Д.Сугар үнэхээр тасарчихаж. Тэр монголчуудын амьдралаас хэтэрхий хол тасарсан байна. Уг нь яаж олсон нь хамаагүй, мөнгөтэй хүн лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү, маньд хамаагүй л дээ.

Японы Токиод, Солонгосын Чэжүд хаус, орон сууц өндөр үнээр авлаа, зарлаа л гэнэ. Энэ нь бидэнд пад алга. Д.Сугарыг шалгах хэрэгтэй бол хууль хяналтынхан мэдэх биз.

Харин Д.Сугар хөрөнгө орлогоо нуун дарагдуулаад АТГ-ын мөрдөн байцаагчид байцаалт өгөхдөө хэлсэн нь анхаарал татав. Баянзүрх дүүргийн III хороо, “Алтантэвш” хороолол дахь 30 м.кв-аа яагаад мэдүүлсэнгүй вэ гэж байцаагч асуужээ. Хариуд нь мань хүн “Энэ хороолол дахь 372 м.кв талбайтай хувийн орон сууцны хамт манаачийн байр болгож 2007 онд барьсан юм. Өөрийн орон сууцны хамт гэж үзээд мэдүүлээгүй...” гэжээ. Өөрөөр хэлбэл, тэрхүү 30 м.кв талбайтай сууцыг мартсан бололтой юм. Бас 30 м.кв талбайтай байр гэдэг түүний хувьд үүдний амбаар маягийн юм уу даа.

 

Монголд баян хүн олон бий. Д.Сугараас баян нь ч зөндөө бий. Харин Д.Сугар шиг ингэж тэнэгтсэн нь үгүй. 30 м.кв талбайтай орон сууц гэдэг Д.Сугарын хувьд хөрөнгө гэж үзээд байх эд биш ажээ. Гэтэл өнөөдөр Монголд орон сууцны үнэ тэнгэрт хадаж гурван сая дөхөөд байна. Зээлээр авбал бүр талийна.

Залуус, шинэ гэр бүл, эсвэл анх удаа орон сууц авах гэж байгаа хүмүүсийн сонголтын дундаж бол ийм 30 м.кв талбайтай байр болоод байгаа. Бас болоогүй, дээрээс нь тэр байраа авах гэж зээлд хамрагдана. Тэр нь ч олдохгүй. Зээлд хамрагдахын тулд сугалаанд хүртэл орж байна. Азтай бол нэрээ сугалуулаад “Буянт ухаа” хорооллын дунджаар 30 м.кв орон сууцанд 20 жилийн хугацаатай төлдөг зээлээр орж болно. Түүнийгээ төлөх гэж бүтэн 20 жил ажиллана гэсэн үг. 20 жил өвдөж, үхэж болохгүй. Ийм хүн Монголоор нэг бий.

Амьдрал ийм л байна. Харин ТӨХ-ны даргаар хэдэн жил ажилласан, насаараа төрд ажилласан  Д.Сугарынх огт өөр ажээ.

Б.Дамдин-Очир