Он солигдохын өмнөх орой гэнэтхэн 13 телевизээр “Бүхнийг хүүхдийн төлөө” нэртэй хандив цуглуулах үйл ажиллагаа явагдсан. Мэдээж тоглолтын найруулга сэлтийг сайн зохион байгуулжээ.

Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёрын тал талаас нь дэмжсэн хүүхдийн төлөө ажил нийтийн дэмжлэгийг тултал авсан.

Арга хэмжээ болсон өдөр Засгийн газар Хүүхдийн төлөө фондыг сэргээн байгуулахаа шийдэж, 10 тэрбумын санхүүжилт шийдэж өгчээ.

Гэтэл орой нь буюу 2020 оны арванхоёрдугаар сарын 30-нд болсон “Бүхнийг хүүхдийн төлөө” теле тоглолтын дэлгэц дээр “Хүүхдийн төлөө фонд” НҮТББ-ын данс тавигдаж байгаад 2.2 тэрбум орчим төгрөгийн хандив цуглуулав. “Хүүхдийн төлөө фонд” НҮТББ их асуудалтай. Тэд энэ НҮТББ-ыг Засгийн газрын шийдвэр гарахаас 13 хоногийн өмнө, 2020 оны арванхоёрдугаар сарын 17-нд байгуулсан.

Тэгэхээр хэн нь хэнийхээ үгээр орж ийм хүүхдийн нэрээр том операци зохион байгуулчихсан бэ гэдэг эргэлзээтэй байна.

Нөгөөтэйгүүр хууль нь гарч байгууллага нь тодроод ирэхээр мөнгийг нь өгчихнө гэж томроод байсан нөхдүүд  “Хүүхдийн төлөө фонд” НҮТББ-аа “Хүүхдийн авьяас чадварыг нээн хөгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хүүхдэд ээлтэй соёлын бүтээн байгуулалтыг дэмжих, нүүдэлчдийн өв соёлыг өвлөн уламжлуулах, сурталчлан таниулах” үйл ажиллагааны чиглэлтэй авсныг бодвол яаран татан буулгах, хэрэгцээгүй болгох бодолгүй байгаа бололтой юм.

 

 

Уг нь “Монголын хүүхдийн төлөө фонд” гэдэг сан байдаг юм байна. Энэ Дангаа Авирмэд гэдэг иргэн 2016 оны хоёрдугаар сарын 22-нд “Оюуны өмч, зохиогчийн эрх болон түүнд хамаарах асуудлын шийдэл, олон улсын зохицуулалтыг судлах, сурталчлан таниулах, зөвлөмж аргачлал боловсруулах, төсөл хөтөлбөр боловсруулах, ижил зорилготой байгууллагатай хамтран ажиллах” үйл ажиллагааны чиглэлтэйгээр байгуулжээ.

 

 

 

Хэрвээ “Төр мөнгө хураахгүй” гэж үзэж байгаа бол Д.Авирмэдийн санг ашиглаж бас болох байжээ.

Гэвч тэгэлгүйгээр “Хүүхдийн төлөө фонд” нэртэй НҮТББ байгуулжээ.  Хамгийн ноцтой нь “Хүүхдийн төлөө фонд” НҮТББ-ын хувьцаа эзэмшигч гурван хүний нэг нь Соёлын дэд сайд Мөнхөөгийн Батбаяр байгаа юм. Энэ бол цэвэр ашиг сонирхлын зөрчил болно.

Монгол Улсын Засгийн газрын тухай хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, өөр бусад хууль хаачсан бэ. Соёлын дэд сайдад үйлчлэхгүй юу. Бусад дэд сайд нь наад хүнтэй чинь барьцаад яамныхаа чиглэлийн дагуу сан байгуулаад гүйлдээд эхэлбэл юу болох вэ.

Тэгвэл Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 184 дүгээр зүйлд Дэд сайдын бүрэн эрхийг тусгасан 10 заалтад “Сан байгуулж хандив цуглуулах” нэг ч эрх алга. Үүрэг ч байхгүй.

За тэгээд, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 17.1-т “Албан тушаалтан, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах байгууллага нийтийн хэрэгцээнд зориулан иргэн, хуулийн этгээдээс бэлэг, бусад санхүүгийн туслалцааг авах, хүсэхийг хориглоно” гээд заачихжээ. Өөр хориглосон заалтууд ч байна. Бас энэ үйл ажиллагаатай харшлах хуулиуд ч бий. Ерөөсөө л баахан хууль зөрчсөн байна.

Өнгөрсөн 30 жилийг улстөрчид ч, жирийн иргэд ч зүхэж л байдаг. Замбараагүй гэж...

Тэгвэл Соёлын дэд сайд М.Батбаяр шиг сан байгуулж задарсан үйл ажиллагаа хийж байсан хүн үгүй.

Ер нь энэ нөхөр сан байгуулаад бүр мэргэшчихсэн бололтой юм. 2017 оны арваннэгдүгээр сарын 10-ны өдөр “Зүүн бүс нутаг хөгжлийн сан”, “Их эзэн Чингис хаан сан” гэдэг хоёр сан зэрэг байгуулж, өөрөө Удирдах зөвлөлийн дарга нь болж байжээ. Эдгээр сангаар дамжуулж юу хийсэн бэ.

Энэ мэтээр М.Батбаяр гэдэг дэд сайдын талаар цааш нь ухвал “нөөц” ихтэй нөхөр юм.

Тиймээс хууль завхруулж, сан байгуулаад хандив цуглуулсан дэд сайдынхаа асуудлыг “нэг тийш” шийднэ үү, Ерөнхий сайд аа.

 

ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин