Өчигдөр улсын хэмжээнд 15,202 хүний сорьцод шинжилгээ хийхэд 25 хүнээс коронавирус илэрснийг ХӨСҮТ-өөс мэдээллээ.

Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн нийт халдварын тохиолдол 1,692 боллоо.

Үүнээс өнөөдрийн байдлаар 1,244 хүн эдгэрээд байгаа бол 435 хүн эмчилгээнд байна.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа " Нэгдүгээр сарын 27-ны өдөр улсын хэмжээнд 15,202 хүнд коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээ хийхэд 25 хүнээс халдвар илэрсэн. 25 тохиолдол бүгдээрээ Улаанбаатар хотод бүртгэгдсэн.

Өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтлаад тусгаарлагдсан хүмүүсийн давтан шинжилгээ, өргөжүүлсэн тандалт, БЗД-ийн 8 дугаар хороонд байрлах Х апартментад халдварууд бүртгэгдлээ.

  • Х апартментын оршин суугч 120 хүнд шинжилгээ хийхэд 4 хүнд, мөн тус байрны СӨХ-ны нэг ажилтнаас халдвар илэрсэн. 
  • Батлагдсан тохиолдлын ойрын хавьтал пиццаны газрын ажилтан байсан тул ажилчдаас шинжилгээ авахад 3 хүнээс халдвар илэрлээ.
  • Улаанбаатараас Дархан хот руу хүнс тээвэрлэсэн жолоочоос халдвар илэрсэн. Тухайн хүн 23-нд шинжилгээ өгөөд Дархан руу очоод өчигдөр пост дээр түргэвчилсэн оношлуулаар оношлоход эерэг гарч, лабораторид шинжилгээ авахад онош батлагдлаа. Түүнийг тусгаарлаж Улаанбаатарт авчраад эмчилж байна. Хавьтлын шинжилгээнүүд үргэлжилж байгаа. Хавьтлын эх уурхай УБ хот учраас энд өвчлөлийг бүртгэнэ.
  • Бусад нь сүүлийн батлагдсан тохиолдлын ойрын хавьтал байна. 

Сүүлийн 24 цагт 8 хүн эдгэрч гэртээ гарсан. 

Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол 1,692 болсон бол үүнээс 1,244 хүн эдгэрсэн байна. Эмчлэгдэж байгаа 435 хүний биеийн байдлыг үнэлбэл, маш хүнд 1, хүнд 2, хүндэвтэр 44, хөнгөн 388 байгаа" гэв.