Өнөөдөр “Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр” тохиож байна. НҮБ-ын Ерөнхий ассамблейн шийдвэрээр 1993 онд жил бүрийн тавдугаар сарын 3-ны өдрийг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр болгон 1994 оноос тэмдэглэсээр ирсэн юм.

Энэ өдөр хэвлэлийн эрх чөлөөний ач холбогдлыг олон нийтэд сурталчлан ойлгуулах, улс орнуудын төр, засагт иргэд олон нийтийн үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хүндэтгэх үүргийг сануулах, мөн ажил үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн салбарын ажилтнуудыг дурсан хүндэтгэдэг юм.

Энэ өдрийг Монгол Улс “Айдас үгүй, Зусар үгүй сэтгүүл зүй” уриа дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Хил хязгааргүй сурвалжлагчид олон улсын байгууллагын гаргасан судалгаагаар Монгол улс энэ жил Хэвлэлийн эрх чөлөөгөөр дэлхийн 180 улсаас 73 дугаар байранд жагсч, өмнөх жилийнхээс гурван байраар ухарлаа. Үүнд зөрчлийн хуулиар шийтгүүлсэн хүмүүсийн дийлэх нь сэтгүүлчид байсантай холбоотой хэмээн Глоб Интернэйшнл төвөөс мэдээлж байна.