Өнөөдөр "Отгонтэнгэр" их сургуулийн спорт зааланд үе үеийн төгсөгчдийн шигшээ баг, тамирчдын дунд сагсан бөмбөгийн тэмцээн зохион байгуулагдаж байна. Тус тэмцээний ивээн тэтгэгчээр "Сити" групп болон "Сити" дээд сургууль зохион байгуулагчаар нь  ажиллаж байгаа аж.

Энэхүү сагсан бөмбөгийн тэмцээний талаар Нэгдүгээр дунд сургуулийн 1994 оны төгсөгч, Юниварсал корор ХХК-ний гүйцэтгэх захирал М.Баярбахдалтай ярилцлаа.

-Дунд сургуулийн болоод их, дээд сургуулийн төгсөгчдийн дунд "сагсан бөмбөг"-ийн тэмцээн болж байна. Энэхүү тэмцээнийг зохион байгуулах болсон гол зорилго нь?

-Анх тэмцээний санааг манай хоёрдугаар сургуулийн Мөнх-Эрдэнэ, Ганзориг нар үе үеийн улс, хот, дүүргийнхээ хэмжээнд аварга болж байсан шигшээ багийн хамт олноо мөн их, дээд сургуулийн аварга лигийн тамирчдынхаа дунд тэмцээн зохион байгуулья гэж ярилцаж эхэлсэн.

Энэхүү тэмцээнийг зохион байгуулах үндсэн хоёр зорилготой. Нэгдүгээрт, Эрүүл биед саруул ухаан гэдэг шүү дээ. Тиймээс хөдөлгөөний дутагдалаас сэргийлэх мөн эрүүл мэндэдээ анхаарах үүднээс хоёрдугаарт, хоорондоо холбоотой байх гэдэг зарчимыг баримталсан. Бид бүгдээрээ сургуулиа төгсөөд олон жил болсон. Дор бүртээ ажил төрлөө хийгээд л явдаг. Тиймээс хэн нь, хаана ямар ажил төрөл хийж байгаа юм мөн эргээд хэн нэгэндээ тус дэм үзүүлэх харилцаа холбоотой байя гэдэг үүднээс зохион байгуулахаар болсон.

-Өнөөдрийн тэмцээнд хэдэн баг оролцож байна вэ?

-Одоогийн байдлаар 1994 оны нэгдүгээр сургуулийн шигшээ баг, хоёрдугаар сургууль, 45-р сургууль, 17-р сургууль, 57 –р сургуулийн шигшээ баг, мөн СЭЗДС-ийн шигшээ баг гэсэн үндсэн зургаан баг оролцож байна.

-Сагсан бөмбөгийн тэмцээн нь уламжлал болгон зохион байгуулагдах уу?

-Цаашдаа өвөл, хавар зохион байгуулах төлөвлөгөөтэй байгаа. Одоо байгаа шигшээ багуудын тоо цаашдаа өргөжих байх гэж найдаж байна. Өнөөдөр оролцож байгаа багуудад үе үеийн лигийн шилдэг тамирчид болох, Түвшинбаяр, Ариунболд, Ганбат, Санчир, Баясал зэрэг монголд анх лигийн тэмцээнд гэж 1994 оноос зохион байгуулсан тэр үеэс л хойш улсын болон олон улсын тэмцээнд нэр хүндээ бадруулж байсан тамирчид оролцож буйгаараа их онцлогтой.

Бид нарыг тухайн үед дэмждэг байсан төгсөгчид мөн биднийг таньдаг хүмүүс маань дурсамжаа сэргээж биднийг дэмжээсэй гэж хүсч байна. Энэ тэмцээнийг жил болгон уламжлал болгон зохион байгуулна.

-Тэмцээнд оролцогч тамирчдын сэтгэгдэл ямар байна?

-Хоёр долоо хоногийн өмнө амралтын өдрөөр цуглаад бүгдээрээ хоорондоо тойргоор тоглоод нэг өдөр дуусгах тэмцээн зохион байгуулсан юм. Энэ тэмцээнд 45-р сургуулийн шигшээ баг, СЭЗДС-ийн шигшээ баг, 17-р сургууль, нэгдүгээрс сургуулийн баг оролцсон. Энэ нь хуучныхаа үеийг сэргээсэн маш сайхан тэмцээн болж таалагдсан. Тухайн үеийн тамирчдын хожигдохгүй байх, шаргуу байх гэсэн хүсэл тэмүүлэл нь дахин сэргээд их өрсөлдөөнтэй болж өндөрлөсөн. Өөрөөр хэлбэл хоёр багийн тамирчид хоорондоо муудалцаж, бие бие рүүгээ үг шулуудах асуудал байхгүй. Тухайн багийн тамирчид бүгд л хожихын төлөө л тоглосон Нөхөрсөг, эв дүнжинтэй байх гэсэн зүйлийг тамирчид маань баримталж тоглож тэмцээндээ оролцож байгаа. Тэр ч утгаараа бие биенийхээ маш сайн ойлгож тоглож байна. Оролцогчдын сэтгэгдэл өндөр байгаа гэж бодож байна даа.

Тэмцээнээ сонирхолтой байлгах үүднээс бооцоотой байгаа. Мөн энэхүү тэмцээний ивээн тэтгэгчээр “Сити” групп ажиллаж байна. Ингээд түрүүлсэн баг 5 сая төгрөгийн шагналтай. Хоёрдугаар байр-2.5 сая, гуравдугаар байр-1.5 сая төгрөг гэсэн шагналын сантай.

Одоогийн байдлаар бид шилжин явах цом, медаль энэ тэрийг бол хийгээгүй. Эхний удаа болж буй тэмцээн дууссаны дараа илүү өргөжих байх. Үүний дараа шилжин явах цомыг тэмцээний комисс ярилцаж шийднэ. Орчин үед бүх л тэмцээн медальтай болчихсон. Тиймээс медаль гэдэг чинь үнэ цэнэтэй юу үгүй гэдэг чинь яригдана. Мөн медалийн хийц, дизайныг өвөрмөцөөр шийдэх. Тухайн хүндээ үнэ, цэнэтэй байлгах нь чухал. Хувцасны хувьд ч гэсэн бид нар өөрсдийн бололцооны хэрээр шийдээд явж байгаа.

Сошиал мэдээллийн хэрэгслээр тэмцээний талаар сонсож бидэнтэй нэгдэхийг хүссэн, биднийг ивээн тэтгэхийг хүсвэл хамтарч ажиллах боломжтой. Тэмцээний комиссын даргаар Мөнх-Эрдэнэ ажиллаж байна.

Тэмцээнд оролцохыг хүсэгчдэд насны хязгаар гэж байгаа. Багийн тамирчдын найман гишүүн нь 1981 оноос өмнө төрсөн. Тухайн үедээ багт эсвэл сургуулийн шигшээд тоглож байсан байх шаардлагатай. Нөгөө хоёр гишүүн бол тодорхой хэмжээний тоглодог байхад болно.

 

                                                                

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ярилцсан Х.Даваанаа