Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, жүдо бөхийн дэлхийн аварга, олимпийн хүрэл медальт Х.Цагаанбаатар бол энэ үеийн шилдэг тамирчдын нэг. Дэлхийн чансаанд үргэлж дээгүүрт ордог жүдоч. 

Түүний адууны засааг түүхийгээр цусыг нь савируулан идэж байгаа бичлэг нь цахим ертөнцөд түгсээр байна. youtube сайтад Цагаанбаатар гэж бичээд хайхад дэлхийн аваргын алтан медалиа бахархалтайгаар зууж байгаа бичлэгийнх нь дор засаа идэж байгаа дүрс нь бэлхнээ гараад ирэх юм. 

Монголын жүдог, Монголын жүдочдыг сонирхож, судалж байгаа гадныхан энэ мэдээллийг олж үзсэн нь мэдээж. Х.Цагаанбаатарын бичлэгийг зэрвэс харвал ханнибал буюу хүний махаар хооллогч шиг харагдана. Засаа идэх гэдэг энэ үйлийг монголчуудаас өөр улс мэдэх үү. Гадныхан хараад ойлгохгүй, яг юуг зажилж байгааг нь тайлбарлавал огих биз. 

Монголчууд өөрс­дийгөө их л омголон догшин, мундаг эрэлхэг хүмүүс гэж гайхуулах гэхдээ бүдүүлэг, зэрлэг, махчин байдлаар ха­руулчихдаг нь ха­рамсалтай. 

Жүдо бөх дэг жаяг, сахилга батаараа гайхагддаг спорт. Татами дээр тамирчин чанга хашгирч, сальта эргэх тохиолдолд хатуу сануулга өгдгийг спорт сонирхогчид мэднэ. Энэ спортыг дэлхий даяар сурталчилж, араасаа мянга мянган хүүхэд залуусыг байлдан дагуулж байгаа шилдэг жүдочдыг япончууд, Олон улсын жүдо бөхийн холбоо тоодог. Цагаанааг ч үнэлдэг. Гэтэл энэ бичлэгийг гадныхан, өндөр соёлтой хүмүүс өөрсдийнхөөрөө тусгаад "Монголчууд, Цагаанбаатар хан­нибализмийг дэмждэг. Ийм үзлийг сурталчилдаг" хэмээхэд л бүх юм өндөрлөнө. Олон улсын жүдо бөхийн холбооныхон Х.Цагаанбаатарын ам­жилтуудыг үгүйсгэж, авсан медалийг нь хурааж мэдэх зарчимч хүмүүс. "Ханнибал залуугаар татами дутахгүй. Ер нь танай жүдочдыг харзная" гээд л тас ширвэчихвэл бид яаж ч чадахгүй, түүхий мах идсэн бичлэг нь ертөнцөөр нэг тарчихсан байхад. Уг нь улаан мах байтугай, болсон махыг хөндөхдөө хүндэтгэлтэй ханддаг арвин ёс заншил бидэнд бий юмсан. 

Юм бүхэнд тоглоом, наадмаар хандана гэдэг зохимжгүй. Цаг тутам л өөрийнхөө тухай элдэв мэдээ, сэлт, ховыг фэйсбүүк, твиттерт оруулж алдарших гэсэн дон энэ нийгмийг бүрхчихээ юу. "Би өглөөний цайндаа хоносон хоолоо халааж идлээ", "Эмээгийнхээ будаатай цайг уух уу, яах уу", "Тайландаас авчирсан хулсан дэвсгэр дээрээ хэвтэх үү, суух уу", "Нөхөр агсам тавьчихлаа. Салах уу, болих уу" гээд алхам бүрээ нийтэд цацаж, алдартай болох гэсэн хүмүүс олшрох болов. Алив зүйл нууц, далдхан байх тусмаа үнэ цэнэтэй. Х.Цагаанбаатарын түүхий мах зулгааж, нүүр, гараа цустаж байгаа бичлэг бол мөн л алдаршихын донгийн ээлжит нэгэн үйлдэл. Монголчууд Монголоо ингэж л гутаадаг. Өөр айлд, гадны хүнд, харийнханд харуулахгүй юм гэж өрх гэрт бий. Нэг мөч, хором бүрт цахим ертөнцөд алдаршихгүй байж чадахгүй болчихсон энэ сөрөг дадал асар их хор урхагтай. Үр дүн нь яаж ч эргэж мэдэхээр. Тухайн агшинд гаргасан хөнгөн хийсвэр зан, сэтгэл хөдлөлдөө хөтлөгдсөн болчимгүй үйл дараа нь харамсаад барамгүй зовлон авчрах нь бий шүү. Өнөөдөр таны алдаршихын тулд хийсэн энэ мэт жижиг үйлдэл маргааш нь асар том зүйлийн шархыг хөндөж болно.

Засаа идэхдээ заавал бичлэг хийж, зургаа даруулаад юу хийнэ. Засааг алдаршуулах хэрэгсэл биш тамир тэнхээ сэлгэдэг ардын дом гэдэг талаас нь ойлгож байгууштай.

Ханнибализм гэдэг энэ зүйлээс хүн төрөлхтөн цагийн цагт зугтаж ирсэн. Түүхий маханд донтсон хүн малын махнаас уйдаж хүний махыг илүү амттайд тооцож шүлэнгэтдэг аж. Дэлхийн зарим оронд ханнибалын амьдралыг сонгосон махчингууд залуу охид, нялх хүүхдийн маханд шунан аймшигт хэрэг үйлддэг тухай бид гадны мэдээллийн хэрэгслээр олж дуулдаг. Гэтэл Монголд, хүүхэд залуусын хүндэтгэл бишрэлийг төрүүлдэг бөх залуу түүхий мах зэрлэгээр зулгаан идэж байгаа бичлэгээ нийтийн сүлжээгээр тараасан нь ханнибализмыг хойч үе гэлтгүй нийгэмд бүхэлд нь сурталчилсан явдал боллоо.

Ийм болохоор л алдаршихын дон аюултай, алдаа дагуулж мэднэ гээд байгаа юм. 

Д.ГАНСАРУУЛ