2017 оны 6 сарын 29. 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа өндөрлөх дөхөж байлаа. Тухайн үед Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комиссын дарга, Монгол Улсын Шадар Сайдаар ажиллаж байсан У.Хүрэлсүх наадмын комиссын хуралдааны үеэр хурдан морины уралдаан зохион байгуулах салбар хорооныхонд Монгол, эрлийз морьдыг ялгаж уралдуулах асуудалд онцгой анхаарал хандуулан ажиллах үүрэг өгөв.Энэ үеэрээ тэрээр : “Монгол наадамд зөвхөн Монгол морь л уралдах ёстой. Ямар нэг арга саам хэрэглэж, Монгол морьдын уралдаанд эрлийз болон холимог цусны морь "шургуулах"-ыг оролдвол шууд хуулийн байгууллагад тухайн хүнийг өг.Бид Монгол адуугаараа бахархах ёстой. Монгол наадмаараа төрийн сүлдэндээ залсан Монгол адуугаа уралдуулж, монгол мориныхоо удмын санг үеийн үед хамгаалж авч явах ёстой.” хэмээсэн юм. Яг энэ үед Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд АН-аас нэр дэвшигч Х.Баттулгын сонгуулийн штабаас жүжигчин Хүрлээгийн тоглосон Монгол наадамдаа Монгол морь л эрлийз морийг түрүүлэх ёстой гэсэн телевизийн сурталчилгаа бэлтгэснээ цацаж байв. Тохиолдол гэхэд дэндүү итгэмгүй.

 

Үнэхээр ч хожим нь буюу 2017 оны 8 сарын 16-нд ил болсон Х.Баттулгын пиарыг хариуцаж байсан “HERO entertainment” студийн найруулагч Л.Баатар, Ерөнхий Сайд У.Хүрэлсүх нарын утасны яриагаар бол : “Ерөнхийдөө Х.Баттулгын ялалтын бараг л 40-50 хувь нь Хүрэлсүх ахын нөлөө, ялангуяа морь” байсан аж.

 

Сонгуульд Х.Баттулга ялалт байгууллаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийн биеэр Төв аймгийн Батсүмбэр сумын ойн түймэртэй бүс нутагт ажиллахаас ажлаа эхлүүлсэн юм. Түймрийн голомт дээр угтан авч, нөхцөл байдлыг танилцуулсан хүн нь аанай л Монгол Улсын Шадар Сайд У.Хүрэлсүх.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд АН-аас нэр дэвшигч Х.Баттулгын сонгуулийн штабын хэвлэл мэдээлэл, пиар хариуцсан баг сонгуулийн санал хураалт дууссаны дараа бараг л амарч амжилгүй дараагийн довтолгоондоо орсон юм. Үй олон нийтлэл, өгүүлэл, сошиал контент, телевизийн нэвтрүүлэг гээд л... Агуулга нь харин Ерөнхий Сайд Ж.Эрдэнэбат, УИХ-ын дарга М.Энхболд нар ямар муу хүн болох, МАН-ыг гагцхүү У.Хүрэлсүх л аврах тухай байлаа.

 

Монгол Улсын Ерөнхий Сайд, МАН-ын даргаар У.Хүрэлсүх томилогдсоны дараа ч Х.Баттулга-У.Хүрэлсүх гэсэн хоршил амжилттай үргэлжилсэн юм.

 

 

Тэдний хоршил яг үнэндээ бодитой дараах өөрчлөлтийг л Монголын улс төрд авчирсан билээ.

Энэ нь 1-т УИХ-ын тухай, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулан, УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулж, МАСЗХ-ы үеэс л У.Хүрэлсүхийн генсекээр ажиллаж ирсэн, түүний багын найз бөгөөд Ерөнхийлөгч Х.Баттулгатай нэг нутгийн Г.Занданшатарыг УИХ-ын дарга болгосон.

2-т Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Прокурорын тухай хууль, Авилгын эсрэг хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулиудыг өөрчлөн баталж, хуулийн байгууллагуудын удирдлагыг бүрэн өөрчилсөн явдал байв.

Өөр тэр гээд хэлчих зүйл үнэндээ алга шив дээ. Яахав хуулийн байгууллагуудын удирдлагуудыг өөрчилснийх “Эрдэнэт”-ийн 49, “Стандарт” банкны барьцаанд “Эрдэнэт” үйлдвэрийг тавьсан хэрэг, “60 тэрбум”-ын хэрэг, оффшорчид гээд олны анхаарал татсан хэргүүдийг удаан ч гэсэн, хагас ч дутуу ч гэсэн, ял шийтгэл хэдий хөнгөн ч гэсэн шийдэж л байна.Гэвч энэ бүхний оноо нь Ерөнхийлөгч Х.Баттулга гэхээсээ илүү Ерөнхий Сайд У.Хүрэлсүх тэргүүтэй МАН-ын удирдлагад нэмэгдэж буй нь гарцаагүй үнэн. Энэ нь УИХ-ын чуулганы хуралдааны үеэр намынхантайгаа хатуу үг шидэлдэж байсан түүний харизматик байдал, ЗГХЭГ-ийн дарга Л.Оюун-Эрдэнийн өөрөө биечлэн асуудал руу орж буй идэвхтэй шударга үйл ажиллагаатай холбоотой.

 

Мөн сүүлийн үед өрнөж буй үйл явдлаас харахад Ерөнхийлөгч Х.Баттулгын бяр дуусчихаа юу даа? гэсэн дүгнэлт хийж болохоор болжээ.Захиргааны хэргийн шүүгч НИТХ-ын 2020 оны сонгуульд ХҮНамыг оролцуулаагүй нь Ерөнхийлөгч Х.Баттулгын заавраар хийгдсэн ажил хэмээн ХҮНамынхан өгүүлж байв. Хариуд нь ЕТГ-аас мэдэгдэл гаргах буюу эсвэл Ерөнхийлөгчийн ямар нэг зөвлөх нь ч болтугай “үгүй” гэж ганц үг ган хийгээгүй нь текстологийн хувьд “Тунгалаг Тамир”-ын Долгор “Үнээн” л гэж хэлдэгтэй адил хариулт.

 

Гэвч  удалгүй ХҮНам НИТХ-ын 2020 оны сонгуульд оролцохоор болж, Х.Баттулгын л нэр муудаад үлдэв.

Мөн өнгөрсөн Даваа гарагт УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын өргөн барьсан Шүүхийн тухай гурван хуулийг буцаах нь зүйтэй гэж үзсэн юм.Мөн ҮАБЗ-ийн зөвлөмжөөр шүүх, хуулийн байгууллагын удирдлагуудыг өөрчилдөг хуулийг хүчингүй болгох тухай хуулийн төслийг Шүүхийн тухай хуулийн төсөлтэй хамт хэлэлцээд явах нь зүйтэй гэж үзсэн билээ.

Энэ тохиолдолд Ерөнхийлөгч Х.Баттулга шүүх тогтолцоонд ямар нэг хэлбэрээр нөлөөлөх оролдлогыг  Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгууль хүртэлхи богинохон хугацаанд ч гаргуулахгүй байх юм.

Эцэст нь хамтдаа бодоцгооё. 

 

Х.Баттулга ба МАН-ын өнөөгийн удирдлага гэсэн хоршлын үр дүнд яг хэн нь хожив?

 

Хүч эн тэнцүү байсан МАН-ын хоёр бүлгийн нэг нь дотоод өрсөлдөөндөө Ерөнхийлөгч Х.Баттулгын дэмжлэгийг авч, хамтран ажилласнаар нөгөө бүлгээ бүрэн бут ниргэж, нам дахь хэт их ноёрхлоо тогтоов.

Улмаар МАН УИХ-ын 2020 оны сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулав, сөрөг хүчин АН  нь одоо ч учраа ололгүй үймсэн, ер нь бол нам байтугай олон нийтийн байгууллага гэхэд хэцүү юм болж үлдэв. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үр дүнд УИХ дахь сөрөг хүчний байтугай гишүүдийнх нь бодит хүч чадал ч саарлаа. МАН-ын өнөөгийн удирдлага урьд хожид улс төрийн түүхэнд байгаагүйгээр хүчирхэгжээд, өөрсдөө л Х.Баттулгад сул нэр дэвшигч “хаяж өгдөггүй” юм бол Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд ялалт байгуулах эрч хүч дүүрэн дэвж явна.

Харин Х.Баттулга юутай үлдэв ээ?

Оффшорчидтой хариуцлага тооцох, 60 тэрбумын хэргийг шийдвэрлэх, иргэдийн өрийг тэглэх зэрэг амлалтуудаа биелүүлж огт чадсангүй. Яахав Да.Ганболд, М.Энхсайхан, С.Баярцогт нарыг шоронд суулгасан нь шударга ёсыг тогтоож буй мэтээр пиарын үр нөлөөтэй мэт боловч нөгөө талдаа харин ч Х.Баттулгын суурь дэмжигчид буюу АН-ын хатуу дэмжигчдийн саналыг  хуваах магадлал харагдаж байгаа.

 

Хэрэв Ц.Элбэгдоржийн “оймс”-ыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн өмнө гозолзуулах аваас энэ эффект улам хүчтэй болох биз ээ.

 

Мөн Ерөнхийлөгчийн хамгийн олон жил ярьж буй Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг "Эрдэнэс Тавантолгой" компаниас санхүүжүүлэн ажиллаж буй ч Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулиас өмнө дуусч амжих эсэх нь маш эргэлзээтэй.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг маш нарийн алсын хараатай, стратегитэй ажиллаж байна, тэр бүү хэл В.Путин, ОХУ-ын дэмжлэгтэйгээр Монголд дарангуйлал тогтоох нь, Монгол Улсыг ШХАБ-д элсүүлж, өөртөө ашиг хонжоо олохоор улайрч байна гэх мэтээр улс төрийн хүрээнд идэвхтэй ярьдаг байсан ч энэ дүгнэлт зүгээр л хоосон фантааз байжээ гэдэг нь цаг хугацааны явцад тодорхой болж байна. 

Харин ч улс төрийн уран нүүдэл хийж, гайхалтай шатар тоглож байна гэж бодоод байсан хүн маань зүгээр л хэн нэгний шатрын хүү байсан юм биш биз дээ?

Юутай ч МАН-ын удирдлагад одоо бол Ерөнхийлөгч Х.Баттулга хэрэггүй болчихжээ.

Харин нэгэн цагт өөрсдийг нь эрх мэдлийн оргилд хүргэхийн төлөөх хамтрагч нь байсан Ерөнхийлөгч Х.Баттулгад МАН-ын өнөөгийн удирдлага хэрхэн, хэдий хугацаанд ямар хэлбэрээр ач санахыг цаг хугацаа мөдхөн харуулна.

 

М.Гал

sonin.mn