Р.Пүрэвдагва: Хөлөндөө хийлгэсэн эмчилгээнээс допинг илэрчихлээ
2020/09/15
Энэ жилийн баяр наадмаар шөвгийн 16-д үлдсэн бөхчүүдийн гурван бөхөөс допин илэрсэн мэдээлэл цахим орчинд тарсан бөгөөд тэдний нэг болох улсын аварга Н.Батсуурь өчигдөр мэдээлэл хийж хариуцлагаа хүлээнэ гэдгээ мэдэгдсэн.
Тэгвэл өөр нэг бөх болох улсын арслан Р.Пүрэвдагва ч мөн өөрийн байр сууриа илэрхийлэн хэвлэлд тайлбар өгсөн байна.
"Урьд шөнө хөдөөнөөс ирээд шинжилгээний хариутайгаа албан ёсоор танилцаад бичгийг нь аваад гарч ирж байна. Хориотой эмийн жагсаалтад 300 гаруй төрөл байдаг. Тэрний нэг төрлийн бодис илэрсэн гэж гарсан байна. Намайг бөхчүүд, тамирчид мэдэж байгаа.
Аймгийн арслан цолтойгоосоо хөлний бэртлээ эмчлүүлж, өдий хүртэл бэлтгэлээ таслаагүй явж ирсэн. Хөл маань сүүлийн 2-3 жилд сэдэрсэн. Барилдаж байгаа хүн түүнийгээ нуух хаах зүйл байсан. Энэ хавар маш их эмчилгээ хийсэн. Энэ эмчилгээнээс л илэрсэн юм шиг байна.
Хориотой эмийн жагсаалт нь өөрчлөгддөг ч юм уу би энд алдсан л байна. 100 жилийн ой болох гэж байгаа энэ торгон агшинд зуунд нэрээ мөнхлөх боломжийг алдаж байгаадаа сэтгэл дундуур байна. Ер нь бол санаатай хэрэглэх хүн би биш. Залуучууд, бөхчүүд минь ер нь хайнга болгооомжгүй байдлаас болж ийм асуудал холбогдож байна. Бөхчүүд рүү хандсан нарийн мэдээлэл үнэхээр дутмаг байдаг. Итгэж өгөхгүй, эвгүй байна.
Бид дур сонирхлоороо л барилдаж байгаа. Бидэнд хандсан сургалт семинар алга. Улсын өндөр цолтой би ингээд алдчихсан байхад бусад залуучууд допингийн талаар ямар мэдээлэлтэй байгаа нь тодорхой. Бөхөд хайртай монгол түмэн минь уучлаарай. Хүлцэл өчье" гэлээ.
Иргэн · 2020/09/15
Хүнээс биш Хөлнөөс илэрсэн юмаа.