Л.Эрдэнэчимэг тамхины далд бизнесийг цэцэглүүлчихлээ
2014/04/28
Л.Эрдэнэчимэг гишүүний УИХ-д оруулж ирж батлуулсан тамхины хяналтын тухай хуулийг маш сайн болсон гэж гишүүд ам уралдуулан магтах болж. Арга ч үгүй юм байгаа. Бодит амьдралаас хол тэд хэрхэн мэдэх билээ.
Тамхины хяналтын тухай хуулийг өнөөдөр гишүүд юугаар нь сайн гээд байгааг хэлж сайн мэдэхгүй юм. Ямар ч байсан дэлгүүрийн лангуун дээрх тамхи харагдахаа байсан ч гэлээ далд худалдаа эрс нэмэгдэж, тахины дамын үнэ цадигаа алдсан байна билээ. Тэгэхээр маш сайн хууль мэтээр амаа олохгүй магтаж байгаа Эрдэнэчимэг гишүүнээр овоглосон хууль хэнд ашиг авч ирж байна вэ гэдгийг бодох хэрэгтэй. Тамхины хяналтын тухай хуулиар сургуулийн насны хүүхдүүдийг тамхи татахаас урьдчилан сэргийлэх сайн хууль болсон гэдэг. Гэвч далд бизнесийг цэцэглүүлсэн гэдэгтэй маргах хүн олон гарахгүй биз.
УИХ-ын гишүүн Д.Ганбат тамхины хяналтын тухай хуулийг маш сайн хэрэгжиж байгаа хууль хэмээж байсан. Үнэндээ энэ хуулийг маш сайн хэрэгжиж байгаа гэж хэлэх нь учир дутагдалтай. Маш сайн гэх нь ч хаашаа юм. Монголын хууль гурав хоног гэдэг шиг гурван сар хуулийн хэрэгжилт сайн байсан ч одоо эргээд задгайрч эхлээд байна. Гудамж талбай, албан байгууллага, баар цэнгээний газар, дэлгүүрийн үүд, автобусны буудал дээр тамхины иш урьдын адил хөглөрөх болсоныг Л.Эрдэнэчимэг гишүүн мэдэж буй болов уу. Дэлгүүр, жижиглэнгийн наймаа эрхлэгчид нууцаар тамхи зарж байна. Ийм байхад хуулийг сайн хууль хэмээн хэлж байгаа нь үнэн утгагүй.
Тэгэхээр хуулийн сөрөг тал нь иргэдийн халаасыг тэмтэрч, худалдаа эрхлэгчдэд ашиг хонжоо олох боломжийг бүрдүүлж өгчээ. Нэг үгээр хэлбэл тамхины далд бизнесийг цэцэглүүлчихлээ. Д.Эрдэнэбат гишүүн Тамхины хяналтын тухай хууль сайн хууль болсон. Гэхдээ далд зүйлийг өдөөж үнэ цэнээ алдах вий гэхээс болгоомжилж байна хэмээн хэлсэн байдаг. Үнэндээ өдөөдгөө өдөөчихөөд байгаа шүү дээ. Цагдаагийн байгууллагын албан хаагчид тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилтийг хангах гэж бишгүйдээ л ажиллаж, жижиглэнгээр гар дээрээс худалдаа эрхэлж байгаа хүмүүсийн хараалыг барж байна.
О.Баасанхүү гишүүн Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хэлэлцэх үеэр Л.Эрдэнэчимэг гишүүнийг тахинаас гаргадаг наалтаа зарахын тулд амьдралаас хол хууль гаргасан хэмээн хэлж байсан. Энэ нь үнэний ортой юм биш байгаа. Моносын эмийн сангуудаар тамхинаас гаргах наалт зардаг гэдгийг хүн бүр л мэддэг. Тэгэхээр хуулийн ард хэн нэгний бизнесийн ашиг сонирхол байхыг үгүйсгэх аргагүй.
Н.Чинзориг /uls.mn/