-ШҮҮХ, ПРОКУРОР, ХУУЛИЙНХАН ТЭР ЧИГТЭЙ ГАНДЧИХААГҮЙ ГЭЖ БИ НАЙДДАГ-

Төрийн соёрхолт, Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Сосорбарамтай ярилцлаа.


-Сонгуультай зэрэгцээд да.ганболд, С.баярцогт, Б.Бямбасайхан нарыг барьж хорьж, анхан шатны шүүхээс ял оноолоо. энэ үйл явдалд та шүүмжлэлтэй хандаж байгаа. Яагаад ийм байр суурь илэрхийлэх болов?

-Сонгуультай зэрэгцээд гэснээс Сонгуулийн тухай хуулиа зөрчөөд эхэлсэн. Тухайлбал, дээр дурдсан нөхдүүд чинь бүгд УИх-ын сонгуульд нэр дэвшсэн. Дээд шүүх, Шүүхийн Ерөнхий зөвлөл, үндэсний Аудитын газар, Татварын болоод Цагдаагийн ерөнхий газар гэсэн нэр бүхий арав гаруй байгууллагаас тухайн хүнийг гэмт хэргийн сэжигтэй зүйл хийгээгүй гэж үзвэл сонгуульд дэвших эрх олгодог. Гэтэл шүүх өөрөө энэ Сонгуулийн тухай хуулийг зөрччихсөн, гэмт үйлдэл хийчихсэн. Энэ жишгээрээ монголын шүүхийнхэн улам л гэмт хэрэг хийгээд байх царайтай. хууль нь тийм гажуутай юм байна. Тэдний хэлээр нэр дэвшсэн этгээдүүд, минийхээр нэр дэвшиж байгаа энэ хувь хүмүүс гэмт хэргийн сэжигтэй нь мэдэгдсэн бол сонгуульд нэр дэвшихийг нь болиулчих л ёстой байсан. Гэтэл сонгуульд нэр дэвшээд, нэр хүнд нь өсөөд бараг ялдгийн даваан дээр ирэнгүүт нь бариад хорьчихож байгаа юм. Барьж, хорьж байгаа нь бүр нэг яргаллын царайтай, дандаа баасан гаригт шөнийн 01:00-02:00 цагийн хооронд үйлдэж байгаа юм. Ялангуяа Тэргүүн шадар сайд байсан хүнээ шүү. Би Да.Ганболдын гэм буруутайг мэдэхгүй. Хэн ч байлаа гэсэн гэм буруутайг шүүх тогтооно. Гэхдээ энэ эргэлзээтэй. Тэр 1989 оноос хойш 2000 он хүртэлх нийгмийн шилжилт, шинэчлэлт, өөрчлөлт, хувьслын эрин үеийг бидэнтэй хамт манлайлж, түүчээлж явсан. Тэр тусмаа өөрөө эдийн засагч мэргэжилтэй хүний хувьд мэдлэг, боловсролынхоо үр шимийг тэрхүү өөрчлөлт, шинэчлэлтэд оруулсан. Өнөөдрийн монголчуудад юугаараа нулимуулаад байгааг би ойлгохгүй байна. Ойлгохыг ч хүсэхгүй байна. Тэр бол миний хамгийн дотны найз. Би үүнийг маш омог бардам хэлнэ.

Тэр 1990-2000 оны хооронд төрийн албыг түшиж Тэргүүн шадар сайдаас эхлээд УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны даргын албыг хашиж явахдаа монгол хүн бүрт малыг нь хувьчлах, айл бүрт орон байрыг нь эзэмшүүлэн хувийн өмч болгон өгөх, монголчуудад гадагшаа зорчих эрх бүхий паспорт олгох, суурь үнийг чөлөөлж, гаалийн татварыг тэглэх зэргээр зөв бодлогуудыг хэрэгжүүлсэн. Эдгээр нь монголчуудад өнөөгийн амьдралынх нь зөв суурийг нь тавьсан юм. Би найзыгаа өмөөрч, өмгөөлөхөөсөө илүү бахархаж үг хэлмээр байна.

Энэ хүнд хэн нэгнийг хохироох, татвар төлөгчдийн мөнгөнөөс завших хумсын чинээ ч бодол байхгүй. Хүн болгоныг өмчтэй хөрөнгөтэй, хэний ч хараат бус, төрийн дарангуйлал, харгислал дор биш эрх чөлөөтэй амьдрах учиртай гэж нөхөдтэйгөө нийлж дуугарч байсан хүн бол Да.Ганболд. Би нөхдийг нь хамт хэлж байна шүү. Ийм маш цөөхөн хүн байдаг юм. Тэр цөөн хүний тоонд Да.Ганболдоос гадна Э.Бат-Үүл, Баабар, Ц.Элбэгдорж, С.Цогтсайхан нар орно. Гарын таван хуруунд багтах энэ хэдэн лидерийг л би нүүр бардам дурдаж чадна. Өнөөдөр энэ хүмүүсийн зориглож өөрчилсөн өөрчлөлтийг нөмөрсөн монголчууд талархах нь битгий хэл, атаа жөтөөний угаадсанд тархиа зайрмагтуулчихаад тэднийг харааж, зүхэж байна.

-Тэгвэл Сонгуулийн тухай хуулийг зөрчин байж барьж, хорих шаардлага юу байв?

-Үнэхээр гэм буруутай юм бол сонгуульд нэр дэвшүүлэхгүйгээр шүүх, цагдаагаараа явах нь зөв байсан. Энэ хүмүүсийн гэм буруугүй гэдэг нь сонгуульд нэр дэвшсэнээрээ нотлогдож байгаа. Дээрээс нь сонгуульд нэр дэвшсэн хүн хуулийн хүрээнд тодорхой эрх дархтай. Гэтэл тэр хуулийг зөрчиж байна. Монголд хуулийн дор биш хуйвалдаж дарангуйлал тогтоох гэж байгаа хүмүүсийн тэр зэвүүн, зэвхий хүйтэн сэжүүр дор захирагддаг болж.

Нэг сонин зүйлийг би олж хараад байна л даа. Дубайн төлөвлөгөөг хэрэгжүүлэхийн тулд Да.Ганболд, Б.Бямбасайхан гэсэн хоёр хүнийг УИХ-ын болоод Засгийн газрын чиглэл зорилгыг биелүүл, биелүүлэхгүй бол хуулийн хариуцлага хүлээлгэнэ гэж. Гарын үсэг зуран биелүүлж. Харин өнөөдөр биелүүлснийхээ төлөө хуулийн хариуцлага хүлээж байна. М.Энхсайхан Ерөнхий сайд, Да.Ганболд Тэргүүн шадар сайд байсан. Тэд Монголыг шилжилтийн эгзэгтэй үед нь авралцсан. Яагаад аврагчид нь гэмт хэрэгтэн болоод урвагч, шарвагч, гүжирдэгчид нь мандан бадардаг юм бэ. Энэ улбааг хараад байх нь ээ 1923, 1924 оны түүх давтагдаж байна. Тэр үед Солийн Данзан гэж агуу их суут сэтгэгч байсан. Бараг эдүгээгийн үйл явдалтай эн чацуу түрүүлж сэтгэдэг нэгэн байж. Өнөөгийн хэлээр гуравдагч орны хөрөнгө оруулалтыг Монгол Улсад нэвтрүүлнэ, монгол хүн бүр баян байх ёстой гэж байсан ийм хүнийг Монгол Ардын Намын гуравдугаар Их хурлаар улс төрийн хилс хэрэгт хэлмэгдүүлэн 1924 оны наймдугаар сард цаазаар авсан. Яг ийм үйл явдал өнөөдөр УИХ дотор болж байна. УИХ нь Намын Их хурал шүүх болчихдогтой адилхан болж байна гэсэн үг. Энэ нь хуулийг гууль болгож, замхруулж, уландаа гишгэж байгаа хэрэг. Нөгөө талаар эрх мэдэлтэн, өндөр албан тушаалтнууд хуулийг өөрт ашигтайгаар эргэлдүүлж байгаа эмгэнэлт явдал.

Да.Ганболд гэдэг хүнийг гарал үүсэл, бүх зүйлээр нь дайрч доромжилж байна. Нэмээд 30 гэр бүл гэж хашгираад байгаа. Ингэж айл өрхөөр нь ялгаварлан гадуурхах нь ардчилсан чөлөөт тогтолцоонд байж болохгүй зүйл. Гучин гэр бүл дотор Монголын төрийн гурван өндөрлөг буюу төрийн гурван сөрдүүлэгч нар ч багтана. Учир нь тэд баян болчихлоо гэж хараагаад байгаа хүмүүстэйгээ адилхан зиндааных, тийм баян хүмүүс. Хэргэм зэрэг, албан тушаалын нэр төрөөрөө гул барьж өөрөөс нь эн давчихсан сэтгэгч, үйл хэрэгтнүүдийг сэгэлдэг ёс улам даварч байна. Тиймдээ ч би Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргад шуудхан хандаж хэлж байгаа юм. Хэрвээ гэмт хэргийн тухай ярьж байгаа бол энэ гурван хүний гэмт хэрэг, гэмт үйлдэл хуучраагүй байгаа.

-Ямар гэмт хэрэг билээ?

-Хадгаламж банкны дампуурал, тэдний казино тоглосон баримт сэлт ч хэвлэл мэдээллээр явна лээ. Төрийн өгсөн даалгаврын төлөө хүмүүсийг барьж, хорьж байгаа бол, Эрдэнэт үйлдвэрийг бүтэн жил онц байдалтай байлгасан явдал ч хожмын нэг өдөр гэмт үйлдэл болох цаг ирнэ. Төмөр зам барьж байна л гэнэ. Мэдээж барьчихвал сайн хэрэг. Гэхдээ өмнө барихгүй яав, одоо юу хийв гэх зэргээр гэмт хэрэгтэн болно. Тэд энэ урхиндаа хэзээ нэгэн цагт эргээд орооцолдох хуультай юм. Учир нь манай хуулийн тогтолцоо тэр чигтэй гажчихсан. Энэ үйл явц дуусахгүй цааш эргэлдээд л байвал Монголын эмгэнэл болно.

Энэ мэтчилэнгээр тойроод л нэг нэгнийгээ барьж идээд байх хэрэг үү. Цаана байх хувийн өс хонзонгоос болоод Монгол үндэстэн хохирох уу. Амин найзууд гэж нэрлээд байгаа Ц.Элбэгдорж, Х.Баттулга хоёрын хоорондын зөрчлөөс болж бүхэл бүтэн үндэстэн хохирч байх ёстой юм уу. Түүний дайварт мөрөөрөө ажлаа хийж явсан, Их хурал, Засгийн газрын шийдвэрийг биелүүлсэн хүмүүс шоронд орж байх ёстой юу.

-Таны хувьд гарцаагүй ардчиллыг өмөөрч, хамгаалж дуугарах хүний нэг мөн. Энэ ч утгаараа үүсээд буй асуудалд Ерөнхийлөгчийг нэр цохон шүүмжилжээ. Ингэж зоригтой дуугарсныг тань олон нийт ч талархууштай хүлээж авч байна.

-Олон нийт надад талархахаасаа илүү аливаа үйл явдлыг бодитой харах хэрэгтэй байна. одоогийн Монгол Улсын Ерөнхийлөгч бол Х.Баттулга. Ерөнхийлөгч гээд хэлчихье, угтаа би ингэж хэлэхдээ дургүй, цээрлэж байгаа. Энэ Ерөнхийлөгч нөхөр бол үе үеийн Засгийн газар, Их хуралд өөрөө байсан. оюу толгой болоод Дубайн төлөвлөгөөг дэмжиж гарын үсэг зурж, энэ төслийг хөдөлгөхийг малгайлан дэмжиж байсан хүний нэг юм байна. Тэгвэл ийнхүү дэмжсэн хүмүүс нь ч гэсэн гэмт хэрэгтэн биз дээ. Би гэмт хэрэгтэн гэж үүнийг хэлээд байгаа юм. ч.Сайханбилэгийн хэлж байгаагаар Х.Баттулга Б.Бямбасайхан гэдэг залууг өөрөө хажуудаа авчирч, “Эрдэнэс Монгол”-ын захирлаар томилжээ. Хүнээр төрийн ажил хийлгэчихээд шоронд хийнэ гэж ямар юм байдаг юм бэ. Энэ нөхдүүд албан тушаалын дон тусахаараа дандаа хүний гараар могой бариулдаг. Хүмүүсээр гарын үсэг зуруулчихаад өөрсдөө ард нь гэмгүй үлдэж, тэднийг шоронд явуулдаг. жишээ нь, Н.алтанхуяг хүргэнээ, бас нэг төрийн өмчит компанийн захирлыг шоронд явуулчихаад өөрөө ард нь үлдчихсэн. Тийм хэрнээ шударга царайлаад самбар дээр юм зураад байгаа. Хамгийн шударга бус, хударгагүй хүмүүс бол З.Энхболд, Н.алтанхуяг, Х.Баттулга нар. Ардчилсан намаас төрийн өндөр албан тушаалд суучихаад Ардчилсан намыг буй болгосон хүмүүсийг ичгүүргүйгээр цээрлүүлж байна.

-Угтаа Ерөнхийлөгч эв нэгдлийг хангах үүрэгтэй биш билүү?

-Ерөнхийлөгчийн үндсэн үүрэг бол ард түмний эв нэгдлийг хамгаалах, баталгаажуулах. Гэтэл яагаад олон хүнийг хагалан бутаргах зорилготой яваад байна вэ. Ерөнхийлөгч бид хоёрын хооронд хувийн таагүй асуудал байхгүй. Гагцхүү би хүмүүсийг хагалан бутаргаж байгааг нь л маш буруу гэж хэлээд байгаа юм. Зөндөө их хэлж, бичсэн ч үг авахгүй байна л даа. Тэрээр МаН-тай эвссэн, завшсан, нийлсэн. МАН-ыг 62 суудалтай болоход Ерөнхийлөгч маш их гавьяа байгуулсан. Энэ хүний хорон санаа, савар нь хөдөөгийн бүх сумдад байна лээ, би нүдээрээ харж, чихээрээ сонссон. Тийм учраас миний дургүй хүрээд байгаа юм. Тиймдээ ч би тэвчихгүй. Тэрний хэн байх надад падгүй. Тэрний хичнээн троллтой байх нь ч хамаагүй. Гар хөл болсон хүн нь намайг заналхийлнэ гэвэл хол, чадахгүй. Надад бол айх зүйл үнэндээ алга. Би хангалттай насалсан. Монгол Улсад ямар нэгэн гэм буруу хийчихээгүй. Би тэрэндээ бардам явдаг хүн.

Зарим хүмүүс намайг тавьтаргүй урваж, шарвасан л гээд байна лээ. Би Баттулгаас, эсвэл өөр хэн нэгэн эрх мэдэлтнээс холдож болно. Гэхдээ би өөрөөсөө хэзээ ч урваагүй, урвахгүй. Надад үнэ цэнэ, үнэн хэрэгтэй, өөр юу ч хэрэггүй. Тийм учраас би үнэнийг олж харчихаад болохгүй гээд хэлээд байгаа хэрэг.

-Ерөнхийлөгчтэй уулзаж санаа бодлоо хуваалцсан уу?

-Ерөнхийлөгчтэй уулзъя гэж нэг удаа цаг нэхсэн ч өгөөгүй. Энэ удаа ч мөн дахин нэхсэн, цаг өгөх эсэхийг нь хэлж мэдэхгүй байна. Би энэ буруу юм шүү гэдгийг нүүрийг нь харж байгаад хэлье гэж бодсон юм. Энэ хүн ганзагын наймаанаас эхлээд өдийг болтол явж ирсэн. Монголын ардчилал руу “Эх орон” гэдэг намаар дамжиж орж ирсэн хүн л дээ. Нарийндаа бол Монголын ардчиллын анхдагч биш. Тэр ч утгаараа түүнийг ардын намтай, коммунист, социалистуудтай сүлэлдсэн туршуул юм болов уу гэж хардаж байгаа. Ийм туршуултай би хэзээ ч эвлэрэхгүй. Бүр яасан ч эвлэрэхгүй. Өнөөдөр би энэ шоронд орсон хүмүүсийг болоод өөрийнхөө тухай яриад байгаа ч юм биш. Би Монголын ирээдүйг харж ярьж байна. Монголын үргэлжлэл болсон үр хүүхдүүд айдас, хүйдэсгүй байх ёстой. Айдас, хүйдэс, дарангуйллыг тогтоох гэж оролдож байгаа бол одоо зогс гэж хэлж байгаа юм.

-Ерөнхий сайд асан Ч.Сайханбилиг ч тэр гуравдагч хөршүүдээсээ зай барьж байгаа нь ухралт гэж шүүмжилсэн байна лээ.

-Эрсдэлд орчихсон байна. одоо оюу толгой гээд л хараагаад уналаа. Оюу толгойн ашиг шимийг монголчууд хангалттай хүртэж байгаа. Битгий чамла. Бид аливаа зүйлийг сайтар бодох хэрэгтэй юм. Бодох ч зав өгөхгүй байна л даа. Сонгуулиар архиар тархийг нь мансууруулж байна шүү дээ. Энэ гэмт хэрэг мөн биз. Өнөөдрийн Их хуралд гарч ирсэн хүмүүсийн ихэнх нь гэмт хэрэгтнүүд. Тэд сонгогчдын саналыг авахыг тулд тэднийг архиар хордуулж, хүүхдэд 20 мянга, хүүхдэд 100 мянган төгрөг өгсөн. Баримт нь ч хүмүүст байгаа байх. аль аль талдаа бидэнд алдаа байна. Өнөөдрийн Их хурлын гишүүд бүгд сонгогчдын тусгал нь шүү дээ. Үзэл санаагаа зарж амьдарна гэдэг амьдаараа үхсэнтэй ялгаагүй. амьдаараа үхэж байгаа хүмүүсийг амархан багалзуурдаж болдог гэдгийг манай төрийн гурван сүржингүүд эхнээс нь харуулж байгаа.

-Төрийн тэргүүнийг хойд хөршийн захиалгаар ажиллаж байна гэж шүүмжилдэг. Та үүнтэй санал нийлэх үү?

-Санал нийлнэ. Геополиткийн хувьд манайхыг сонирхох сонирхол хойд, урд хөршид хоёуланд нь бий. Хойд хөршийн ерөнхийлөгч тэндээ хаан болчихлоо. В.Путин тэнд найтаавал энд ч гэсэн дагаад л найтаана. Мэргэжлийн сэтгүүлчид та бүхнийг алдаа гаргавал эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг болсон байх аа. В.Путин Орост тийм хууль гаргасан юм. Тиймээс манайд дагаад тийм хууль гаргасан. Энэ баталгаа, гэрч нь биш юм уу. Магадгүй намайг Зөрчлийн тухай хуулиар хүн гүтгэлээ гээд дуудах байх л даа. Тэгвэл манай сэтгүүлчид эрх чөлөөгөө хаалгасан нь нотолгоо нь биш юм уу гэж хэлнэ. Үүнээс гадна бие махбодиороо дуурайж байгаа нь ч байна. жишээ нь, Монгол Улсын Ерөнхий сайд нь В.путиныг дуурайж том машинд суугаад л. В.путин яана яг тэрийг тоть шиг л дуурайж байх юм.

Төрийн өндөрлөгүүдтэй холбоотойгоор хэлэхэд ҮАБЗ гэж Үндсэн хууль зөрчсөн нэг том газар байна. Уг нь УИХ Монголын төрийн хамгийн том толгой юм. Гэтэл саяын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дүнд ҮаБЗ-д асар том эрх ирчихлээ. Цаашдаа засаглалын хямрал бий болох нь гарцаагүй болсон. Түүнчлэн сонгуулийн дараа чуулганы нэгдсэн хуралдааныг нээхдээ Ерөнхийлөгч болон Ерөнхий сайд нь заналхийлсэн үг хэлж байна. чөлөөт өрсөлдөөнт эдийн засгийн нийгэмд төрийн тэргүүнүүд нь тийм үг хэлдэггүй. Эсрэгээрээ бизнесийн, татварын таатай орчныг бүрдүүлэх бодлого барьдаг. Хүмүүсийг айдас хүйдсээс хол, амгалан тайван байлгах бүх хууль эрх зүйн үндэслэлийг хайдаг. Тэрийг нь Их хурал нь баталж өгдөг юм.

-Да.Ганболд, С.Баярцогт, Б.Бямбасайхан нарын хэрэг явдал хэрхэн шийдэгдэх бол. Та юу гэж харж байна вэ?

-Дахин хэлэхэд дээрх эрх мэдэлтнүүдийн хэрэг хуучраагүй байгаа. Энэ хүмүүс сэжигтнүүд, найдвартай. Үүнийгээ нуухын тулд өөрсдийнхөө гар хөл болсон шүүгчдийг ашиглаж, бусдыг зольж байна. Тэр шүүгчид нь гарын таван хуруунд л багтах нөхдүүд байгаа байх. Шүүх, прокурор, хуулийнхан тэр чигтэй гандчихаагүй гэж би найддаг. Тэнд ихэнхдээ зөв хүмүүс байгаа байх.

-Та дээр хуулийн гажуудлаас болж нэг нэгнээсээ өшөө авдаг эргэлтэд орчихлоо гэж хэлсэн. Ийм байдал давтагдсаар байгаа нь төрд гарсан эрхмүүд “Хааны алба халаатай, эзний алба ээлжтэй” гэдгийг мартчихдагтай холбоотой юм биш үү?

-“Өвчин” тусчихдаг юм. Тэгтлээ дон тусчихдаг хэрэг. Тэр донг нь зусардагч, бялдуучлагчид, троллууд нь бий болгож байгаа. Хэн долигононо, хов зөөж гүйнэ тэрэнд л итгэдэг, тийм донд автдаг. Хамгийн дээд зэргийн үнэн шударга үг хэлсэн хүнийг хардаж, сэрддэг. Энэ бүхэндээ хордож, нэвчиж байгаагаа мэддэггүй. оюун тархи, нүдний багтаамжийн хувьд үхжиж байгаагаа мэдэхгүй байгаа юм. Бүгдийг багтааж харж чаддагаараа энэ хорвоод нүд хамгийн том. Энэ хүмүүсийн нүдний багтаамж нь багасчихаад байгаа хэрэг.

-Тэгвэл тэр эргэлтээс гарахын тулд яах ёстой юм бэ?

-Энэ гажууд засартал их хугацаа орно. 30 магадгүй 60 жил ч болох биз. Төрийн тогтолцоог өөрчлөхгүй л бол болохгүй. Дэлхий дээр хамгийн олон сайд, дэд сайдтай газар Монгол л байгаа байх. Тиймээс төрийн энэ данхар бүтцийг өөрчлөх хэрэгтэй байна. Би бодлоо хэлье л дээ. Ерөнхийлөгч нь ард түмнийхээ эв нэгдлийг үймээн самуун дэгдээхгүйгээр хамгаалж чаддаг ухаантай, боловсролтой хүн байх. Засгийн газар нь есөөс илүүгүй яамтай, дэд сайдгүй цомхон, чадварлаг, хүний эрх, хувийн өмчийг дээдэлдэг байх. Хувийн компаниудад гай болохгүй орхиж, төр өөрөө нэг ч өмчгүй байх хэрэгтэй. Судлаад үзээрэй Япон төрдөө ямар ч өмчгүй шүү. Төрд өмч байгаа учраас л сонгуульд бие даан нэр дэвшигч хэдэн зуугаараа тоологдоход хүрч байна. Төрийн өмчөөс хумсалж, амьдралаа залгуулахын тулд л тэр. Үүний үлгэр нь Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, гишүүд юм. Мөн татвар нь ч маш авсаархан байх ёстой. Бага татварыг хүн цаг тухайд нь төлдөг бол их татвараас зайлсхийж өөрөө гэмтэн болдог юм. Ийм зөв тогтолцоо руу орохгүй бол горьгүй. Би ийм нийгмийг мөрөөддөг, хүсэмжилдэг. Ийм нийгмийн төлөө цаашдаа ч явах болно.

-Яавал хүний эрх, эрх чөлөө бүрэн хангагдах юм бэ?

-Минийхээр энэ тогтолцоог үндсээр нь халж, өөрчилж байж сая зөв үнэ цэнэ тогтоно. Өөрөөр хэлбэл, хүнийг харгислал, хүчирхийллээс хамгаалдаг цагдаатай, хувь хүн болоод том компаниуд хооронд гарсан зөрчилдөөнийг хүний болоод өмчийн эрхийг нь зөрчихгүйгээр, Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаас хараат бус зөв шийддэг шүүхтэй, улс үндэстнээ гадна, дотны үймээн самуунаас батлан хамгаалалтай болсон цагт хүний эрх баталгаажна.

Хувь хүнд оюун санаа, чиглэл зорилго, өөрийгөө хүндэтгэх хүндэтгэл гэсэн гурван үнэ цэнэ бий. Эдгээрт гурван том шинж чанар байна. Оюун санаанд нь сэтгэлгээ, чиглэл зорилгод нь ур чадвар, өөрийгөө хүндлэх гэдэгт бахархал бий. Энэ нь дэлхийн суут сэтгэгч, орос гаралтай оросын коммунист дэглэмийг нулимаад гарсан алиса розенбаум буюу АНУ-ын сэтгэгч, зохиогч айн рэндийн өөрийнх нь судлаж гаргаж ирсэн үнэ цэнэ юм. Би үүнтэй бүрэн дүүрэн санал нийлдэг. Оюун санааны цар хүрээтэй хүн сэтгэлгээгээр уужим, тодорхой чиглэл, зорилгодоо маш ур чадвартай байх нь байна. Улмаар хийсэн бүтээснээрээ бахархаж чаддаг ёстой байх нь. Хүн бүр өөрөө өөрийгөө хүндэтгэж, бахархаж явах цаг удахгүй ирнэ. Ямартаа ч хүн бүр өөрийгөө ол, өөрийгөө хүндэтгэ. Өөрийнхөө хүч, цог золбоогоор амьдар. Тэр цагт хэний ч хараат бус байх боломж нээгддэг юм. Мөн төр шүүх, цагдааг өөрийн харьяандаа байлгаж болохгүй гэдгийг олоод харчихдаг юм. Сургаар битгий амьдар, багцаагаар битгий яв. аль болох бүх зүйлд бодитой ханд. Харыг цагаан, цагааныг битгий хар гээд бай. Бид гуравхан саяулаа шүү дээ.