Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэнгийн захирлыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
2020/05/28
Өчигдөр /2020.05.27/ Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн талбайн урд хэсэг, Туул гол дагуух Маршалын гүүрнээс зүүн тийш орших “Хан талст” ХХК-ийн зөвшөөрөлгүй газарт барилгын ажлаас үүдэлтэй усан толионд өсвөр насны дөрвөн хүүхэд эндэж, амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тавдугаар сарын 10-ны өдөр тухайн газарт очиж ажиллан, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд баригдаж байгаа дугуйн замын ажлыг шалгах явцдаа зөвшөөрөлгүй барилга барьж байсан “Хан талст” ХХК-ийн үйл ажиллагааг шалгах Ажлын хэсэг байгуулах шийдвэр гаргаж байв. Энэ дагуу ажлын хэсэг байгуулагдаж, тухайн газарт хяналт шалгалт хийсэн ажлын хэсгийн үр дүнгээ тавдугаар сарын 21-ны өдрийн Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар танилцуулсан юм. Шалгалтаар “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын эргэн тойрон дахь газруудад зөрчил дутагдал маш ихээр илэрсэн учраас тухайн компанийн үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргасан байдаг.
Нийслэлийн Засаг даргын зүгээс болон НЗДТГ-аас, мэргэжлийн байгууллагуудын зүгээс удаа дараа хяналт шалгалт хийж, үйл ажиллагааг нь зогсоох албан шаардлагуудыг хүргүүлэн, зөрчил арилгах хугацаатай мэдэгдэл өгсөн байтал өчигдөрийг хүртэл Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн талбайд зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан “Хан талст” ХХК-ийн үйл ажиллагаанд хяналт тавиагүй, үйл ажиллагааг нь зогсоох арга хэмжээ авч ажиллаагүй, аюулгүй ажиллагааны журмыг баримталж ажиллаагүй зэрэг үндэслэлээр Хотын дарга С.Амарсайхан өнөөдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирал С.Эрдэнэтуулийг үүрэг ажлаас нь чөлөөллөө.
Дашрамд дурдахад Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд анх газар олгох зөвшөөрлийг 2014 оны 6 сард тухайн үеийн Хотын дарга Э.Бат-Үүл гаргаж байсан бөгөөд үүний дагуу Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн газраас наран шарлагын цогцолбор төслийг хэрэгжүүлэхэд зориулалтаар “Хан Талст” компанид 3.3 га газрыг ашиглуулахаар шийдвэрлэж байжээ.
зочин · 2020/05/29
Ум ма ни бад ми хум. Амьдрал мэдэхгүй тэжээвэр юмнууд энэ тэнд очиж дарга хийх дуртай хараа хяналтаа тавьж хашлага хаалт хийлгэх нь яаасан дурак вэ.Энэ нэг юмны оронд арай настай наад цаадахаа мэддэг хүн байсан бол нас, туршлага нь хаа билээ.Албан тушаалд тавиас дээш насны хүн тавьж бай.
Зочин · 2020/05/28
хүннү · 2020/05/28
Та нар одоо болиоч дээ, энэ эмэгтэй нүх ухсан юмуу? Хотын эвэртэнгүүд бүгд л Хан Талст гэдэг компаны үйл ажилгааг зогсоох нь яасан юм. Одоо болхоор 4 хүүхдийн амийг авчаад сэрж гэнэ. Амарсайхан чи бас чөлөалөгдөх ёстой бусуу? НМХГ- ын дарга мөн ажлаа өг л дөө. Үгүй бол жинхэн эзэн нь амьд байгаа шүү дээ. Бат-Үүл байгаа биз дээ, Хэнтийд байна уу тэр нөхөр.
Бат-Үүлийн гай байна · 2020/05/28
Тэр шийдвэрийг Бат-Үүл гаргасан юм бол яах аргагүй буруутай. Гай нь барагдахгүй юм аа. Тэр хашааныхаа газрыг чөлөөлчихөөд одоо орох оронгүй болсон иргэдийг хар. Иргэдээрээ тоглож дуусахгүй юм аа.