Танкны эрлэг зөвлөлтийн нохдын сонирхолтой түүх
2020/07/29
Оросууд үүнийг анх санаачилсан гэдэг. Үүрэг нь “танк сөнөөгч нохой’. Нохойг тусгайлан бэлдэх бөгөөд үүнд ихдээ л хоёр сар орчмын хугацаа зарцуулна. Нохдыг цуглуулж тусгай сургууль заах бөгөөд зөвхөн танкин дороос хоол идүүлж сургана. Махыг эхлээд хөдөлгөөнгүй танкин дор баглаж тавих бөгөөд бага багаар хөдөлж байгаа танкин дороос идүүлж сургасаар эцэст нь ноход хурдтай давхиж яваа танкны дороос ч махыг зулгааж идэж чаддаг болно.
Ноход үүнийг маш хурдан сайн сурна. Бэлэн болсон нохойг фронтод авчирч “үүрэг гүйцэтгүүлнэ’ дээ. Нохой мэдээж хэрэг амьтан учраас тулааны чимээ, буун дуунаас айж л таараа. Гэхдээ ямар ч амьтныг юунаас ч айхгүй болгодог ганц зүйл бол өлсгөлөн. Тэр байтугай хүн ч гэсэн ягтаа тултал өлссөн цагт хоол хүнсний төлөө яахаас ч буцахаа болих нь энүүхэнд. Ингээд оросууд сургасан нохдоо бүр тултал өлсгөнө.
Нохой бэлэн боллоо. Нохойны нуруунд 4 кг орчим тэсрэх бодис бэхлээд л танкийн өөдөөс тавина. Тэсрэх бодисиын жинг ч бодолцож тогтоох ба хэчнээн өлсөж гуринхалсан ч 4 кг ачааг баргийн ноход аваад давхчих нь мэдээж. Нохойны авч явах минад цагийн удирдлага тавина. Тодорхой хугацаанд дэлбэрнэ үгүй бол идэвхгүй болох. Ингэхгүй бол нохой нь дайсны сөнөсөн танкан доогуур орсон тохиолдол маш их байж.
Нохой танкин доогуур орох үед дэлбэрэлт үүсч, танк сөнөнө. Сөнөдөггүй юмаа гэхэд экипаж болон, танкинд ямар нэгэн гэмтэл үүсч тулааны чадвараа алдах нь тодорхой.
Амьтны амийг өчүүхэн ч үл хайрлах энэ явдлыг амьтны эрхийг хамгаалагчид, нохдод хайртай хүмүүс мэдээж ойлгохгүй. Гэвч дэлхийн дайны үед амьтдын амийг бодолцох ухаан байгаагүй нь ойлгомжтой. Нэг танк сөнөөхийн тулд өчнөөн эрс амиа алдаж байхад ямар юмных нь нохойны эрх, амь ярих билээ. Ийм нохдыг хэдэн мянгаар нь сургаж байсан юм.
Зөвлөлтийн дэд хурандаа Н.Вахромеев энэ ажилд нэлээн зүтгэсэн бөгөөд нэг удаа алдаа гарч нохой өөрийн танкин доогуур орж сөнөөсөн байна. Танкчид уурлаж түүний орлогчийг барьж аваад эгээтэй л дайны цагийн шүүхээр оруулж, газар дээр нь буудахаар зэхэж байхад нь арайхийн салгаж авсан байдаг.
Оросууд энд алдаа хийжээ. Тэд нохдыг бэлдэхдээ дизель хөдөлгүүртэй өөрийн танкаа ашигласан нь алдаа байлаа. Германы танкууд ихэвчлэн бензин хөдөлгүүртэй бол Оросын танкийн армийн зэвсэглэл дэх гол танк Т-34 дизель билээ. Нохдын үнэрлэх чадвар асар өндөр гэдгийг, бага зэргийн үнэрийн ялгааг ч олж чадахыг зөвлөлтийн нохой сургагчид тооцсонгүй нь алдаа болжээ.
Германчууд ч “танк сөнөөгч ноход” хэмээх аюулт зэвсгийг дорхноо мэдсэн юм. Тэд нохой ойртох, дөхөж мэдэх л юм бол задардаг сум /shrapnel/ ашиглан нохойг ойртуулахгүй алчихаад байв. Үүндээ ч хаширлаж тэд фронтын орчмын олон мянган нохой, муурыг юу ч үгүй устгасан гэдэг. Мөн түүнээс хойш германчууд танкныхаа шалыг зузаалж, хуягласнаар ийм үүрэгтэй нохдод танк бүр сөнөхөө байсан юм. Нохой ашиглан танк сөнөөх арга хүлээж байсан шиг тийм ч өндөр үр дүн авчирсангүй.
Энд Сидор Артемьевич Ковпак хэмээх ЗХУ-ын хоёр удаагийн баатар, хошууч генералын нэрийг дурдах хэрэгтэй. Партизаны домогт удирдагч, өвгөн генерал нохойгоор хорлон сүйтгэх ажлыг гарамгай хийсэн хүн юм. Дайсны ар талд төөрсөн, эзэнгүй болсон, хүний махны амтанд орсон цогцос иддэг ноход ойгоор дүүрэн байлаа. Тэрээр нохдыг барьж авч ой дотор морин тэргэн дороос хооллож сургасан байна. Ой дотуур яваа дайсны машин тэрэг бүхий цуваа, офицерууд суусан автомашинуудыг энэ аргаар цөөнгүйг сөнөөсөн гэдэг. Нохой дайны явцад асар олон төрлийн үүрэг гүйцэтгэсэн хүний үнэнч анд билээ. Мина илрүүлэгч, холбоочин, тулалдааны үед сум зөөгч, мэргэн бууч илрүүлэгч гэх мэт олон ажлыг гүйцэтгэсэн юм. Ингээд зогсохгүй цөөнгүй ноход цэргийн цол хүртэж бүр хурандаа цолтой болсон тохиолдол байдаг.
Эх сурвалж: Түүх судлаач Э.Баттулга