Бямба гарагийн орой Япон улсын зүүн хойд бүс нутагт 7.3 магнитудын хүчтэй газар хөдөлснөөс 50 гаруй хүн бэртэж, олон зуун мянган айл өрхийн цахилгаан хангамж тасалджээ.

 

Гэхдээ энэ удаагийн газар хөдлөлтийн улмаас далайд цунами үүсээгүй, цөмийн цахилгаан станцуудад гэмтэл гараагүй байна.

Газар хөдлөлтийн төв цэг нь Фүкүшима мужийн эргийн ойролцоо, далайд 55 км гүнд байжээ.

Чичиргээ нь нийслэл Токио хотод мэдрэгдсэн байна. Фүкүшима мужид одоогоос бараг 10 жилийн өмнө хүчтэй газар хөдлөлт болж, цунами үүсэхэд цөмийн цахилгаан станцад томоохон осол гарч байв.

Японы цаг уурын хүрээлэнгийн мэдээлснээр энэ удаа 2011 оны гамшгаас хойших хугацаанд зүүн хойд нутагт тохиосон хамгийн хүчтэй газар хөдлөлт болжээ.

Өнгөрсөн шөнө Япон улсын ерөнхий сайд Ёшихиде Сүга засгийн газрын танхимаа яаралтай хуралдуулж, тусгай ажлын хэсгийг байгуулсан байна.

Өнөөдөр өглөөний 9:00 цагт гамшгийн нөхцөл байдлын талаар анхны мэдээллийг засгийн газар сонсохоор болжээ.

Япон улсын стандартаар газар хөдлөлтийн хүчийг долоон түвшинд ангилдаг. Энэ удаагийн газар хөдлөлтийн хүчийг зургаадугаар түвшинд ангилжээ. Тэгвэл ойрын нэг долоо хоногийн хугацаанд зургаадугаар түвшний чичиргээ дахин үүсэх магадлалтай байгааг тус улсын засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Кацүнобу Като анхааруулсан байна.

Түүний өгсөн мэдээллээр энэ удаагийн газар хөдлөлтийн улмаас 950,000 орчим айл өрхийн цахилгаан хангамж тасалджээ. 

 

Эх сурвалж: Kyodo News