Дархлаажуулалтын 22 нэгжийг шинээр нээн үйл ажиллагааг явуулж эхлээд байна
2013/10/12
Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 108 дугаар тогтоолоор батлагдсан Халдварт өвчинтэй тэмцэх үндэсний хөтөлбөр, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын 2011 оны 1а/44 тоот “Хүүхдэд үзүүлэх эрүүл мэндийн туламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах” ажлын хүрээнд БЗД-ийн 28-р хороо Хужирбулангийн “Ерөөл буян оршихуй” өрхийн эрүүл мэндийн төвд дархлаажуулалтын шинэ цэг өнөөдөр нээгдлээ.
Тус үйл ажиллагаанд Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа, ДЭМБ-ийн дархлаажуулалт хариуцсан мэргэжилтэн Д.Содбаяр, НЭМГ-ийн мэргэжилтэн Амарзаяа, Нарантуяа, ХӨСҮТ-өөс Д.Нямхүү, Г.Сүрэнханд, Д.Гантулга, Ч.Уртнасан, БЗДЭМН-ийн дарга Б.Ганбат болон бусад холбогдох мэргэжилтнүүд оролцлоо. Мөн үйл ажиллагаанд харьяа хорооны иргэдийн төлөөлөл хүрэлцэн ирсэн юм.
Салбарын дэд сайд тус үйл ажиллагааны үеэр “Сум дүүрэг бүрт хүрч үйлчилье стратегийн хүрээнд, Улаанбаатар хотын ёсөн дүүрэгт дархлаажуулалтын 22 нэгжийг шинээр нээж үйл ажиллагааг явуулж эхлээд байна. Энэ нь ард иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг ойртуулах, дархлаажуулалтанд хүүхэд бүрийг хамруулах, өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааг бэхжүүлэх ач холбогдолтой юм. Шинээр нээгдсэн нэгж бүрийг 20-н нэр төрлийн тоног төхөөрөмжөөр хангасан юм. Мөн ажиллах вакцинатор сувилагчийг сургалтанд хамруулан мэргэшүүлсэн бөгөөд цаашдаа ч бид дархлаажуулалтын тал дээр улам анхаарч ажиллах болно” хэмээсэн юм.