Польшид үйлдвэрлэсэн “Урбанек” гэдэг даршилсан ногоог ачиж, тээвэрлээд, Монголын хил дээр татвар төлөөд Улаанбаатар хотод борлуулж байна.

Тэр нь, Монголын хөрсөнд тарьж ургуулаад, татаж цуглуулаад, үйлдвэрлэж даршилсан ногооноос хямдхан. Энэ бол эдийн засгийн дархлаа суларсан эмзэг үед үүссэн хорт хавдар, ужиг өвчин юм. Монголчууд бид Польш тариачин цалинжуулахдаа хүрч солиороо юу?

Хууль зөрчихийг шаардсан ханш дагасан халуурлын хамт хувийн хэвшлийн зүгээс ч солиорлын түвшний шахалт, шаардлага ирж байна. Ам.долларын зээл авчихаад байхад ханшаа барихгүй, хүнд гай боллоо гэж хашгирч, хамаг бурууг төр рүү бухах хүн олон байна. Гэвч тэд анхнаасаа төгрөгийн зээл авах уу, ам.доллар уу гэдэг хоёр сонголт байсныг санах хэрэгтэй. Ханшийн өөрчлөлтийн эрсдэлтэй учраас ам.долларын зээл хүү багатай, хөндлөнгийн нөлөө багатай болохоор төгрөгийн зээл өндөр хүүтэй. Хүүний төлбөрийг ашиг болгон харж, өөрсдөө сонголтоо хийчихээд ханшийн өөрчлөлтөөс үүссэн алдагдал, зөрүүг төрөөс нэхэж суух нь хэр зөв бэ.

 

Тэдний үйлдэл нь ердөө 10 жилийн өмнө ид цэцэглэж байсан хадгаламж зээлийн хоршоо руу хошуурсан иргэдийнхтэй агаар нэг юм. Бага хүүгээр их ашиг олох сонголтынхоо эрсдэл, алдагдлыг төрөөс, татварын мөнгөнөөс, шударгаар хөдөлмөрлөж буй олон нийтээс авна гэж зүтгэх нь нүдний өмнө халаас суйлж байгаагаас ялгаагүй. Хэрэв тэд ханшийн өөрчлөлтгүй, эрсдэл үүсээгүй байсан бол хэл үг гаргахгүй хамаг ашгаа хүртээд л явах байсан нь мэдээж. Харин асуудал үүсэхийн цагт хаяагаа хадардаг байж болохгүй. Төгрөг хэмээх үндэсний мөнгөн тэмдэгтийн тогтвортой, найдвартай сайхан нь энд л оршдог. Орон сууцны ипотектэй, авто машины зээлтэй, урт хугацааны лизингтэй хүмүүс ам.долларын ханш өсч, бидэнд гай боллоо гэж ганц ч удаа дуугараагүйг санавал зохино.

Эдийн засаг өөрөө гажуудалд орсныг анзаарч, анхаарах цаг ирсэн. Жишээлбэл, Германтай хил залгаа Польш улс хүрэхийн тулд өргөн уудам Казахстан, Украйныг хөндлөн гулд туулж, Оросын газар нутгаар дамжин өнгөрдөг. Польшид үйлдвэрлэсэн “Урбанек” гэдэг даршилсан ногоог ачиж, тээвэрлээд, Монголын хил дээр татвар төлөөд Улаанбаатар хотод борлуулж байна. Тэр нь, Монголын хөрсөнд тарьж ургуулаад, татаж цуглуулаад, үйлдвэрлэж даршилсан ногооноос хямдхан. Энэ бол эдийн засгийн дархлаа суларсан эмзэг үед үүссэн хорт хавдар, ужиг өвчин юм. Ийм өвчлөл эдгэрэх нь импортлогчдыг идэш, уушнаас нь салгах аюултай. Тийм ч болохоор эдийн засагт хар шөл хийж өгөөд, эм уулгаж, тариа шахахаар эсэргүүцэж, идэвхтэй тэмцдэг нь импортлогч, цөөхөн хувийн хэвшил юм. Үнэхээр өөрсдөө үйлдвэрлэж, бүтээж чадахгүй байгаа бараа, бүтээгдэхүүн, баялгийг гадаадаас авахаас өөр аргагүй. Харин өөрсдөө бүтээх боломжтой баялагт өөрөөр хандах цаг ирж.