Засардаггүй Засаг дарга Баярбаатараар удирдуулсан Шаамар сум хөгжих үү...?
2014/04/18
Үүнийг бичигч бид хууль тогтоох дээд байгууллага, хуульчидтай уулзаж, зөвлөгөө авсан учраас олон хууль зөрчиж олон түмнийг хохироож байгааг баримтаар бичиж байгаа юм.
Тэрээр, Баярбаатар нь намын байр барих иргэдийн хандивын мөнгийг алга болгосон. Сумын иргэдэд зориулагдаж ирсэн сүү хөргөх цехийг гадагш зарж "кубота-90" маркийн трактор болгож авсан.
Сумын иргэд ногоочдод ирсэн, буцааж төлөгдөхгүй 34 сая төгрөгийг дундаас нь завшиж сумын нэр бүхий хүмүүсийг авсан мэтээр хуурамч баримт бүрдүүлж, зарим нэгэн хүмүүст амсуулах төдий өгч, өөрөө авсан байдаг.
Ийм нөхөр 2012 оны сонгуулиар гэмгүй дүр эсгэж худал ярьж, намынхаа болон иргэдийнхээ сонголтыг үл хүндэтгэн шудрага ажиллаж байсан ажлын туршлага, мэдлэг боловсролтой Тамгын газрын дарга, орлогч дарга бусад гэмгүй залуусыг үндэслэлгүйгээр ажлаас нь халж, оронд нь намаасаа урвасан, иргэдээсээ урвасан ямар ч боловсролгүй хуурамч дипломтой, ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүсээр багаа бүрдүүлж шууд л сурсан зангаараа ажиллаж эхэлсэн.
Энэ үед М.Баярбаатарыг "төрийн албыг садан төрлийн холбоотой хувийн компани шиг болгочихлоо" гэж яригдаж эхэлсэн. Хог цэвэрлэх нэрээр хогийн хонхрын хайрганы ордыг нууц гэрээ хийгээд зарж эхэлсэн. Уг нь тухайн газрын хогийг өмнө нь түрж овоолоод газар нь эдгээд аятайхан болж байсан юм.
2011 онд ИТХ-аас гаргасан "хайрга гадагш зарахгүй" гэсэн тогтоолыг зөрчиж, хаваржин, зунжин, намаржин өдөр шөнөгүй хайргыг ухаж том машинуудаар зөөснөөс болж шороо тоос босож, зам харгуй олон газраар эвдэрч, иргэд оршин суугчдын тайван амьдрах нөхцөл боломж нь хүндрэлтэй болж, иргэд эсэргүүцлээ илэрхийлж эхэлсэн.
Нөгөөтэйгүүр их хэмжээний хайрга авснаас үүссэн жалганы нүхнээс гүний ус шүүрэн гарч, нуур болон тогтсон. Энэ газар руу хогоо түрж хийж эхэлсэн учраас иргэд хогийг ус руу хийлгэхгүй гэж тэмцэж эхэлсэний үр дүнд хогны хагасыг нь цааш нь зөөлгүүлж, аваачсан юм.
Гэтэл саяхнаас "Өгөөмөр Баянбулаг" компанитай хийсэн төвлөрсөн хогийн цэгийн хаягдлыг булуулах, хашаажуулах" гэсэн тамга, тэмдэг бүхий 2013 оны 04-р сарын 29-ний өдрийн 01 тоот гэрээг олж авлаа. Тэгээд сумын ИТХ дээр "дарга та санаатайгаар ашиг хонжоо олж иргэдийнхээ ундны усны эхэнд байдаг газар хог булуулах гэрээ хийсэн юм байна шүү дээ" гэтэл, сумынхаа 21 төлөөлөгчийн өмнө "наад гэрээ чинь хүчингүй гэрээ" гэсэн юм.
Энэ үед бид дээд байгууллага Засгийн газарт хандаж, тэндээс манай суманд шалгалтаар ирсэн хүнд "гэрээ хүчин төгөлдөр" гэсэн байх юм. Энэ гэрээг хууль ёсны гэрээ байна гэдгийг аудит тогтоосон. Хайрганы мөнгө болох 750 сая төгрөгний асуудлыг М.Баярбаатар ИТХ дээр өөрөө ярьсан.
Тэгсэн хирнээ мөнгөнийхөө тайланг ИТХ-д тавиагүй. Харин орлогч дарга нь иргэдийн нийтийн хурал дээр 2,1 км замыг төсвийн 13 сая төгрөгөөр хийсэн гэж ярих юм. Тэгэхээр хайрганы 750 сая төгрөг хаана байна вэ? Түүний 25 хувь нь орон нутгийн орлогод орох ёстой. Тэр ч байхгүй.
Улмаар Батжаргалын урд талд байдаг хайрга, 30-ын тохойн Орхон голын хайргыг зарах зөвшөөрлийг дахин өгснөөр зунжин, намаржин хайрганы усыг нь гоожуулж зөөлөө. Нэг машин хайрга 400000 төгрөг болдог. Зөөж байгаа эзэд, авч байгаа хүмүүс, компани нь тодорхой буюу эндээс 500 сая орчим төгрөгний хайрга гарсан. Бас л орон нутгийн орлогод мөнгө нь ороогүй.
Орхон голын салаа татуурганаас ингэж их хэмжээний хайрга авснаас болж голын гольдрого өөрчлөгдөж, хоёр айлын газар эрэгний нуралтаас болж урссан. 430 орчим ширхэг чацарганы мод, бут сүйтгэгдэж, хадлангийн талбай, машины зам эрэгний нуралтаас болж урслаа.
Ийнхүү эрэгний нуралт дахин үүссэнээс болж төмөр зам осол аюулд учрах хэмжээнд хүрч, галт тэргээр маш их хад чулуу авчирч, тэрэг техник, хүн хүч болж байж далан байгуулж, түр тогтоогоод байна. Бойны тохой гэгч энэ газар нь Сэлэнгэ нутгийнхны ирж амарч зугаалдаг, ой модтой, голын татуурга устай байгалийн үзэсгэлэнт газар байсан юм.
Гэтэл одоо тэнд иргэд очих ямар ч боломжгүй болсон. Засаг даргын ашиг сонирхлоо бодсон буруутай үйл ажиллагаанаас болж байгаль орчны олон хууль зөрчигдөж, байгаль орчин сүйтгэгдлээ. М.Баярбаатар нь дахин мөнгө олох арга сэдэж сумын 90 жилд мөнгө олно хэмээн нутгийн зөвлөлийн иргэдтэй уулзаж хандивын тоглолтыг Юбипаласт хийлгэнэ гээд Улаанбаатар хот руу явсан.
Ирэх үед нь сумын ИТХ хуралдаж "хэдэн төгрөг олсон"-ыг асуухад, "ямар ч мөнгө олоогүй, эндээс 5 сая төгрөгтэй явсны ачаар л бүх зүйлээ зохицуулаад баланс бариулж ирлээ" гэсэн. Харин сүүлд нь сонсоход гурван хүн хандив өгсөн.
Тоглолтын орлого нь 40-өөс 60 сая төгрөг байдаг гэх юм. Манай сум шөнө болгон харанхуй, бусад сум тосгон гэрэлтэй байх юм.
-Гэрэлтүүлгийн мөнгө 13 сая 200 мянган төгрөг хаачив.
-Сум хөгжүүлэх сангийн мөнгийг яагаад иргэдээр хэлэлцүүлэхгүй алга болгов. Хэдэн хүнээс бичиг авч санал авсан дүр эсгэсэн.
-Газар хуваарилалт хуулийн дагуу явахгүй, наймааны хэрэгсэл болсон гэх мэтчилэн хууль бус үйлдлүүд олон бий.
Зөвхөн байгалийн баялаг барилгын материалын гол түүхий эд болсон хайрганаас л гэхэд тэрбум гаруй төгрөг ор тас алга болсон. Энэ мөнгийг иргэд сум орон нутагтаа зориулсан бол сумын өнгө үзэмж сайжирч, олон хүний амьжиргаа дээшлэх байсан байх даа.
Энэ нутагт нүдтэй, чихтэй, мэдрэмжтэй, ухаантай хүн олон шүү дээ. Бүгд л М.Баярбаатарт хулхидуулаад, төөрөгдөөд явна гэж юу байх вэ? Өөрөө болохоор "би эрх мэдэл, албан тушаал, мөнгөтэй хүн.
Намайг хэн ч, яаж ч чадахгүй" гэж дахин хаус бариулж, байгалийн баялгийг гаднаа их хэмжээгээр буулгуулж, ёстой л "Алтан загасны эмгэн" шиг аашлаж байна. Энэ ч утгаараа "би хулгай хийгээгүй" гэж хоёр ч удаа хэргээ хэрэгсэхгүй болгуулж, зүгээр өнгөрч байсан.
"Хулгайч хүн болгон л аваагүй" гэдэг, "хуульч хүн авъяас чадвараараа л илрүүлдэг" шүү дээ. Гэтэл манай дарга авъяастай, хуулийг завхруулаад л өнгөрдөг. Иргэдийг эвдрэлцүүлээд л үнэнийг нь хэлсэн хүмүүсээс өшөөгөө авах гэж янз бүрийн арга хэрэглэдэг.
Дээр дурьдсан төр төсвийн мөнгө, эд материал, хайрганы гэрээ хэлцэл зэргийг хууль бусаар ашигласныг тогтоосон аймгийн аудитын дүгнэлт гарсан байгаа юм.
Энэ мэтчилэн илэрхий, хууль зөрчсөн үйлдлүүдийг "дарга нэртэй болгоныг цээжээрээ хамгаалдаг" МХГ-ын дарга Энхсайхан нь Шаамар нутагт "цэвэр ус руу хог хийлгэж, малын боом өвчин гарсан газар ногоо тариулж" байсан.
Энхсайхан дарга хэний даалгавраар юу хийж иргэдийг хохироогоод байна вэ? Үүний хариуцлагыг хэн хүлээх вэ? Ийм этгээдүүдэд эрх мэдэл байхад иргэд бид эрүүл тайван амьдарч, сум орон нутаг маань хөгжих үү...?
Сумын иргэдийн төлөөлөл