У.Хүрэлсүхийн ЖДҮ-чид дарга болж, “хүнийх” нь шоронд орж байна
2020/08/24
Эхлээд хоёр жилийн өмнө болсон Байнгын хорооны хуралдааны протоколоос танилцуулъя.
Тэгэхэд Ерөнхий сайд болоод дөнгөж жил болж байсан У.Хүрэлсүхийг огцруулах саналыг МАН, АН-ын 27 гишүүн гаргаад байсан юм.
2018 оны арваннэгдүгээр сарын 27-нд Төрийн байгуулалтын байнгын хороогоор дээрх асуудлыг буюу У.Хүрэлсүхийг огцруулах гишүүдийн саналыг хэлэлцсэн.
Тэр хурал дээр У.Хүрэлсүх болон Засгийн газрын гишүүд УИХ-ын гишүүдийн асуултад хариулсан. Асуултын бараг 70-80 хувь нь ЖДҮ-гийн хэргийн тухай байлаа.
Тухайлбал, УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Ерөнхий сайд та, агентлагийн олон хүмүүсээ ЖДҮХС-гаас зээл авсан гэж халжээ. Тэр хүмүүсийн буруутайг хуулиар тогтоогоогүй. Гэтэл сайдуудаа оруулаад ирээч ээ гэхээр оруулж ирэхгүй байна. Төсвийн хориг хэлэлцэх үеэр яагаад хуралдаанд орж ирсэнгүй вэ” гэхэд Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Би хоёр алба хашдаг. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга гэсэн. ЖДҮХС-гаас зээл авсан хүмүүстэй хариуцлага тооцож байгаа. Ёс зүйн алдаа гаргасан байна, авсан зээлүүдээ буцааж төл гэсэн шаардлага тавьсан. Зээлүүдээ буцааж төлж байна. Сайд нартай холбоотой асуудал хуулийн байгууллагаар шалгагдаж байна. Хууль зөрчсөн нь тогтоогдвол хариуцлага тооцно” гэж байв.
Мөн УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат “ЖДҮХС-гаас зээл авснаа хүлээн зөвшөөрчихөөд байхад яагаад хариуцлага тооцохгүй байна вэ” гэхэд Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Би Ерөнхий сайдаар томилогдохдоо нийгэмд шударга ёс тогтоох, эдийн засгийг сэргээх ажлыг хэрэгжүүлэхээ хэлсэн. Надад шалгах асуудал байна. “60 тэрбум”, тендэр, нүүрсээр баяжсан хүмүүсийн асуудал бий” гэжээ.
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат дахиад “ЗТХ-ийн сайд, ХХААХҮ-ийн сайд нар чинь өөрсдөө хүсэлтээрээ хариуцлага хүлээж, ажлаа өгсөн гэж чуулган дээр танилцуулагдсан. Гэтэл та хариуцлага тооцсон гэлээ. Өөрсдөө өргөдлөө өгсөн юм уу, та хариуцлага тооцсон юм уу” гэхэд Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Өөрсдөө өргөдлөө өгөөд хариуцлагаа хүлээ гэж хэлсэн” гэсэн байна.
Түүнчлэн УИХ-ын гишүүн О.Содбилэг “Ерөнхий сайдаар У.Хүрэлсүхийг томилогдоход ард түмэнд маш их хүлээлт байсан. Гэвч тэр хүлээлт ажил хэрэг болсонгүй. ЖДҮХС-гаас зээл авсан хүмүүст хариуцлага тооцох эрх мэдэл нь танд байсан” гэхэд Ерөнхий сайд У.Хүрэлсүх “ЖДҮХС-гаас би нэг ч хүнд зээл өг гэж хэлээгүй. Зээл авсан хүмүүсийн нэр гарч байгаа. Удахгүй өөрсдийн чинь ч нэр орж ирж магадгүй” гэж байжээ.
Бас УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилыг “Бид намын ажил яриагүй. Бид төрийнхөө ажлыг хийж байна. ЖДҮХС-гаас У.Хүрэлсүхийн Засгийн газрын гишүүн өөртөө болон намын нөхөддөө зээл авсан нь хов жив биш. Бид ёс зүйн, улс төрийн хариуцлага хүлээлгээд өгөөч гэж хүсэж байна. “Одооноос эхлээд та нартай бүгдтэй чинь хариуцлага тооцно шүү” л гээд байдаг хэр нь өөрийнхөө кабинетийн сайд нарт хариуцлага тооцохгүй байна” гэхэд Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Шүүмжлэлийг сонсоно оо. М.Энхболд, Д.Хаянхярваа, Хотын дарга гурвыг огцруулах асуудал тавиад эцэст нь Засгийн газрыг огцруулах асуудал болоод дуусаж байна. Та нараас би айна гэж байхгүй шүү. Та нар тийм сайхан хүмүүс биш шүү. Энэ дотор хулгайч нар, наймаачид сууж байна. ЖДҮ-г зөв үедээ гаргаж ирлээ. Хаа хаанаа сургамжтай юм болсон” гэж байв.
Яг тэр Байнгын хорооны хуралд оролцсон 16 гишүүний 10 нь “У.Хүрэлсүхийг огцруулъя” гэж саналаа өгч байв. Харин чуулганы нэгдсэн хуралдаан дээр бие даагч С.Жавхлан “хайн хагалж” У.Хүрэлсүхийн талд кноп дарснаар 27 гишүүний санал унаж байлаа.
Тэгэхэд тэсч үлдсэн У.Хүрэлсүх “ЖДҮ-чидтэй тэмцэнэ” гэсээр 2020 оны УИХ-ын сонгуультай тулж, ард түмэн ч ахиад дэмжиж гаргав.
Харин сонгуулиас хойшх төр төвхнүүлэх ажил дээрээ Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх алдаа гаргачих шиг боллоо.
Тэрээр ард түмний, нийгмийн, намынхаа гишүүдийн хамгийн дургүйцлийг төрүүлсэн ЖДҮ-чин хэмээх хаяг шошготой болсон нөхдүүдийг өндөр албан тушаалд ээлж дараалан томилж байна.
Эхлээд Я.Содбаатарыг Засгийн газрынхаа Шадар сайдаар томилсон. Засагт нь бас нэг айхтар ЖДҮ-чин сайд бий. Дараа нь Ж.Энхбаярыг өөрийнхөө ахлах зөвлөх, Ажлын албаны даргаар томилсон. Б.Бат-Эрдэнийг ШӨХТГ-ын даргаар томиллоо.
ЗТХ-ийн сайдаар ажиллаж байсан Я.Содбаатар өөрийнхөө “Эпато анарваан” компаниар 2018 онд 1.2 тэрбум, “Ти Эс Эм” компаниараа 2017 онд 800 сая төгрөгийн зээлийг ЖДҮХС-гаас авсан нь ил болсон. Энэ илрэнгүүт Я.Содбаатар “Манай гэр бүлийн хүн “Эпато анарваан” компанийг найзуудтайгаа нийлж байгуулсан юм билээ. Эхнэр маань тус компанийн 25 хувийг эзэмшдэг” гэж гүрийж үзсэн. Гэвч удалгүй “Миний эхнэрийн үүсгэн байгуулсан компани ЖДҮХС-гаас зээл авсантай холбогдуулан ёс зүйн хариуцлага хүлээж, үүрэгт ажлаа хүлээлгэн өгч байна. Хэдийгээр зээл авахад нь нөлөөлөөгүй, хууль зөрчсөн аливаа үйлдэл гаргаагүй ч улс төрч, төрийн албан хаагчийн хувьд хариуцлага хүлээж байгаа юм” гээд сайдын ажлаа өгч байсан. Улмаар УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвшилгүй үлдсэн. Харин нам дээрээ нэлээд эрх мэдэлтэй Сонгуулийн менежерийн үүргийг гүйцэтгэж өнжсөн байдаг.
Ж.Энхбаяр УИХ-ын гишүүн байхдаа бас л ЖДҮ-д холбогдсон. 2018 онд УИХ-ын нэр бүхий гишүүд, дэд сайд, төрийн өндөр албан тушаалтнууд ХХААХҮ-ийн сайдаар Б.Батзоригийг ажиллаж байх үед ЖДҮХС-гаас өөрсдийн хамаарал бүхий ААН-үүддээ зээл авсан нь тогтоогдож, ЦЕГ, АТГ-аас хамтарсан ажлын хэсэг шалгасан.
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр гишүүнд хамаарах 400 үнээний фермийн төсөл байсан, түүний авсан зээл банк бус санхүүгийн байгууллагаар дамжуулсан, эрх мэдлээ давуулан ашигласан гэх таамаг байсан ч хуулийн байгууллага шалгаж, хэргийг нь хаах саналтай прокурорт шилжүүлж байв.
Ж.Энхбаяр “Газар” ХХК -ийг 100 хувь, “Газар Капитал Партнерс” ББСБ ХХК-ийн 74 хувийг эзэмшиж байна. “Газар” ХХК-ийн охин компани болох “Газар агро” компани нь ЖДҮХС-аас 2016 онд зээл авчээ. Ж.Энхбаяр зээлийнхээ тухай “Миний тодорхой хувийг нь эзэмшдэг компани монгол үхрийн чанарыг сайжруулах зорилгоор, Сэлэнгэ үүлдрийн үхрийн үржлийн аж ахуйг эрхэлдэг. Энэ төслийн 20-иод хувийн санхүүжилтийг ЖДҮ-ээс авсан байдаг “ гэж байв.
Мөн ЖДҮХС -аас 2018 онд зээл авсан 134 компанийн жагсаалтад түүний “Газар Буудай” ХХК 950 сая төгрөгийн зээл авсан гэсэн мэдээлэл гарч ирдэг. Тэр зээл нь илэрсний Ж.Энхбаяр ард иргэдээсээ уучлалт гуйсан. Гэхдээ Ж.Энхбаяр хаалттай хаалганы цаана бол гүрийж суудаг нэгэн юм. УИХ дахь МАН-ын бүлгийнхэн 2019 оны нэгдүгээр сарын 10-нд хуралдаж ЖДҮ-гийн асуудлыг ярих үед Ж.Энхбаяр “Миний хувьд ЖДҮ-гийн зээл авсан хүн. Дүрэм журмын дагуу сонгон шалгаруулалтад ороод ирсэн. Зориулалтын дагуу ашигласан. Шалгасан. Дууссан. Нуугаад, хаагаад байх юм байхгүй. Ил тод шүү дээ. Энэ ямар авлига авсан биш, хулгай хийсэн биш, улсын мөнгө ашигласан биш” гэж байв. Гэвч тэр мөн л 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшээгүй. Энэ талаараа “Одоо өөр салбарт ажиллах цаг болсон. Нэг газар удаан суух зохистой биш. Зорилт тавьсан түүнийгээ биелүүлсэн. Одоо улс төрийн шинэ замаар явна” гэсэн юм.
Өнгөрсөн долоо хоногт Ж.Энхбаяраас гадна ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байсан Б.Бат-Эрдэнийг ШӨХТГ-ын даргаар томилсон. Б.Бат-Эрдэнэ нь ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байхдаа ЖДҮХС-гаас эхнэрийнхээ нэр дээрх “Рич холдинг” ХХК-д 400 сая төгрөгийн зээл авч өгсөн. Ингэхдээ ЖДҮХС-гийнханд нөлөөлөл үзүүлж байсан тухай тус сангийн захирал асан С.Төгсбилэг ярьсан байдаг. Энэ асуудал ил болсон үед Б.Бат-Эрдэнэ өргөдлөө өгч, албан тушаалаасаа чөлөөлөгдөж байв.
Ямартай ч У.Хүрэлсүхийн Засгийн газарт дөрвийн зэрэг ЖДҮ-чин шууд шургачихлаа. Ингээд хэлэхээр “Хуулиар гэм буруутайг тогтоогоогүй” гэдэг нөгөө алдарт үгээр өөрсдийгөө өмгөөлж таарна. Гэвч “Ёс суртахуунтай хүнд хууль хэрэггүй” гэх ХЗДХ-ийн сайдын зөвлөх, Гавьяат хуульч С.Нарангэрэлийн үгийг тэдэнд дуулгамаар байгаа юм.
Зөвхөн энэ гурван албан тушаалтны ЖДҮХС-гаас “зооглосон” мөнгөөр хэдэн “жинхэнэ ЖДҮ-чин”-ий үйл ажиллагааг дэмжиж болох байсан бэ. Та бод доо. Хөөрхий тэр “жинхэнэ ЖДҮ-чин”-үүд эдэн шиг хэдэн зуун саяар нь, тэрбум тэрбумаар нь хүсдэггүй юм.
Нэг талаас эд ингээд Монголын төрд гавьяа байгуулчихсан юм шиг, Монголын төр эдэнд өртэй юм шиг албан тушаал эзэлж сууж буй. Нөгөө талд яг эдэн шиг албан тушаал, ашиг сонирхол дээрээс ЖДҮХС-д хуруу дүрчихсэн гурван ч экс гишүүн яг энэ хэргээс болж шүүхээс ял авлаа. УИХ-ын гишүүн асан Г.Солтан гурван жил, Б.Ундармаа 2.6 жил, Д.Дамба-Очир 3.6 жилийн хорих ял шийтгүүлэв.
Хамгийн ойлгомжгүй харьцуулалт л энэ байна. Ёс суртахуун талаас нь харахад л үнэхээр албан тушаалд тавьсан гурав У.Хүрэлсүхийн өөрийнх нь юм шиг өөд татагдаж, шийтгүүлсэн гурав нь хүний буюу дагавар хүүхэд шиг хөсөр хаягдаж дээ гэж л харагдаж байна.Эх сурвалжийн мэдээллээр бол эхний ЖДҮ-чнийг нь албан томилтол дараагийнх нь Ерөнхий сайдын үүд, МАН-ын байрнаасаа салахгүй гомдоллож гүйж яваад албан тушаалд очсон гэдэг. Угтаа Ерөнхий сайдын нэг үе, улс төрд олон жил хамт яваа гэдэг бол ЖДҮ хулгайлсан ч хариуцлага, ёс суртахууныг март гэсэн үг биш.
Тэгтэл ЖДҮ-гийн хэргээр шүүхээс ял шийтгүүлсэн экс гишүүдийн ар гэрийнхэн гомдол тавиад эхэлжээ. “Ямрыг нь шоронд явуулаад, ямарт нь албан тушаал бэлэглэдэг юм” гээд МАН-ын байр хавиар нэлээд юм болж буй аж.
Ингэж болохгүй ээ, Ерөнхий сайд аа, эрх баригч намын дарга аа. Өдөр тутмын сонинуудын “Эрэн сурвалжлагч” нэгдэл ийм бусармаг явдлуудыг шүүмжилсээр байх болно. Эрж, сурж, ухсаар байх болно. Наадуулаа шоронд явуулдаггүй юм гэхэд албан тушаалд томилж бүү эрхлүүл. Өнөөдөр танд эрх мэдэл байж болно. Хэний ч оролцоогүй шийддэг байж болно. Харин дургүйцсэн олныг улам ингэж “маажих” хэрэггүй. Хамаагүй ингэж даварвал ард түмэн хэнийг ч, яаж ч мэднэ шүү гэж зөвлөе!!!
ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин