Гэтэл өнөөдрийг хүртэл хоёр дахь шатны санхүүжилт дээрээ анхаарахгүйгээр үл барам асуудлыг яаравчлах сонирхолгүй байгаа нь эдийн засгийн нөхцөл байдлаар далимдуулж Засгийн газрыг шантаажлах бодлого л гэж харагдаад байна. Мэдээж тэглээ гээд Засгийн газар бууж өгөхгүй. Тэр тусам нь гэрээний нөхцөлүүдээ чангатгаж, Монголын ард түмэнд илүү өндөр ашигтай болгоно гэж найдъя.
 
        Оюутолгой төлсийн хэрэгжүүлэгчид яг үнэндээ “Монголын төлөө бус” гэдэг нь он гарсаар хангалттай харагдаж эхэллээ. Монголчуудын хэлдгээр “зэс нь цухуйж” байх шиг. Тодорхой хэмжээнд хангалтгүй гэрээ хийсэн Монголын Засгийн газрын буруу ч үүнд байгаа л байх. Гэхдээ л Оюутолгойнхон үнэхээр монголчуудын төлөө байсан юм бол өнгөрсөн хугацаанд тал талаасаа хамтарч, нийлээд, гэрээгээ сайжруулаад аваад явчих боломж хангалттай л байлаа. Төслийн хоёр дахь шатны санхүүжилт өнөөг хүртэл хэрхэн шийдэгдэх нь тодорхойгүй байна. Хамгийн сүүлд Turquoise Hill Resources компанийн зүгээс төслийн санхүүжилтийг шийдэх хугацааг есдүгээр сар хүртэл хойшлуулснаа зарласан.

 

Төслийн санхүүжилт хойшлогдох тусам Монголд ашиггүй. Үүнийг Засгийн газар болон “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн хувьд сайн мэдэж байгаа. Тийм ч учраас Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг Рио Тинто-д захидал илгээж, “Монгол Улсын Засгийн газар Оюутолгой төслийн хоёр дахь шатны санхүүжилтийг урагшлуулахад бүх талаараа дэмжихэд бэлэн байна” гэдгээ илэрхийлсэн. Мөн үүний дараа “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн Г.Тэмүүлэн хэвлэлд ярилцлага өгөхдөө “Манай талаас бүх талаараа хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлж, төслийн санхүүжилтийг аль болох богино хугацаанд эхлүүлэх сонирхолтой байгаа. Гэвч хөрөнгө оруулагч тал зэсийн үнийн дэлхийн зах зээлийн нөхцөл байдалтай холбоотойгоор хоёр дахь шатны санхүүжилтэд төдийлөн яарахгүй байх байр суурьтай байх шиг байна” хэмээн дурьдсан байсан. Мөн төслийн санхүүжилтийн хугацааг сунгах тал дээр аль болох богино хугацаагаар сунгах хүсэлт тавьсан талаар Эрдэнэс Оюутолгой ХХК-ийн гүйцэтгэх захирал Да.Ганболд мөн л онцолсон байсан.

Нэг ёсондоо Монголын тал Оюутолгой төслийн хоёр дахь шатны санхүүжилтийг эхлүүлэхийн тулд эрвийх, дэрвийхээрээ л зүтгэж эхэллээ. Харин Рио Тинтогийн зүгээс энэ удаад Монголыг шантаажилж, гэрээ болон бусад үйл ажиллагаатай холбоотой асуудлаар илүү сайн нөхцөл авахын төлөө зүтгэж байгаа бололтой. Рио Тинтогийн шантааж зөвхөн хоёр талын хэлцлийн асуудлаар ч гарч ирээгүй. Цагаан сарын дараа батлагдсан Алтны худалдаанд ил, тод байдлыг бүрдүүлэх тухай хуулийг Оюутолгой төсөл ашиглах сонирхолгүй байгаа. Нэг ёсондоо Монголын төв банкинд алтаа тушаах сонирхолгүй байх шиг. Уг нь Монголбанк энэ онд Оюутолгойгоос алтыг нь худалдаж аваад эхэлбэл, багадаа 20 тонн алт төвлөрүүлж, валютын нөөцөө нэмэгдүүлэх боломжтой. Оюутолгойгүй байгаа нөхцөлд ердөө 11 орчим тонн алт дээд тал нь төвлөрүүлэхээр байгаа юм билээ.

Оюутолгой төслийн хоёр дахь шатны санхүүжилт хоёр тэрбум орчим ам.доллар. Дээрээс нь Монголбанкинд тушаагдах алтны хэмжээгээр дамжаад багадаа л гурван тэрбум орчим ам.долларын валютын урсгал Монголд орж ирэхээр байгаа юм. Гэсэн хэдий ч энэ хэмжээний валютын урсгал орж ирвэл Монголын эдийн засаг сэргэчих гээд байгаа болохоор Оюутолгойнхон түр хойш суугаад байгаа бололтой. Муугаар бодоход тэр шүү дээ. Нөгөөтэйгүүр компани болсон хойно ашгийн төлөө л явж байгаа байх. Ашиггүй байгаа учраас хөрөнгө оруулалтыг урагшлуулах сонирхолгүй байж ч болох юм. Гэхдээ Оюутолгойнхон нэгэнт Монголын хөгжлийн төлөө компани гэдгээ нотлохыг хүсэж байгаа бол яаж ийгээд л хоёр дахь шатны санхүүжилтээ аль болох богино хугацаанд эхлүүлэх л ёстой болов уу. 

Гэтэл өнөөдрийг хүртэл хоёр дахь шатны санхүүжилт дээрээ анхаарахгүйгээр үл барам асуудлыг яаравчлах сонирхолгүй байгаа нь эдийн засгийн нөхцөл байдлаар далимдуулж Засгийн газрыг шантаажлах бодлого л гэж харагдаад байна. Мэдээж тэглээ гээд Засгийн газар бууж өгөхгүй. Тэр тусам нь гэрээний нөхцөлүүдээ чангатгаж, Монголын ард түмэнд илүү өндөр ашигтай болгоно гэж найдъя. Нөгөөтэйгүүр эдийн засгийн хувьд цаашдаа Оюутолгойгүй ч эдийн засгийн өсөлтөө аваад явчих тэр боломж, нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө ажиллах хэрэгтэй болж байх шиг байна. Ямартай ч энэ ондоо Оюутолгойгоос их зүйл харалтгүй болчихлоо.