З. Урансүх

Манай улсын гадаад өр анх 2002 онд нэг их наяд төгрөгт хүрч байсан бол 2014 онд есөн их наядад хүрч даруй ес дахин өссөн. Харин өдгөө Монгол Улсын нийт гадаад өр 30.7 тэрбум ам.доллар. Засгийн газрын гадаад өр 2011 оныг дуустал ерөнхийдөө жигд өсөлттэй байсан бөгөөд 2012 онд гадаад зах зээлд бонд арилжаалж, баталгаа гаргасан зэргээс хамааран гүйцэтгэх засаглалын гадаад өр 2.5 дахин нэмэгдсэнийг эдийн засагчид хэлдэг. 

2021-2024 онд төлөх бондын өр
-Мазаалай бонд: 2021 онд 500 сая ам.долларын эргэн төлөлт хийнэ. Хүүнд нь 2019 оны байдлаар 140 орчим тэрбум төгрөг төлжээ.
-Чингис бонд: 2012 онд 4.1 хувийн хүүтэй зээлсэн тэрбум ам.долларыг 2022 онд төлнө.
-Самурай бонд: 2023 онд 30 тэрбум иен буюу 500 сая ам.долларыг төлнө.
-Гэрэгэ бонд: Засгийн газар 2017 оны аравдугаар сард 5.5 жилийн хугацаатай 5.625 хувийн хүүтэй 800 сая долларын бондыг арилжаалсан. Бондын эргэн төлөлтийг 2023 онд барагдуулна.
Хуралдай бонд: 2017 онд босгосон ба 8.75 хувийн хүүтэй, 600 сая долларын өрийг 2024 онд төлнө. Үндсэн төлбөр хийгдэх хүртэл гэрээний дагуу хагас жил тутам 26 сая 250 мянган доллар буюу 63 тэрбум гаруй төгрөг төлдөг. 2020 онд ч хүү төлнө

Товчхондоо, Засгийн газрын гадаад өр 2011 оныг дуустал зөвхөн гадаад зээл гэсэн нэг төрөлтэй байсан бол 2012 оноос Засгийн газрын баталгаа, Засгийн газрын гадаад бонд гэсэн хоёр төрөл нэмэгдсэн. 2012 онд Монгол Улсын Засгийн газар анх удаа гадаад зах зээлд бонд гаргасан бөгөөд мөн гадаад зах зээлд Хөгжлийн банкны гаргасан бондод баталгаа гаргасан билээ. Гадаад өрийн бүтцийг авч үзвэл 2011 он хүртэл Засгийн газрын гадаад өрийг 100 хувь гадаад зээл эзэлж байсан бол 2012 онд 49 хувийг гадаад зээл, 16 хувийг баталгаа, 35 хувийг гадаад бонд, 2013 онд 50 хувийг гадаад зээл, 16 хувийг баталгаа, 34 хувийг гадаад бонд, 2014 онд 44 хувийг гадаад зээл, 26 хувийг баталгаа 31 хувийг гадаад бонд, 2019 оны сүүлийн улирлын байдлаар 29 тэрбум ам.долларт хүрчээ. Эдгээрийн 18.2 тэрбум нь аж ахуйн нэгж, компанийн зээл. Харин 2.2 тэрбум нь арилжааны банк, хоёр тэрбум нь Монголбанкны, 7.2 тэрбум нь Засгийн газрын өр. Эндээс 14.3 тэрбумыг нь ирэх гурван жилд төлөх ёстой.

Засгийн газрын гадаад бондын тухайд УИХ-аас 2012 оны 52 дугаар тогтоолоор тав хүртэлх тэрбум ам долларын бондыг 2012-2014 онд үе шаттай гаргахыг Засгийн газарт зөвшөөрсөн байдаг энэ дагуу 1.5 тэрбум ам.долларын бондыг олон улсын бондын зах зээл дээр гаргасан. Түүнчлэн Сангийн яамнаас боловсруулсан Засгийн газрын 2015-2017 оны өрийн дунд хугацааны стратеги баримт бичигт зааснаар гадаад зээлийг аль болохоор бага хүүтэй, урт хугацаатай эх үүсвэрээс авах, Засгийн газрын өрийг аль болох дотоод эх үүсвэрээс санхүүжүүлэх, гадаадаас төгрөгийн зээл авах боломжийг хайх учиртай. Тэгээд ч Засгийн газар 2015-2017 оны хооронд гадаад бонд нэмж гаргахгүй хэмээж байсан ч мартаж орхисон.

Эргэн сануулахад, Н.Энхбаяр Ерөнхий сайд байхдаа ОХУ-ын Засгийн газрын тэргүүнтэй нэлээд ярилцсаны эцэст хуучин ЗХУ-аас ОХУ-д шилжсэн Монголын их өрийг мулталж байсан цаг саяхан мэт санаанд тод байна. Тухайн үед Монголын ард түмэн сэтгэл догдлон, бид өргүй боллоо хэмээн хөөрцөглөж байсан сан. Энэ талаар бичигдсэн мэдээ нийтлэлүүд ч тэр үеийн сонин хэвлэлийн хуудаснаа зөндөө гарсан. Гэтэл өдгөө Монгол Улсын Засгийн газрын гадаад өр, зээл, дээр нь хувийн хэвшлийн пүүс, компаниудын тавьсан өр зээлийг нэмбэл талийсан тоо гарах нь тодорхой болчихлоо. Одоогоос дөрвөн жилийн өмнө эдийн засагч Д.Жаргалсайхан Монгол Улсын өр хуучин Зөвлөлтөөс ОХУ-д шилжсэн их өрөөс ч хол давлаа гэж хэлж байхад, арай ч дээ хэмээн эргэлзэж, эгдүүцэж байсан сан. Гэтэл одоо энэ бүхэн үнэн болж хувирлаа. За ямартай ч өнгөрсөн хугацаанд манай засаг бонд босгох ажилд нэлээд гаршаад байгааг л харж байна.

Нөгөөтэйгүүр бондын хөрөнгөөр санхүүжүүлэхээр төлөвлөсөн төсөл, төлөвлөсөн ажлууд цаг хугацаа алдаж оройтож эхэлсэн. Энэ талаар Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн "Чингис бондыг босгож чадсан нь нэг талдаа эдийн засгийг тогтвортой байлгахад ихээхэн үүрэг гүйцэтгэсэн. Харамсалтай нь бондын мөнгийг үр дүнтэй ашиглаж чадсангүй. Эдийн засгаа ч импортоо ч улам хүндрүүллээ. Зөвхөн зам, барилгын салбарт бондын хөрөнгийг түлхүү оруулснаар бусад салбарт ачаалал өгсөн.

 Зүй нь эцсийн бүтээгдэхүүн гаргах үйлдвэрүүд байгуулах, валютын нөөцөө нэмэгдүүлэх чиглэлээр зарцуулсан бол үр ашиг өндөр байх байлаа. Харамсалтай нь тэгж чадсангүй" гэж хэлж байсан удаатай. Харин эдийн засагч Д.Жаргалсайхан, “Бондын хөрөнгийг дэд бүтэц рүү түлхүү оруулж байна. Эцэст нь бондын мөнгийг эргүүлж төлөх асуудал байгаа. Бондын өгөөжийг гаргаж чадахгүй бол төлбөрөө цагт нь төлж чадахгүйд хүрнэ. Дахиад л зээл авах асуудал тулгарч, өртэй болно. Бондыг төлөх үед төсөвт маш том нөлөө, дарамт үүснэ. Энэ бол сөрөг тал" гэж сануулж байсан санагдана.

Тэгтэл одоо дахиад л бонд гаргах тухай яригдаад эхэллээ. Ер нь бондоор "бөмбөгдөж" эдийн засгаа босгоно гэдэг санаа хэр оновчтой бодлого юм бол. Бонд гэдэг хөрөнгө оруулалт, буцалтгүй тусламж ч биш, ердөө л өрийн бичиг... Нөгөөтэйгүүр Монгол Улсын гадаад төлбөрийн чадвар, эдийн засгийн өсөлтийн хурдац, дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт, ойрын болоод дунд хугацаанд Монгол Улсад орох орлогын хэмжээ өр зээл гээд үүнд нөлөөлөх олон зүйл бий. Өнөөдөр Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт дажгүй хувьтай байгаа ч эдийн засагт уул уурхайн олборлолт, экспорт ноёрхсоор байна. 

Тодруулбал, Монгол Улсын эдийн засгийн өсөлт эерэг үзүүлэлттэй байгаа ч эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортод гаргадаг үйлдвэрлэлийн хувь хэмжээ тун бага байгаа нь нууц биш. Товчхондоо төсвийн орлогыг бүрдүүлэх үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтын хэмжээ тааруугаас тааруу байгаа ийм нөхцөлд Засгийн газар бонд гарган улс орны эдийн засгаа тэлэх нь хэр оновчтой юм бол. Энэ талаар улс төр судлаач, эдийн засагчид янз бүрээр л ярьж байна. “Их өр” эргээд үүд тогших бий вий дээ...
Эцэст нь тэмдэглэхэд, УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэх гол хуулийн төсөл бол Монгол Улсын 2021 оны төсөв болон түүнийг даган өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд. 

Төсөлд Монгол Улсын 2021 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 11.8 их наяд төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 27.9 хувь, нийт зарлагын хэмжээг 13.9 их наяд төгрөг буюу 30 хувь, төсвийн алдагдлыг 2.6 их наяд төгрөгөөр бууруулж, -2.2 их наяд төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний -5.1 хувь байхаар төлөвлөж, төсвийн төсөлд тусгасан нь манайдаал том гэгддэг эдийн засагчдын зүгээс шүүмжлэл дагуулсаар буйг хайхрахгүй өнгөрч бас боломгүй... 

Бодвол, дэлхийн зах зээл дээрх нүүрс, зэс зэрэг түүхий эдийн үнийн хэлбэлзэл, гадаад улс орнуудын эдийн засгийн хориг зэргээр нөлөөлөх эрсдэл бүхнийг тооцсон байх. Гэхдээ л хамгийн чухал асуудал болох 2021-2024 онд төлөх томоохон бондуудын өрийг дурсахгүй өнгөрч чадахгүй нь. Нэг бондын хүүг төлөхийн тулд нөгөө бондыг босгож явсаар Монгол Улс жил дараалан төлөх тэрбумаар яригдах ам.долларын өрөнд орчихсон. Ахиад хэлье, бонд бол өр…

ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН