Монголын хэвлэлийн эрх чөлөө, ардчилал Мьянмарын сэтгүүлчдэд урам өгчээ
2014/04/04
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын санаачлагаар EBI хүрээлэнгээс зохион байгуулж буй Мьянмарын сэтгүүлчдийн уулзалт-сургалт үргэлжилж байна. Мьянмарын холбооны улсын хамгийн нөлөө бүхий хэвлэл, мэдээлийн хэрэгслүүдийг төлөөлсөн 20 сэтгүүлч уг арга хэмжээнд хамрагдаж байгаа юм.
Мьянмарын холбооны улсын хамгийн нөлөө бүхий хэвлэл, мэдээлийн хэрэгслүүдийг төлөөлсөн 20 сэтгүүлч уг арга хэмжээнд хамрагдаж байна. Тэдний сургалт тав хоног үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд Монгол Улсын ардчиллын туршлага, шилжилтийн үеийн улс төр, нийгэм, эдийн засгийн байдал, ардчилсан, чөлөөт сонгууль явуулж парламентын засаглал тогтоосон, ардчилсан Үндсэн хуулийг баталсан үйл явц, өмч хувьчлалыг хэрхэн зохион байгуулсан, уул уурхайн салбарын хөгжил зэрэг өнгөрсөн 24 жилийн туршлагыг судлахаас гадна шүүхийн шинэтгэл, мөнгө санхүүгийн бодлого, эрүүл мэнд, боловсролын тогтолцоо, хэвлэлийн эрх чөлөө зэргийн өнөөгийн байдлын талаар лекц сонсч, харилцан ярилцах юм.
Уулзалт- сургалтын үеэр Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат анхны ардчилсан Үндсэн хууль, анхны ардчилсан чөлөөт сонгуулийн талаар, МСЭ-ийн ерөнхийлөгч Б.Галаарид, “Глоб интернэшнл” ТББ-ын тэргүүн Х.Наранжаргал, Монголын ардчилсан хувьсгалын анхдагчдын нэг, сэтгүүлч С.Амарсанаа нар тэдэнд Монгол Улс дахь хэвлэлийн эрх чөлөө, хараат бус хэвлэл, мэдээллийн талаар, Ерөнхий прокурор Д.Дорлигжав, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун нар өмч хувьчлал, зах зээлийн эдийн засаг, үнийн бодлогын асуудлаар лекц уншиж, харилцан ярилцсан юм.
Харин энэхүү сургалтыг EBI хүрээлэнгээс зохион зохион байгуулж байгаа бөгөөд
EBI хүрээлэнгийн захирал Ш.Батцэцэг сургалтын талаар: “Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар Ерөнхийлөгчийн Тахмгын газар, EBI хүрээлэн хамтран Мьянмарын сэтгүүлчдэд сургалт зохион байгууллаа. Мьянмарт мөн л 24 жилийн өмнө ардчиллын хөдөлгөөн өрнөсөн. Гэвч Мьянмарт ардчилал удаашралтай байгаагийн шалтгаан нь цэргийнхэн хэт их эрх мэдэлтэй, ард иргэд дотроо эв нэгдэл тааруу байгаатай холбоотой юм байна гэдгийг сэтгүүлчид ойлгож авснаараа сургалт их ач холбогдолтой боллоо. Хэвлэлийн эрх чөлөөний хуульгүй, иргэд хуулийн хүчирхийлэл дор байдаг юм байна.
Сургалтаас харахад монголчууд бусдад үлгэрлэх, хэлэх ярих сайн туршлага хуримтлуулж чадсан байна. Илтгэгчид болоод сэтгүүлчдийн дунд нээлтэй халуун яриа өрнөж байлаа. Ямар ч гэсэн ардчиллын шинэ боломж, бололцооны талаар мэдлэг хуримтлуулж, богц дүүрэн буцах гэж байна.
“Монголчууд биднийг онгоцноос буухад бүтэн сар мишээж байгаа юм шиг халуун дулаан угтаж авсан. Танайхныг харахад халуун дулаан сэтгэлтэй, гудамжаар яваа хүмүүс нь эрүүл чийрэг, харц дээгүүр, өөртөө итгэлтэй явдаг хүмүүс юм байна. Монголчууд ирээдүйдээ итгэлтэй, их зоримог хүмүүс юм” гэж мьянмарчууд хэлцгээж байгаа” гэдгийг онцлов.
Уг сургалт өнөөдөр өндөрлөж байгаа бөгөөд энэ үеэр сэтгүүлчдээс цөөн зүйл тодрууллаа.
Мьянмарын Ардчиллын төлөө Үндэсний Лиг намын Мэдээллийн хорооны гишүүн, төлөөлөгчдийн тэргүүн Хтин Лин Үү: Сургалт бидэнд их урам зориг өгч сайн туршлага боллоо
- Байрлаж байгаа буудлаасаа сургалт болж байгаа газрын хооронд явахад Монголчууд их залуу, эрч хүчтэй, идэвхитэй, өөртөө итгэлтэй хүмүүс гэдгийг анзаарлаа. Төрийн ордонд ирээд, төрийн өндөр албан тушаалтай хүмүүсээр хичээл заалгаж, ардчилалын талаар сонсоход таатай байлаа. Сургалтад ирж лекц уншсан хүмүүс нь бүгд салбартаа тэргүүлэгчид байсан бөгөөд энгийн тодорхой, ойлгомжтой заасанд баярлаж байна. Сургалт бидэнд их урам зориг өгч сайн туршлага боллоо. Монголчууд ардчиллаа их сайхан дэмжиж хөгжүүлдэг юм байна. Монголд хэвлэл нь их чөлөөтэй юм. Мьянмарт зөвхөн Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл боловсруулах гэж асар их удаж байгаа. Одоо ч гүйцэд боловсруулж амжаагүй байна. Мэдээлэл хаалтай. Сэтгүүлчдийг хэзээ л бол хэзээ барьж хорьдог. Монголд хэвлэлийн эрх чөлөө их сайн байгаа нь бидэнд сайхан туршлага болно гэдэгт итгэлтэй байна. Монголоос их зүйл сурлаа гэлээ.
Мьянмарын “Voice” өдөр тутмын сонины сэтгүүлч Аунг Бо Бо Шейн: Монголоос суралцах зүйл их байна
-Монголоос суралцах зүйл их байна. Монголын ардчилал маш сайхан хөгжиж байгаа юм байна. Мьянмарын хувьд 1940-өөд онд, Азийн орнуудаас нэлээд түрүүлж ардчиллын замыг сонгосон боловч 1962 онд цэргийн дэглэмд шилжиж социалист нам эрх барьсан. Түүнээс хойш цэргийн дэглэмтэй явж байгаад 1988 онд ардчиллын төлөө иргэдийн бослого гарсан боловч 1989 онд дахин цэргийн хатуу дэглэмд шилжсэн. Түүнээс хойш 20 гаруй жил өнгөрч байна. 2010 оны сонгуулиар хатагтай Ан Сан Су Чи зэрэг ардчилагчид ялалт байгуулсан ч цэргийн дэглэмтэй хэвээр байна. Эрх баригчдын 25 хувь нь цэргийнхэн байдаг. Иргэд, иргэний нийгмийн төлөөлөл маш бага. Шүүх, хуулийн байгууллага нь төрөөс хараат. Гэвч бид ардчилал тогтоохын төлөө чадах хэрээрээ хичээж байгаа.
Мьянмарт хэвлэл мэдээллийн эрх чөлөө хязгаарлагдмал байдаг. Сурвалжлага хийхэд маш бэрхшээлтэй, төрийн байгууллага, төрийн албаны хүмүүсийн мэдээлэл хаагдмал байдаг. Шүүхийн салбарын талаар мэдээлэл авахыг бүрмөсөн хориглодог. Хэвлэл, мэдээллийн байгууллага байгуулж бүртгүүлэхэд хүндрэлтэй. Дотоод хэргийн яам, Мэдээллийн яам зэрэг хэд хэдэн яамаар дамжиж бүртгүүлдэг. Хэдийгээр олон хэвлэл мэдээллийн байгууллага байдаг ч ихэнх нь төр, бизнесийн мэдэлд байдаг. Тэд зөвхөн өөрсдийн эрх ашгийн үүднээс мэдээлэл түгээлгэдэг. Хувийн хэвлэл мэдээллийн байгууллагыг санхүүгээр шахаж хавчдаг. Сэтгүүлчдийг ямар нэг шалтгаангүйгээр барьж хорих нь түгээмэл.
Монголын хувьд төрийн өндөр албан тушаалтан дунд сэтгүүлч мэргэжилтэй хүн элбэг байдаг юм байна. Тэд сэтгүүлзүй ямар чухал салбар болохыг мэддэг тул энэ салбарыг чухалчилж үзэж, анхаарал тавьдаг нь харагдлаа. Монголд шүүх, цагдаа, хуулийн байгууллагын мэдээлэл ил тод, чөлөөтэй байдаг юм байна. Монгол Улс Эрүүгийн хуулиа өөрчлөн Гэмт хэргийн тухай хууль болгож байгааг сонсч мэдлээ. Сэтгүүлчдэд бусдын нэр төрд халдсан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэдэг байсныг иргэний маргаан болгон өөрчлөх гэж байгааг сонсоход таатай байна. Сэтгүүлчдийн ТББ олон байдаг юм байна. Монголын туршлага бидэнд маш их хэрэгтэй зүйлийг хэлж өгсөнд талархаж байна.
Дашрамд дурьдахад Мьянмар улсад хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг боловсоруулах, өргөн барихад ихээхэн хугацаа алдаж байгаа ажээ. Үүгээр ч зогсохгүй тус улсад хэвлэлийн эрх чөлөө гэсэн ойлголт байхгүй гэж хэлж болох бөгөөд бичсэн нийтлэл, мэдээллийнх нь төлөө дөрвөн сэтгүүлчийг энэ онд баривчилжээ. Тодруулбал улсын обектын зургийг авч, мэдээлэлдээ ашигласан нь улсын нууц задруулсан хэрэгт ял тулган ы 17-20 жилийн ял төлөвлөөд байгаа гэнэ. Энэ мэтээр олон асуудал байдаг бөгөөд манай улсаас туршлага хуримтлуулж байгаадаа Мьянмарын сэтгүүлчид таатай байгаагаа дуулгалаа.
А.Баярмаа