“Эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолыг батлан хамгаалах үйл хэрэгт онц гарамгай гавьяа байгуулсан цэргийн дээд дарга нарт олгоно” хэмээн журамласан генерал хэмээх эрхэм хүндтэй цэргийн дээд цол үүсэн бий болсны 70 жилийн ойг тохиолдуулан УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Өвөрхангай аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн дарга Г.Ганболд нар Өвөрхангай аймгаас төрөн гарсан генерал цолтнуудаа хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүлэв. Уулзалтанд дэслэгч генерал Ч.Дашзэвэг, хошууч генерал Ч.Цэрэндагва, хошууч генерал Д.Бадам болон бусад албаны хүмүүс байлцав. 

Анх 1944 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр БНМАУ-ын Ардын сайд нарын зөвлөлийн 52 дугаар тогтоолоор анх 11 хүнд генерал цол олгосон гэдэг. Тэднээс Ю.Цэдэнбал, Ж.Лхагвасүрэн нарт дэслэгч генерал, С.Балдан, Д.Дамдинхүү, С.Равдан, Б.Дорж, Г.Дагдан, Б.Шагдаржав, Г.Рэндоо, М.Зайсанов, Р.Осор нарын есөн офицерт хошууч генерал цол олгожээ. Тиймээс жил бүрийн 4 дүгээр сарын 28-ны өдрийг “Монголын генералуудын өдөр” буюу “Алтан мөрдөстнүүдийн өдөр” хэмээн нэрийдэж, 2004 оноос генерал төрүүлсэн байгууллагууд ээлж дараалан зохион байгуулж ирсэн уламжлалтай.

1944 оноос хойших 70 жилийн хугацаанд 160 алтан мөрдөстөн буюу генерал цолтон төрөн гарсан байна. Монгол Улсын цэргийн дээд цол нь хошууч генерал, дэслэгч генерал, хурандаа генерал, армийн генерал байсан бол 2006 онд “Цэргийн албан хаагчдын эрх зүйн байдлын тухай хууль”-д өөрчлөлт орсоноор барууны өндөр хөгжилтэй орнууд, НАТО-гийн гишүүн орнуудын жишгээр бригадын генерал, хошууч генерал, дэслэгч генерал, генерал цолнууд хэрэглэхээр болсон юм.
 

Э. Энхбаяр