Манай улсын хэмжээнд 1562 төрлийн 3400 орчим тонн чанаргүй химийн бодис агуулагдаж байгаа гэх айдаст мэдээг албаны хүмүүс дуулгав. Гэхдээ энэ нь зөвхөн албаны тоо. Түүний цаана шалгалтад хамрагдаагүй хэчнээн тонн химийн бодис ашиглалтын хугацаа нь дууссан, чанаргүй, хэчнээн мянган хүний амь, байгаль дэлхийг сүйрүүлж мэдэхээр хор болж, аль агуулахад хадгалагдаж байгааг мэдэх арга үнэндээ алга. Химийн бодисын нөлөө, хор уршгийг бид амсаагүй биш амссан. Иргэд хохироогүй биш хохирсон. Хадгалалтын горим зөрчигдөж, буруу хадгалж ашигласнаас үүдэн сүүлийн жилүүдэд гарсан  хор хөнөөлийн зарим баримтыг дурдъя.

1. (Сэлэнгэ аймаг Баянгол сум 23 настай Г) Баянгол сумын Бор толгой гэдэг газарт 2000 оноос хойш гар аргаар алт олборлосон. Энэ сарын эхээр хүүхэд нь төрөхдөө битүү бөгстэй, сэтэрхий уруултай мэндэлж, 30 орчим минутын дараа нас барсан.

2. Өмнөговь болон Баянхонгор, Дархан-Уул аймагт төрөлхийн гажиг, эмгэгтэй хүүхэд төрөх үзэгдэл 2007 оноос хойш эрс нэмэгдсэн.

3. 2009 онд мөнгөн ус буруу хэрэглэснээс болж гар аргаар алт олборлодог таван хүн нэг дор амиа алдсан.

4. ДЭМБ-ын судалгаагаар жилд 35.000-аас илүү тооны 15- аас доош насны хүүхдүүд ямар нэгэн байдлаар химийн хорт бодисын нөлөөгөөр амь насаа алддаг. Түүнээс олон хүүхэд химийн бодисын хурц болон архаг хордолтод өртөн, зовж шаналж байдаг.

5. Идэж, хэрэглэж байгаа зүйлүүдэд агуулагдаж буй химийн бодисын нөлөөгөөс жилд 3000 гаруй хүн шинээр хорт хавдартай болж, энэ тооны хүн хорт хавдрын улмаас амиа алдаж байна.

6. 2007 оны улсын шалгалтаар говийн бүсийн инженерийн болон гар хийцийн 54 худагт шинжилгээ хийхэд 51 нь химийн бодисоор бохирлогдсон болох нь тогтоогдсон байдаг.

7. ЭХЭМҮТ-ийн хүүхдийн эмч М.Эрдэнэбаатар “Ахуйн хий болон бусад бодист хордсон хүүхэд өдөрт дунджаар 9-11 ирдэг. Энэ нь манай улсын химийн аюултай бодис болон бусад бодисын хяналт маш сул байгааг харуулдаг. Ялангуяа ахуйн хэрэглээний химийн бодисын хор хөнөөл бага насны хүүхдийн өвчлөлийн гол үндэс болоод байна. Цаашлаад бүх төрлийн хавдрын үүсэл нь химийн хорт бодис” гэж байв.

8. 2013 оны арванхоёрдугаар сард Баянзүрх дүүргийн 48 дугаар сургуулийн зургадугаар 33 сурагчийн 21-ийнх нь бие дээр гэнэт тууралт гарч, үе мөчөөр хүчтэй хатгуулан, булчин нь өвдөж, бөөлжих шинэ тэмдэг илэрсэн тул сургуулийн удирдлагууд ХӨСҮТ-д яаралтай дуудлага өгсөн байна. Сурагчдыг химийн бодисоос шалтгаалсан хордлогоор өвдөж байгааг эмч шинжээчид тогтоосон юм

9. 2016 оны нэгдүгээр сарын 10- нд Сүхбаатар аймагт Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн 15 настай эмэгтэй Ц, М нарын оюутан сургуулийнхаа байранд химийн бодист хордсон байдаг. Тэд натри гидрогсид гэх бодисыг химийн багшдаа үзүүлэхээр авч явах замдаа асгаж, өөрсдөө хордон бие нь эвгүйрхсэн тухай мэдээлж байсан.

10. Сонгинохайрхан дүүргийн XXXII хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Гранд повер” ХХК-ийн Нүүрсний хийн үйлдвэрт 11 иргэн хорт хийнд хордсон хэрэг өнгөрсөн арванхоёрдугаар сард гарсан. Ослын улмаас “Хий дамжуулах хоолойн худаг”-т засварлах ажлаар орсон гагнуурчин Ө, инженер Л, нярав Б нар ил харагдах гэмтэл шархгүй хордож угаартсан байдалтай нас барсан байсан юм. Үлдсэн найман иргэнд эмнэлгийн тусламж үзүүлж, хэвтэн эмчлүүлэх шаардлагатайг нь эмнэлэгт хэвтүүлсэн юм.

Тус объектыг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн онцгой байдлын газраас шалгахад агаарт H2S 16 хувь, органик уур 64 хувь байсан бөгөөд “Аюултай нөхцөл” үүссэн байдаг. Энэ бол бидэнд мэдэгдсэн химийн бодисын хор хөнөөлийн ердөө хэдхэн жишээ. Үүнээс гадна жил ирэх тусам ургийн гажиг, эмгэг нэмэгдэж, эрүүл эхээс элдэв өвчтэй хүүхэд гарах болсон нь химийн хорт бодисын шууд нөлөө гэдгийг эрүүл мэндийн салбарынхан батлан ярьж буй. Химийн бодисын нөлөө өөрт нь биш гэхэд үр удамд нь дамждагийг Японд болсон минаматагийн жишээ тод харуулна. Тэнд зөвхөн мөнгөн усны буруу хэрэглээнээс үүдэлтэй хордлогоос болж олон мянган хүн хорвоог орхисон байдаг. Өнөөдөр ч түүний уршгаар олон мянган хүн төрөлхийн саажилт, гажиг, эмгэг, саатлаасаа болж шаналж байна.

МИНАМАТАД ЮУ БОЛСОН БЭ

Японы Кумамото мужийн Минамата хотын иргэд баяр хөөрд умбасан байлаа. Энэ бол 1932 он. Учир нь тус хотод “Chisso” хэмээх химийн үйлдвэр ашиглалтад орсон нь Япондоо хамгийн томд тооцогдож, тус хотын бараг өрх бүрээс нэг хүн уг үйлдвэрт ажиллах болж, хотын төсөвт орох мөнгөн дүн ч нэмэгдсэн явдал баярлах шалтгаан байжээ. Оюутолгой, Тавантолгой хэмээн эдүгээ хөөрцөглөж буй бидний нэгэн адил л япончууд, тэр тусмаа Минаматагийн оршин суугчид баярлаж байсан нь тэр. Гэтэл хэдхэн жилийн дараа тус хотын оршин суугчдыг гамшиг дайрсан юм. Муур, нохой гэнэт л татвалзан үхэж, шинээр төрж буй нярай нүдгүй, гаргүй, дотор эрхтэнгүй гарах тохиолдол олширсон юм. Тухайн үед хотын эрх баригчдын өгч байсан тайлбар яг манайхантай төстэй.

Тэд "Минаматагийн иргэдийн дунд цус ойртсон гэрлэлт олширсонтой холбоотой" хэмээн хэвлэлээр мэдэгдэж байлаа. Гэвч эмгэг улам газар авсаар 1950 он гэхэд л шалтгааныг нь олж тогтоосон ч маш их хохирол амссан байв. Нөгөө бахархал болсон “Chisso” үйлдвэр нь мөнгөн усаар хордсон 27 тонн хог, хаягдлыг далайд хийснээс болж ийм аюул япончуудыг нөмөрсөн байжээ. Ийнхүү олон зуун хүний амь насыг авч одсон “Минаматагийн өвчин” хэмээх нэр томъёо анх гарч ирсэн байдаг. Хордсон хүмүүсийн үхэл гуч гаруй жил үргэлжилсэн юм.

Эдүгээ ч 3000 гаруй хохирогч Японы Засгийн газар, Эрүүл мэнд, Байгалийн яамны хяналтад эмчлүүлсээр буй гашуун туршлагыг дэлхий нийт мартаагүй, сэрэмжилсээр буй цаг. Эдүгээ Японд дампууръя гээд ч дампуурч болдоггүй ганц компани гэвэл “Chisso”. Учир нь, Засгийн газраас нь байдал хүндрээд ирмэгц л уг компанид зээл олгодог агаад үйл ажиллагаанаас нь олсон орлогыг “Минаматагийн өвчин”-д нэрвэгдэгсдийн хохирлыг барагдуулахад зориулдаг. Байгаль орчинтой зүй бусаар харьцаж, орчноо химийн болон хүнд хортой металлаар хордуулж, хэт мөнгө хөөж улайрах нь ямар байдалд хүргэдгийг хүн төрөлхтөнд Минаматагийн хар сүүдэр өдгөө ч сануулсаар байгаа. Ийм зүйл манайд ч болохгүй гэх баталгаа байхгүй.

Алт гарч буй ам бүрийн үүдэнд хүмүүс их бага хэмжээгээр мөнгөн ус хэрэглэж, түүндээ хордож байна. Түүнээс үүдэн гар аргаар алт олборлогчдын үр удам элдэв гажиг, эмгэгтэй төрөх болсныг албаны эх сурвалжууд өгүүлдэг. Өмнөговь аймагт л гэхэд цээжний хөндийд байх ёстой хүний зүрх гадна талдаа хоолойгоор нь гараад ирсэн, хэвлий нь задархай, бүдүүн, нарийн гэдэс нь тэр чигээрээ гоожсон, хөл гарын хуруу байхгүй, хоёр нүд нь шанаан дээрээ, эс бөгөөс уруул, тагнайгүй гээд хүүхэд төрөх болж, аймгийн эмч нар нь аргаа баран “Жирэмсэн болохоор төлөвлөж байгаа бол мөнгөн ус, алт ухаж, олборлож байгаа газраас тодорхой хугацаагаар холд. Тэр хэрээр эрүүл хүүхэд төрөх магадлал ихэснэ” хэмээн нутгийнхандаа учирлаж суугаа гэсэн.

Энэ бол минаматагийн хар сүүдэр Монголд хэдийнэ бий болж, чимээгүй “авлаж” эхэлсний том баримт яах аргагүй мөн. Гэвч бидэнд хорт бодисын эсрэг, хамгийн наад захын мөнгөн усны замбараагүй хэрэглээг хязгаарлахаар авч байгаа бодит арга хэмжээ гэхээр зүйл бараг алга. Хууль, тогтоомжийн хүрээнд бэлгэдэл төдий шалгаж, даалгавар өгсөөр байгааг мэргэжлийн аль ч байгууллагын судлаач, эрдэмтэн, мэргэжилтэн хэлэх нь тодорхой.

ТАВАН ЖИЛИЙН ХУГАЦААНД 509 ХҮН ЭМНЭЛЭГТ ХЭВТЭЖ, 21 ХҮН АМИА АЛДЖЭЭ

Өнгөрсөн таван жилд химийн хүчил, шүлтээр 213, угаарын хийн хордлогоор 118, нитритийн хордлогоор 55, фосфат, цайрын хордлогоор 43, бусад төрлийн химийн бодисоор 80 хүн тус тус хордож, 509 хүн эмнэлэгт хэвтэж эмчлүүлснээс 21 нь нас барсан гэсэн албаныхны мэдээлэл байна. Түүнчлэн Монгол Улсад хэрэглэж байгаа химийн бодисын хүний эрүүл мэндэд нөлөөлөх нөлөөллийг тогтоох чиглэлээр судалгаа, шинжилгээний ажлыг ЭМЯ-ны захиалгаар эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагууд гүйцэтгэсээр ирсэн. Үүний нэг нь мөнгөн усны бохирдол тодорхойлохоор ДарханУул аймгийн Хонгор сум, Төв аймгийн Борнуур, Жаргалант, Баянхонгор аймгийн Баян-Овоо сум, Өмнөговь аймагт долоон удаагийн судалгаа хийсэн байна. Судалгаанд дээрх аймаг, сумаас 358 иргэнийг түүвэрлэн хамруулж, цус, үс, шээсэнд нь мөнгөн ус байгаа эсэхийг тодорхойлох дээжийн шинжилгээ хийжээ. Судалгаанд хамрагдагсдын 21.5 хувь нь түгшүүр төрүүлэх хэмжээнд, 5.02 хувь нь хордлогод арга хэмжээ авах түвшинд байсан аж. Тиймээс мөнгөн ус болон бусад хүнд металлын хордлогын оношилгоо, эмчилгээний стандарт боловсруулж, хордлогод өртсөн хүмүүсийг эмчлэн эдгэрүүлэх ажлыг эхлүүлээд байгаа аж.

ЧАНАРГҮЙ ХИМИЙН БОДИСОО УСТГАХ ГАЗАР БИЙ БИЛ ҮҮ

МХЕГ-аас хожимдсон ч гэлээ чанаргүй химийн хорт бодисын шалгалтын дүнг мэдээллээ. Тус мэдээлэлд “Нэгдсэн удирдамжийн дагуу хийгдсэн хяналт шалгалтад 21 аймаг, нийслэл, сум, дүүргийн хэмжээнд химийн хорт болон аюултай бодисын импорт, экспорт, хил дамжуулан тээвэрлэлт, худалдаа, ашиглалт, зарцуулалт, хадгалалт, тээвэрлэлт, устгалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй үйлдвэр, үйлчилгээний газрууд, уул уурхай, арьс ширний үйлдвэрүүд, судалгаа шинжилгээний төвүүд, их, дээд, ерөнхий боловсролын сургуулиудийн химийн лабораториуд зэрэг нийт 572 аж ахуйн нэгж, байгууллага хамрагдаж, 2288 нэр төрлийн химийн бодис бүртгэгдэж, 86287.5 тонн үлдэгдэл нөөцтэйгээс 1562 нэр төрлийн 3326 тонн химийн бодис чанарын шаардлага хангахгүй байгааг тогтоолоо.

Тиймээс 73 аж ахуйн нэгж, байгууллагад 371 заалт бүхий 118 улсын байцаагчийн албан шаардлага, 29 заалт бүхий 16 акт, 17 дүгнэлт гаргаж, хяналт шалгалтаар 3.140.000 төгрөгийн торгууль ногдуулсан. Цаашид Архангай, Завхан, Хөвсгөл, Булган, Говь-Алтай аймаг, нийслэлээс шалгалтын явцад илэрсэн нэр хаяг тодорхойгүй, хугацаа дууссан химийн бодисуудын бүртгэл судалгааг нарийвчлан гаргаж, ажлын хэсэг томилон устгах ажлыг зохион байгуулахыг улсын байцаагчдад даалгасан” гэв. Хэдийгээр үүрэг даалгавар өгсөн ч хамгийн чухал нь 3400 орчим тонн чанаргүй химийн бодисыг бид хаана устгах вэ. Дээрх асуулт хүн бүрийн сэтгэл зовоосон зүйл гэдэгт итгэлтэй байна. Учир нь манайд химийн хорт бодис бүү хэл хог хаягдлаа төвлөрүүлэх нэгдсэн цэг ч байдаггүй билээ. Тэгэхээр чанаргүй, хугацаа нь дууссан химийн хорт бодисыг хүмүүсийн хэрэглээнээс хаслаа гэхэд байгаль орчинд хор хөнөөлтэй байдлаар устгалд оруулах уу, устгах цэгтэй болтлоо нөөцөлж хадгалах уу гэдэг бас асуудал юм.

ГЭВЧ ХИМИЙН БОДИСЫН ИМПОРТ НЭМЭГДСЭЭР

4720 хүн тутамд ямар нэг химийн бодис ашиглаж, хэрэглэдэг нэг аж ахуйн нэгж, байгууллага ногдож байна. Импорт нэмэгдэх тусам бид химийн хорт бодисын аюул заналхийлэлд улам бүр орно гэсэн үг. Монгол Улсын Засгийн газрын 2006 оны 296 дугаар тогтоолоор бүх боомтоор химийн бодис оруулахыг хязгаарласан. Улмаар Дорноговь аймаг дахь Замын-Үүд боомт, Сэлэнгэ аймаг дахь Алтанбулаг боомт, Сэлэнгэ аймаг дахь Cүхбаатар боомт, “Чингис хаан” олон улсын нисэх буудлын хилийн шалган нэвтрүүлэх боомт, Дорнод аймаг дахь Баянхошууны боомт, Сүхбаатар аймаг дахь Бичигтийн гэсэн зургаан боомтоор химийн бодисыг оруулахыг зөвшөөрсөн. Гэхдээ хүний эрүүл мэндэд хортой, байгаль орчинд сөрөг нөлөөтэй, мал амьтан хордуулах шууд үхэлд хүргэх, галт зэвсэг үйлдвэрлэхэд хэрэглэдэг 83 нэр төрлийн химийн бодисыг улсын хилээр оруулахыг зөвшөөрдөггүй. Гэсэн ч химийн бодисын импортын хэмжээ жилээс жилд нэмэгдсээр байна.

Дэлхийд ашиглагдаж байгаа 11 сая орчим нэр төрлийн химийн бодисоос 10 мянга гаруй нь хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлдэг гэх. Химийн бодисын үйлдвэрлэл сүүлийн 70 жилд нэг саяас 400 сая тонн болтлоо өссөн нь химийн бодисын хэрэглээ хэр хэмжээнд байгааг харуулж байна. Өнөөгийн байдлаар Монгол Улсад нийт 4200 гаруй үндэсний стандарт хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Үүний 5.2 хувь буюу 218 нь химийн бодисын холбогдолтой стандарт. MNS 4992:2000 стандарт нь химийн бодис, түүний түүхий эд, хагас боловсруулсан болон бэлэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, хэрэглэх, хадгалах бол он тэдгээрийг агуулсан хорт хаягдалд хамаарч, аюулгүй ажиллагааны ерөнхий шаардлагыг тогтоодог ч хэзээ ч хэрэгжиж байгаагүй олон зуун стандартын нэг юм.

Тиймээс ч химийн хорт бодист хамаардаг хүний эрүүл мэнд, байгаль орчин, мал амьтанд хортой нөлөө үзүүлэх, улмаар мөхөлд хүргэх үйлчилгээтэй химийн бодис, бэлдмэлүүд улсын хилээр ил далд ямар нэг хэлбэрээр оруулж ирсээр л байна. Үүнийг холбогдох газрууд мэддэг ч ам ангайдаггүй талаар олон хүн хэлдэг. Хамгийн чухал нь хяналтын байгууллагууд шат шатандаа цаас “үйлдвэрлэж” суух хооронд чанаргүй химийн бодисоос өөр юу монголчуудын амь насанд “заналхийлж” байгаа бол. Бид бодлого, шийдвэр гаргагчдыг химийн хорт бодис устгах цэг байгуулах тухай ярилцахыг, яг хэдий хэмжээний чанартай, чанаргүй химийн бодис Монголд байгааг тодруулахыг, дүнгээ үнэн бодит танилцуулахыг эцэст нь ямар шийдвэрт хүрэхийг хүлээхэд хэр хугацаа хэрэгтэй бол. Химийн хорт бодисын хар сүүдэр Монголыг бүрхэж эхэлсэн ч бид ийм л байдалтай сууна

ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН