Ходоодоо цоортол уйлав л гэж үү дээ
2020/07/25
Хожим харамсахгүйн тулд одооноос хүүхдүүдээ битгий буруу зүйлд автуулаарай. Энэ түүхийг эмээ минь олон удаа ярьж байсан санагдана.
Хайчаараа тоглож байгаа эрх хүүгээсээ аав, ээж нь хайчаа авчихаж гэнэ. Гэтэл хүү уйлж аав, ээжийгээ дийлээд хайчаа авч тоглож байгаад нүдээ сохолчихож гэнэ. Хожим нь хүү аав, ээждээ
-Хайчийг минь булаагаад авчихгүй дээ. Уйллаа уйллаа гээд нүдээ сохортол уйлав л гэж үү дээ гэж хэлсэн гэдэг.
Энэ бол орчин цагийнхан сонсож мэдүүштэй түүх. Утсаа маажиж, гаазтай ундаа ууж, бэлэн гоймон идсэн хүүхдийн эцэг эхчүүд ойлгож ухах түүх.
Аав ээжүүд уйлж байгаа хүүхдээ сатааруулах гэж юуны духанд хүрэлгүй утсаа нүднийх нь өмнө барьж байна. Зарим нь бүр хүүхдийнхээ эрхшээлд орчихсон, дориухан хоёр үг хэлчихэж чадахгүй өдөр шөнөгүй утсаар наадуулна. Өөд уруугүй телевиз үзүүлнэ. Өөгшүүлнэ. Залуусын утас ядаж байхад чихэвчтэй.
Дөрвөн настай хүүхэддээ таблет бариулчихаад технологийн дэвшилтэй эртхэн танилцуулж, үеийн хүүхдээс нь хоцроохгүй гэж байгаа юм хэмээн тайлбарлах тэнэг ч гэх үү, аархуу, атаархуу ч гэх үү ээжтэй таарч л байлаа.
Юмны наадах цаадахыг мэдэхгүй үр хүүхэддээ эцэг эх нь хэлж, ойлгуулж, бүр болохгүй бол хүний аав, ээж шиг загнаж зандраад ч болов ухааруулахгүй бол дээрх түүх нэг л өдөр давтагдаж, хүүхэд тань таныг зэмлэж, гомдож бүр яллах болно.
Чихэвчнээс болж машинд дайруулсан, гоймонгоос болж ходоод нь цоорсон, утаснаас болж хараа, ой ухаан нь муудсан, бүр цаашлаад тархины, нүдний хорт хавдартай болсон тухай судалгаа, мэдээлэл энэ тэрүүгээр зөндөө харагдана. Даанч хүүхдийн балчир ухаанд энэ мэдээлэл боловсруулагдаж, ойлгогдохгүй байгаа.
Та ч хүүхэд байхдаа бас тийм л байсан. Нас таныг ухаажуулсан. Тийм болохоор бид аав, ээж байх хариуцлагаа ухамсарлаж, үүргээ биелүүлж эрүүл саруул хүүхдээ элдвээс хамгаалж боол шиг нь биш, эцэг эх шиг нь байхсан.
Сохортлоо уйлав л гэж үү дээ
Сахарын өвчтэй болтлоо уйлав л гэж үү дээ
Хавдартай болтлоо уйлав л гэж үү дээ
Ходоодоо цоортол уйлав л гэж үү дээ
Дүлий болтлоо уйлав л гэжүү дээ
Шүдгүй болтлоо уйлав л гэжүү дээ гэж таныг ЯЛЛАХ эрх хүүхдэд бий.
өсвөр насны хүүхэд аав ээжийнхээ ид, уу гэснийг хэрэглэхгүй, харин өөрөө жор зохиож эхэлдэг. Тэр жоронд нь бэлэн хоол дээгүүрт байдаг бололтой. Эмч нарын зөвлөж буйгаар ходоод өвдөөд шархалдаг бөгөөд шархалсан ходоод 2-3 жилийн дараа цоордог аж. Ходоодны шарх бол хавдрын урьтал өвчин. Тиймээс ходоод өвдлөө гээд буцалсан ус, ойр зуурын эм ууж аргацааж болохгүй юм байна. Нэн даруй эмнэлэгт хандаж, эмчилгээ хийлгэх шаардлагатай гэнэ.
зочин · 2020/07/27
японд бол хүүхдээ цэцэрлэгт шал угааж сургаж байна.манайд тэгвэл хичнээн багш шоронд орох бол.хүн хүндлэх,баярласан талархсанаа илэрхийлж сургах,хүнээс юм зөв авч сургах,гэрийн ажилд туслах,олон нийтийн газар биеэ зөв авч явах талаар манай хүүхдүүд бүр ямарч мэдлэг байхгүй болж байна.арга ч үгүй юм даа эцэг эх нь тийм хүмүүжилтэй болсон.хүүхдээ цэцэрлэгээс авахаа очоод хамгийн түрүүнд юу сурав гэхийн оронд багш нь зодсон уу хоол өгсөн үү гэж асууж байгаа ээжтэй таарч байлаа.хүүхдийнхээ дэргэд багшийг нь муулна.
хүннү · 2020/07/27
Бид хүүхдүүдээ дэндүү дураар нь эрхлүүлж байна. Монголын ирээдүйг бид өөрснөө устгаж байна. Тоголож биш, Идэж биш юм хийж сургах ёстой байсан юм. Бид хүүхдүүдээ ганц юм, хүү юм, охин юм гэж энхрийлсээр байгаад эцэст нь улсдаа хөгжлийн бэрхшээлтэй иргэн үлдээгээд өөрснөө үхээд өгөж мэднэ. Тиймээс хүүхдүүдээ дураар нь байлгахаа болих нь зөв шүү.
Зочин · 2020/07/26
Эмө · 2020/07/25
Тийм шүү...Бид хүүдүүдийнхээ ирээдүйг харахгүй юм бол өөр юуг харах гээд байгаа билээ