Ардчилсан намын дарга асан С.Эрдэнэтэй ярилцлаа.


-Ардчилсан намыг байгуулсан таван нам нэгдсэний 20 жилийн ой энэ сард болж байна. Та намын нөхдөдөө хандаж юу хэлэх вэ?

-2000 оны арванхоёрдугаар сарын 6-нд улс төрийн таван нам нэгдэж Ардчилсан намыг байгуулсан. Энэ жил 20 дахь жилийн ой нь тохиож байна. Энэ таван намын үе үеийн дарга нар, Ардчилсан намын нийт гишүүддээ баярын мэнд хүргэе. Цаашдаа намынхаа, улс төрийн дараа дараагийн сонгуульд амжилт гаргахын төлөө идэвх чармайлттай ажиллаарай гэж уриалмаар байна.

-Манай улс цар тахлыг дотооддоо алдлаа. Нөхцөл байдлыг та хэрхэн дүгнэж, цэгнэж байна вэ?

-Дэлхий нийтээрээ цар тахалтай тэмцэж байна. Ийм нөхцөл байдалд манайх шиг сахилга хариуцлага сул улс харин ч цар тахлыг удаан хугацаанд барилаа. Гэхдээ үүнээс илүү хугацаанд барих боломж байсан. Өргөн уудам газар нутагтай, хүн ам цөөтэй, засаг захиргааны нэгжийн хувьд иргэдэд хяналт тавих боломж өргөн зэрэг давуу байдал бидэнд бий. Энэ давуу талаа ашигласан бол илүү үр дүнтэй байж болох байсан. УИХ-д байхдаа ч би У.Хүрэлсүхийн Засгийн газрын хэрэгжүүлж буй ажилд шүүмжлэлтэй хандаж байсан. Дотооддоо халдварыг алдаагүй байгаа үедээ давуу байдлаа ашиглаач, гаднаас тээвэрлэж буй иргэдээ шинжилгээнд бүрэн хамруулаач, аюулгүйгээр зөөх тал дээр анхаарч ажиллаач гэж хэлж байв. Мөн гадаадад байгаа иргэдэд тавих анхаарлаа нэмж, бүртгэл судалгааны ажлыг эхлүүлж, сар тутамд эдийн засгийн дэмжлэг тусламж үзүүлээч, хүний нутагт байна гэдэг эх орондоо байгаагаас хэд дахин хүнд хэцүү шүү гэж бодит саналуудыг дэвшүүлж байсан. Харамсалтай нь энэ талаар үр дүнтэй ажлууд хийгдээгүй.

-Цар тахал гарсантай холбоотойгоор эдийн засгийн нөхцөл байдал амаргүй байна. Товчхондоо бид хүндхэн цаг үетэй нүүр тулаад байна. Энэ тохиолдолд УИХ дахь сөрөг хүчин эрх баригчдад ташуур болж ажиллах учиртай. Гэхдээ УИХ дахь АН-ын бүлэг сөрөг хүчний үүргээ төдийлөн сайн биелүүлэхгүй байх шиг анзаарагдах юм.

-Санал нэг байна. Өмнөх парламентад АН-ын бүлэг илүү их дуугарч, шаардлага тавьж ажиллаж байсан. Энэ удаад 2020 оны сонгуулиас хойш цар тахал, хөл хориотой холбоотойгоор жагсаал, цуглаан зэргийг зохион байгуулалттайгаар хорьчихлоо. Энэ нь эргээд эрх баригчдад хуульгүй юм шиг аашлах, дураараа авирлах боломжийг олгож байна. Гэсэн хэдий ч хууль дүрмээрээ л явах ёстой. Мөн нэгэнт сөрөг хүчин гэгдэж, улс төрийн маш том хүчин болж оршин байгаа тохиолдолд намын үйл ажиллагаа, зорилго, чиглэлээ байнга мэдэрч, хэрэгжүүлхийн төлөө ажиллах ёстой. Харамсалтай нь АН сонгуулиас хойш нам гүм байна.

-Та Ардчилсан намын дарга байсан хүний хувьд дуугарч, алдаа дутагдлыг нь хэлэхгүй хэрэг үү?

-Миний хувьд Ардчилсан намын Үндсэн дүрэмд заасны дагуу хариуцлагаа хүлээж огцорсноо мэдэгдсэн. Гэхдээ Үндсэн дүрмийн хорооноос “Дараагийн АН-ын дарга сонгогдох үед намын даргын тамга, тэмдгээ албан ёсоор шилжүүлж өгснөөр таны эрх, үүрэг дуусгавар болно” гэх тогтоолыг энэ оны долдугаар сарын 3-нд гаргасан. Улс төрийн намуудын тухай хуулийн 21-т улс төрийн намуудын дотоод хяналтын байгууллагын шийдвэр нь эцсийнх байна гэж заасан байдаг. АН-ын Үндсэн дүрмээр ч Үндсэн дүрмийн хорооны шийдвэр эцсийнх байдаг. Тэр утгаараа долдугаар сарын 3-нд гарсан тэр шийдвэр бол эцсийнх. Тухайн үед нэгэнт тамгаа шилжүүлээд өгчихсөн, ёс зүйн хариуцлага хүлээнэ гэдэг шийдвэрээ гаргачихсан байсан учраас хүлээцтэй хандаад, аливаад өнөөдрийг хүртэл дуугүй явж байна. Гэхдээ ямар ч зүйлд хэмжээ бий. Өнөөдөр дуугүй байхад хэцүү л болж байна. Учир нь бодит байдал дээр АН-ын нөхцөл байдал улам л хүндэрсэн. Ийм цаг үед сөрөг хүчний гол нам болсон АН нь дуугардаггүй, улс төрийн идэвхтэй тэмцэл явуулдаггүй байж таарахгүй л дээ. Энэ нь цаашдаа улс оронд хэзээ ч сайн зүйл авчрахгүй.

-Та Үндсэн дүрмээрээ шинэ намын дарга сонгогдтол би намын дарга хэвээрээ гэж хэлж байна. Тэр утгаараа өнөөдрийн УИХ дахь намын бүлэгтэй хамтарч ажиллах эрх, үүрэг танд байгаа юм биш үү?

-Одоогоор Ардчилсан намын өдөр тутмын үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон зүйл алга. Нэгэнт өөрчилнө, шинэчилнэ, чадна гээд гараад ирчихсэн хүмүүст боломж олгох ёстой гэж бодож байгаа учраас дуугараагүй, оролцоогүй. Үнэхээр энэ намыг өөрчлөөд, үйл ажиллагааг нь эрчимжүүлээд явчих юм болов уу гэж харсан. Сонгуулиас хойш бараг хагас жилийн хугацаа өнгөрлөө. Намын үйл ажиллагаанд ямар ч өөрчлөлт гарсангүй. Би АН-ын гишүүн хүн. Намын гишүүний хувьд Үндсэн дүрмээр эрх, үүргээ хэрэгжүүлэх боломжтой. Тиймдээ ч би дуугарах эрхтэй. Өнөөдөр АН-ын бүхий л үйл ажиллагаа дүрмийн бус байна. Үүнийг таслан зогсоох цаг нь болсон. АН Үндсэн дүрэмтэй юм бол түүнийхээ хүрээнд л ажиллах ёстой.

-АН Үндсэн дүрэмдээ нэмэлт, өөрчлөлт оруулахаар зэхэж буй. Та түүнтэй танилцсан уу, өөрчлөлтүүдийг дэмжиж байгаа юу?

-АН-ын Үндсэн дүрмийг өөрчлөх ажлын хэсэг байгуулж. Тэр ажлын хэсэг дотор ХҮН намд байсан, УИХ-д бие дааж нэр дэвшсэн хүнээс эхлээд янз бүрийн маш олон хүн орсон байна билээ. Өөр намд, “гудамжинд” байсан хүмүүс гарч ирээд АН-ын Үндсэн дүрмийн өөрчлөлтийг гардаад, санаачлаад явж байгаа нь сонин харагдаад байгаа юм. (инээв) Яагаад 200 гаруй мянган гишүүнтэй энэ том нам энэ намын үйл ажиллагаанд олон жил үр бүтээлтэй, идэвхтэй оролцсон гишүүдээсээ ажлын хэсэг бүрдүүлж болоогүй юм бэ. Яагаад заавал өөр намд байсан, эсвэл намынхаа үнэт зүйл үзэл санаанаас урваад, бие даагаад Үндсэн дүрэм зөрчөөд явчихсан хүмүүсийг оруулж ирж, намын амин судас болсон Үндсэн дүрмийн өөрчлөлтийг боловсруулах ажлын хэсэгт оруулж ажиллуулаад байгаа юм бэ. Энэ нөхцөл байдлыг хараад надад таатай санагдахгүй л байгаа юм. Энэ мэтчилэн дуугарах зүйл олон байна.

Үндсэн дүрмийн агуулгыг харахад тийм ч их шинэ зүйл байхгүй. Яг л хуучин луугаа явж байна. Бид Үндсэн дүрэмдээ өөрчлөлт оруулахын тулд гурван жил гаруйн хугацаанд 21 аймаг, 330 сум, 172 үүр хороо, нийслэлийн есөн дүүрэгт хэлэлцүүлэг явуулж, 2019 оны намын Их хурлаар баталсан. Түүнээс хойш жил гаруйн л хугацаа өнгөрсөн байна. Тийм байхад өөрчлөх шаардлага юунд байна вэ.

-Намын даргаа сонгох үйл явцыг илүү амарчилсан юм биш үү?

-Гишүүдийн оролцоо, сонгох эрхийг хязгаарласан заалтууд түлхүү орсон байна билээ. Хуучин ч гэсэн тийм л байсан. АН-ын 228 гишүүнтэй Үндэсний зөвлөлдөх хороо хуралдахаараа л намын даргаа солих, өөрчлөх тухай ярьдаг. Намын удирдлагын төлөөх фракц хоорондын тэмцэл тэнд болдог байсан. Нам доторх фракц бүлэглэлүүдийн тэмцэл туйлдаа хүрчихсэн л нам байсан. Ийм намыг л бид өөрчилсөн. АН гишүүн төвтэй л нам юм бол бүх гишүүдийн оролцоог хангасан, гишүүдийн сонголт санаачилга дээр тулгуурласан үйл ажиллагаа явуулдаг нам байя гэж зорьсон. Энэ өөрчлөлтийг хийхийн төлөө ажилласан. Бид тодорхой үр дүнд хүрсэн гэж бодож байгаа.

Би 2017 оны хоёрдугаар сард намын даргын ажлыг хүлээж авсан. Түүнээс хэдхэн сарын дараа анхны хариуцлагатай том сонгууль болох Ерөнхийлөгчийн сонгууль болсон. Тухайн үед МАН парламент 65 суудалтай хэт үнэмлэхүй олонхыг бүрдүүлчихсэн, бид есүүлхэнээ. Ийм байдалтай л сонгуульд оролцсон. Ерөнхийлөгчийн сонгуульд ялах найдлага туйлын бага байсан. Гэхдээ бид тактик стратегиэ маш зөв боловсруулж, сурталчилгааныхаа ажлуудыг үр дүнтэй хийсэн. Хэдий хүнд байсан ч ялна гэдэг итгэл, үнэмшилтэй оролцож, итгэл төгс ялалт байгуулж чадсан. Энэ бол гишүүн төвтэй намын хамгийн анхны ялалт байсан. Үндсэндээ төрийн бүх шатны байгууллага нөгөө талд ажиллаж байсан шүү дээ. Харин бид АН-ын гишүүдийнхээ үүрэг хариуцлага дээр тулгуурлаж байж энэ ялалтыг байгуулсан. Тиймээс энэ үзэл баримтлал үнэт зүйлээ буруутгаж болохгүй. Үр дүн нь гарсан юм аа. Үүний дараагаар АН-ын бүлэг Ж.Эрдэнэбатын Засгийн газрын концесс болоод янз бүрийн хууль бус үйл ажиллагааг нь буруутгаж, тэдгээрийг баримтжуулан улс төрийн идэвхтэй эсэргүүцлийн үйл ажиллагаа явуулсны үр дүнд огцруулж чадсан. Үнэмлэхүй олонх бүрдүүлж байсан 65 гишүүнтэй Засгийн газрыг огцруулж чадсан. Сөрөг хүчнийхээ хувьд маш амжилттай ажилласан.

-2018 онд У.Хүрэлсүхийн Засгийн газарт хариуцлага тооцох асуудал ч мөн хөндөгдөж байсан. Тухайн үеэс АН-ын дотоодод зөрчил гарч эхэлсэн байх аа.

-Тухайн үед ЖДҮ-ийн сан, гишүүдийн хууль бус үйлдлүүд, хөрөнгө мөнгө, хүн амины хэрэгтэй холбоотой гээд маш олон асуудал яригдсан. Энэ үед сөрөг хүчний зүгээс маш идэвхтэй үйл ажиллагаа явуулсан. Улс төрийн зөвлөл хуралдаж У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах нь зүйтэй гэсэн шийдвэрийг ч гаргасан байсан. Харамсалтай нь гадны хүчин зүйл, эрх баригч намаас үл хамаараад зөвхөн АН-ын дотоодоос гарч ирсэн урвагчдаас болж У.Хүрэлсүхийн Засгийн газар үлдсэн. Гурван урвагч эсрэг санал өгч, АН-ын Улс төрийн зөвлөлийн шийдвэрийн эсрэг зогссон. Энэ нь улс төрийн хариуцлагагүй, увайгүй үйлдлээс гадна Монголын түүхэнд тэмдэглэгдэж үлдэх маш том урвалт байсан. Тэр үед бид маш том боломжийг алдсан. Тэр цаг мөчөөс эхлээд У.Хүрэлсүхийн Засгийн газар, тодорхой улстөрчид, бүлэглэлүүдийн зүгээс намайг харлуулах, гүтгэх, муулах кампант ажил тасралтгүй гурван жил явсан. Намайг төрөл бүрийн шугамаар, сэдвээр харлуулж гүтгэсэн. Маш олон тэрбум төгрөг зарсан байх аа. Ингээд л 2020 оны сонгууль дөхөж ирсэн дээ. Товчхондоо, 2016-2020 оны хооронд АН маш сайн ажилласан.

-Сонгууль үнэн шударга болж чадсан уу. Та юу гэж дүгнэж байгаа вэ?

-Шулуухан хэлэхэд, 2020 оны сонгууль цэвэр улс төрийн намуудын өрсөлдөөн байгаагүй. Төрийн оролцоотой маш том луйврын сонгууль болсон. Бүртгэлийн байгууллагаас эхлээд маш их төрийн байгууллагын оролцоотой луйвар болсон гэж хэлнэ.

-Үнэхээр л хууль бус явагдсан юм бол та бүхэн баталж, нотолж үнэн мөнийг дэлгэх хэрэгтэй юм биш үү?

-Өнгөрч байгаа цаг хугацаа бүр үүнийг нотолж байна. Төрийн дээр ямар хүмүүс гарчихав, тэдний явуулж буй үйл ажиллагаа олон түмний хүсэл сонирхолд нийцэж байна уу, үгүй юү гэдгийг харах хэрэгтэй. Энэ бүхэн луйврын сонгууль болж өнгөрчээ гэдгийг маш тод томруун харуулж байгаа. Ер нь тэгээд түүхийг үнэн зөв шүүдэг зүйл нь цаг хугацаа шүү дээ.

-Таны хэлж байгаачлан луйврын сонгууль болоогүй бол АН өнөөдөр парламентад хэдэн суудал авах байв?

-Аль нэг нам тасархай ялах тухай бодож байгаагүй. АН-ын талд арай илүү давуу гарч, гэхдээ дангаараа засаглах боломж бага байх болов уу гэж тооцож байсан. Эвслийн буюу хамтарсан Засгийн газар байгуулах хувилбар луу явах байх л гэж харж байсан.

-Ардчилсан нам УИХ-ын сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдээ сонгохдоо алдаа гаргасан, үүнд нь тодорхой албан тушаалтнууд, эрх мэдэлтнүүд нөлөөлсөн гэх зүйлийг улс төрийн хүрээнийхэн хэлдэг. Та намын даргын хувьд нэр дэвшигчдээ хараат бусаар сонгож чадсан уу?

-Анхан, дунд шатны намын байгууллагын саналыг голлож анхаарсан. 21 аймаг, есөн дүүргийн дунд шатны намуудаас ирүүлсэн санал, Сонгон шалгаруулах хорооны хуралдааны дүн, мэдээж зарим нэг хүн дээр хувь нэр дэвшигчийн рейтинг, оролцоо зэргийг харгалзсан зүйлүүд бий. Сонгуулийн дүнд мэдээж нэр дэвшилт нөлөөлөх нь ойлгомжтой. Гэхдээ сонгуулийн үйл ажиллагаа өөрөө маш булхиатай, хууль бус байсан нь үр дүнд шууд нөлөөлсөн.

-Ардчилсан нам хоёр удаагийн том ялагдал хүлээлээ. Энэ ч утгаараа Ардчилсан намын өмнө маш том хариуцлага ирж байгаа. Цаашид хаа хаанаа үүрэг хариуцлагаа ухамсарлаад эвтэй, чадалтай байж чадах болов уу?

-АН хэзээ ч ялж, дангаараа засаглаж үзээгүй, хоёр удаа л Эвслийн Засгийн газрыг тэргүүлж ажилласан. 1996, 2008 онд олуулаа болж Эвслийн Засгийн газар байгуулсан юм. Энэ цаг үеүдэд АН алдаатай, оноотой ч улс орны хөгжлийг урагш чирсэн. Ингэж үр дүнтэй ажиллаж чадсанаараа АН өнөөгийн эрх баригчдаас илт ялгардаг. 30 жилийн алдаа оноог үйлдвэрлэсэн хүмүүс нь өнөөгийн эрх баригчид хэрнээ тэд дандаа уснаас хуурай гардаг. Харин нэг ч удаа дангаараа засаглаж үзээгүй АН-д бурууг авчирч тохдог. Тиймээс АН дандаа муухай болж харагддаг. Бидний гол алдаа бол хийсэн бүтээсэн, хэрэгжүүлж чадсан зүйлийнхээ талаар ярьж, иргэдэд сурталчилж чаддаггүй байдал. Эрх баригчдын гүтгэлгийн сөрөг пиарыг үгүйсгэж, баталж чаддаггүй, дөрлүүлчихсэн юм шиг байдаг. Цаашдаа энэ тал дээр бодох ёстой юм билээ.

Одоо АН хамгийн гол нь тоглоомын дүрмээ л баримтлах ёстой. Хүчин мөрдөгдөж байгаа Үндсэн дүрмээ дага л даа, юу нь болохгүй байгаа юм. Саяны сонгуулийн ялагдлыг Үндсэн дүрмээс болсон гэж үзэж байгаа бол би үгүй гэж хэлнэ. Шуудайнд хийсэн үхрийн эвэр шиг, тархай бутархай, үзэл баримтлал онолын хувьд тодорхойгүй байсан нам Үндсэн дүрмээ өөрчилж зүг чигтэй болсон. Тархай бутархай намыг нэг үзэл санаатай болгоно гэдэг маш хүнд ажил. Энэ ажлыг би намын дарга байхдаа амжилттай хийж чадсан. Ардчилсан нам үзэл баримтлалынхаа тулгын чулууг тавьж, тугаа босгож чадсан. Энэ нь маш том ололт байсан. Одоо үүнийг хэн ч үгүйсгэж чадахгүй.

-Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд ирчихлээ. АН энэ сонгуульд хэр бэлэн байна вэ?

-Үндсэн дүрмээ хэрэгжүүлэхгүй, дүрмийн бус үйл ажиллагаа явуулж, тархай бутархай байдалтай байгаа учраас ялалт байгуулна гэдэг хэцүү. Үндсэн дүрмийнхээ дагуу хийх ёстой ажлуудаа маш хурдтай хийх ёстой. Дээр хэлсэнчлэн Үндсэн дүрмийн хорооны долдугаар сарын 3-нд гарсан тогтоол шийдвэр хүчин төгөлдөр байгаа. Энэ ч утгаараа би АН-ын хувь заяанд санаа зовж байна. Харсаар байж эвдүүлээд, нураалгуулаад унагачихгүй юмсан гэсэн сэтгэл зүрх надад байна.

-Дүрмийн бус ямар үйл ажиллагаа явуулж байгаа юм бэ?

-Манай намын дүрмэнд намын даргын үүрэг гүйцэтгэгч гэдэг албан тушаал байхгүй. Өнөөдрийн тухайд АН-д эрх нь хадгалагдаж байгаа хоёрхон л байгууллага бий, бусад нь эрх зүйн чадамжгүй. Тийм байтал хэдэн нөхдүүд намын дээр сандайлж суучихаад дүрмийн бус бодлого шийдвэр гаргаад байна. Энэ нь АН-ын ирээдүйд маш хортой. Одоо тэр хүмүүс аливаа зүйл хэрээс хэтрээгүй байгаа дээр дүрмийн бус үйл ажиллагаагаа зогсоогооч. Үндсэн дүрмийн хүрээнд хүчинтэй байгаа Үндсэн дүрмийн хороо, Дотоод сонгуулийн хороодын дарга ажлаа хийгээч ээ. Яагаад эрх үүргээ биелүүлэхгүй, бусдад төрөөр бол төрийн эргэлт хийх боломж олгоод байгаа юм бэ. Энэ бүхнийг таслан зогсоогооч. Намын Их хурлыг Дотоод сонгуулийн хороо зарлан хуралдуулаач. Миний бие намын даргын тамга, тэмдгийг Ц.Туваан гэж нөхөрт өгөхөөс өмнө намын даргын сунгаа, Их хурлыг хуралдуулах товыг зарласан байсан ч хойшлуулсан. Ц.Туваан гэж нөхөр намын дэд дарга байсан, Үндсэн дүрмийн хүрээнд тэрээр хариуцлага хүлээх учиртай. Тийм байтал үүрэг гүйцэтгэгч гэж өөрийгөө өргөмжлөөд дур мэдэн шийдвэр гаргаад яваад байдаг. Энэ бүхэн бүгд дүрмийн бус. Хэрэв бүрэн эрх нь дуусгавар болсон Үндэсний бодлогын хороо, зохион байгуулж хуралдуулах эрх үүрэг хүлээгээгүй этгээдүүд намын Их хурлыг хуралдуулж, Үндсэн дүрэмд дур мэдэн гар хүрэх юм бол энэ нь намыг маш том хагарал руу аваачна.

-Сонгууль өрнөж байх үед Ардчилсан намаас нэр дэвшиж байсан хэд хэдэн хүнийг барьж хорьсон. Энэ үйл явдалд та ямар байр суурьтай байгаа вэ?

-Сонгуулийн явцад Ардчилсан намын нэр дэвшигчдээс барьж хорьсон асуудал бол хуулийн маш ноцтой алдаа. УИХ-ын сонгуулийн тухай хуулиар ч тэр нэр дэвшигчдийн аюулгүй байдлын баталгааг хангах заалттай. Ийнхүү барьж хорьсон нь хууль шүүхийн байгууллага хууль дээдлэх зарчмаар ажиллаж чадахгүй байгааг л харуулж байгаа тодорхой жишээ. Надад баримтууд болоод хэлэх зүйл бий. Цаг нь болохоор энэ асуудлуудыг би гаргаж тавина. Хууль шүүхийн байгууллагын эцсийн шийдвэр гараагүй байхад янз бүрийн зүйл яриад байх нь зохистой биш гэж бодож дуугүй байгаа. Түүнээс айж эмээсэндээ дуугүй байгаа хэрэг огт биш. Хүний эрх талаасаа маш олон бүдүүлэг алдаа гарсан. Үүнийг хэн ч хэлнэ. Түүх энэ бүхнийг гаргаж ирнэ. Өнөөдөр хэн нэгний захиалга, дарамтаар, “хонгилын” хуульч болоод өгсөн чиглэлийн дагуу хууль дээдлэх зарчмаа умартаж ажилласан хүмүүс хэзээ нэг өдөр хариуцлагаа хүлээж л таарна. Их хурал, Засгийн газрын тогтоол, хамтын шийдвэрийг хэрэгжүүлсэн гэж хэн нэгнийг буруутгаж байгаа нь тун эмзэг асуудал. Цаашдаа хэн төрд итгэж зүтгэх юм бэ. Энэ үйлдэл маш буруу жишгийг тогтоож байна.

-Та намынхаа тэдгээр нөхөдтэй уулзсан уу?

-Сонгуулийн өмнө болоод дараа тэдгээр хүмүүстэй нөхрийн болоод намын даргын хувиар уулзсан.