Бензиний үнэ ирэх долоо хоногт дахин 50 төгрөгөөр буурна
2020/04/15
Ашигт малтмалын газраас өгсөн мэдээлэлд "Өнгөрсөн долоо хоногт олон улсын томоохон биржүүд дээр нэг тонн түүхий газрын тосны үнэ 177.3-245.2 ам.доллар буюу баррель нь 22.72-32.27 ам.доллар ($)-ын хооронд хэлбэлзсэн байна.
2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 37 хоногийн газрын тосны бүтээгдэхүүнии нөөцтэй байгаа бөгөөд үүнээс А-80 автобензин 86, Аи-92 автобензин 31, дизелийн түлш 36, ТС-1 онгоцны түлш 13 хоногийн нөөцтэй байна.
Импортлогч компаниудын энэ сарын шатахуун тээвэрлэгдэн ирсэн өдрөөс эхлэн үнэ буулгах үүрэг чиглэл Ашигт малтмал, газрын тосны газраас өгчээ. Энэ дагуу өнгөрсөн өдрүүдэд шатахуун түгээх станцууд бүтээгдэхүүнийхээ үнийг хямдрууллаа. Импортлогчид өргөн хэрэглээний АИ-92 төрлийн шатахууны үнийг 300 төгрөгөөр бууруулсан байна. Уг төрлийн шатахууны үнийг ирэх 20-ноос дахин 50 төгрөгөөр бууруулна гэж Ашигт малтмал, газрын тосны газрынхан мэдээлэв. Ингэснээр энэ төрлийн шатахууны үнэ хамгийн өндөр дүнгээр хямдрах аж. Өчигдрийн байдлаар А-80 маркийн шатахууны үнийг түгээх станцууд дунджаар 1720-оос 1700, АИ-92-ыг 1795-аас 1495, дизель түлшийг 2470-аас 2165 төгрөг хүртэл хямдруулан, худалдаж эхэллээ.