үнэн сэтгэлээсээ дуртай, уран бүтээл хийх гэж хүсч, шунаж, мөрөөдөж, хөдөлмөрлөж, зүтгэдэг нь хэд байгаа билээ? Ж.Сэнгэдорж бол яг л тийм хүн. Хар багын аавыгаа дагаж урлагтай танилцсан тэр өнөө үеийн монголын шилдэг найруулагчдын нэг яах аргагүй мөн. Тиймээс кинондоо зөвхөн түүнийг урьж ажиллуулах гэсэн уран бүтээлчид олон. Өнгөрсөн онд гарсан Лардьма, 2011 онд бүтээгдсэн Бодлын хулгайч кинонуудыг бодоод үзээрэй.

   Ж.Сэнгэдорж найруулагч одоогоор “Үргээлэг” хэмээх шинэ бүтээл дээрээ ажиллаж байгаа гэсэн. Энэ бүтээлээрээ тэр үзэгчдэд ямар асуулт тавихыг үзэх л үлдлээ.


Та бүхнийг урлагийн тэнгэр ивээг...