УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хурал­даанаас нэгэн шийдвэр гарчээ. Тэр нь тагнуул, цагдаагийнханд “Өнөөдөр” сониныг шалгах үүрэг өгсөн явдал юм. “Өнөөдөр” сонины саяхны дугаарт “Санхүүжилтийг татахын тулд санал болгож буй хэлбэр тийм ч оновчтой биш байна” гэх гар­чигтай нэгэн захидал гарсан.

“Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг танаа” хэмээн эхэлсэн энэхүү захидлыг “Оросын төмөр зам” нийгэмлэгийн ерөнхийлөгч В.Якунин бичжээ. Захидлын агуулга нь бүхэлдээ Монголтой хамтран төмөр зам байгуулах боломжгүй гэх санааг тайлбарласан байлаа. Монголын талаас “Ши­нэ төмөр зам” төслийн 49 хувийн хөрөнгө оруулалтыг хийгээч ээ гэж оросуудаас хүсэхэд нөгөөдүүл нь “Танай санхүүжилтээ татахын тулд санал болгож буй хэлбэр тийм ч оновчтой биш нь илт байна” гэж гэдийсэн байж.

Гэвч В.Якунины энэ захидал эзнийхээ гарт очихоос хоёр хоногийн өмнө хэвлэлээр гарсан юм. Тухайн үед энэ талаар Засгийн газрын хэвлэлийн албаныхан “Бид мэдэхгүй” гээд сууж байв.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Тэр захидал надад ирээгүй байтал сонинд хэвлэгдсэн байна. Надад хоёр хоногийн дараа ирсэн. Тэгэхээр нь Гадаад харилцааны яам, тагнуулынхныг дуудаад “Юу болж байна вэ” гэж асуусан. Энд хамгийн энгийн ёс зүй зөрчигдөж байгаа биз. Биднийг хоёр хөрштэйгөө муудалцуулах ажил хийгдээд байна” хэмээн ярьж билээ. Үнэхээр түүний хэлсэнчлэн дээрх захидал бол В.Якунин гэдэг хувь хүнээс иргэн Н.Алтанхуягт бичсэн захидал биш юм. Энэ бол хоёр орны асуудал, хоёр ард түмний харилцаатай холбоотой шийдвэр. Тийм учраас монголчууд мэдэх эрхтэй баймаар. Нөгөөтэйгүүр энэхүү захидлыг алдсан хууль, тагнуулынхантайгаа хариуцлага тооцохын оронд бодит баримтыг олон нийтэд дэлгэсэн чөлөөт хэвлэлийг шалгаж эхэлсэн нь нэлээд жигтэй юм. Сэтгүүлч хүн эх сурвалжаа нууцлах эрхтэй байдаг. Тэр тусмаа бүр хэлэхгүй гээд гэдийгээд хэвтэх ёстой. Тэгж байж үнэн бодит баримтуудыг олон түмний хүртээл болгож чадна.

Өмнө нь манайд бас л иймэрхүү хэрэг гарч байв. Эзэндээ очихоосоо өмнө задлагдсан тэр нэг захидал нь мөн л Орос, Монголын харилцаан дахь эмзэг сэдвийг  хөндсөн байсан юм. МАН засаг барьж байх үеийн хэрэг явдал. Тухайн үед Үйлдвэр худалдааны сайд Х.Наранхүүд хандаж Оросын “НК Роснефть” компанийн дэд ерөнхийлөгч Д.Е.Богдановаас захидал ирж байв. Үүнд тус компани болон Үйлдвэр худалдааны яамны хооронд байгуулах гэрээний төсөлд яаралтай гарын үсэг зурахгүй бол “Роснефть”-ээс Монголд нийлүүлэхээр төлөвлөж буй нефтийн бүтээгдэхүүний тохиролцсон үнийн асуудал шийдэгдэхгүй, гацаанд орно хэмээн дурьдсан байсан юм. Нэг ёсондоо сүрдүүлэг байлаа. Харин мөнөөх байгуулсан гэрээ нь бас л олон нийтэд ил болсон. Тэр гэрээ ёсоор Монголд оросууд 100 ширхэг шатахуун түгээх станц бүхий сүлжээ байгуулж, шатахууны жижиглэнгийн худалдааны зах зээлд орж ирэх байжээ. Тухайн үед энэ мэдээллээс болж нэлээд асуудал үүссэн. Шатахууны үнийг барина гэж бардам хэлж байсан Ерөнхий сайд асан С.Баярын амлалт мөн чанартаа бол оросуудад шатахууны зах зээлээ найр тавьж өгснийхөө хариуд авч буй өчүүхэн бэлэг байсан бололтой юм. Ер нь бол хэвлэлд гарсан дээрх мэдээллээс болж Засгийн газрын тогтвортой байдлыг хангаж үлдэх эсэх нь эргэлзээтэй байсан үе бий. Тийм хэдий боловч тухайн үед засгийн эрхийг барьж байсан МАХН буюу одоогийн МАН-ынхан хэвлэлийг шалгана гэж гүйлдээгүй л юм. Тэгээд ч иймэрхүү захидлыг замаас нь олж аваад нийтэлчихнэ гэдэг сэтгүүлчийн ур чадвар сайн байгааг л харуулж байна.

Нөгөө талаасаа бол Ардчилсан намынхныг эвгүй харагдуулах энэхүү захидал яагаад “Өнөөдөр” сонин дээр гарчихав аа гэдэг бас сонин. Энэхүү мэдээллийг олонд хүргэсэн хэвлэл мэдээллийн байгууллагыг хууль цагдаа болж шалгах нь буруу. Гэхдээ хэн энэ мэдээллийг анх задалсан бэ гэдгийг мэдэх сонирхол хүн бүрт л төрж байгаа. Магадгүй үүний цаана Ерөнхий сайд асан С.Баяр ч байж магадгүй. Оросуудтай нэлээд дотно түншилдэг энэ эрхэм Н.Алтанхуягийн Засгийн газарт “Үгүй” гэж хэлж байгаа В.Якунины захидлыг задалсан ч байж мэдэх юм. Захидал дээр дурьдсанчлан оросууд “Шинэ төмөр зам” төсөлд оролцохоос татгалзсан бол одоо яах вэ гэх асуултыг холбогдох албаны хүмүүст тавьсан. Зам, тээврийн яамныхан лав “Өнгөрсөн хугацаанд төмөр замын төсөлд хөрөнгө оруулъя гэсэн 12 улсын 20 компанийн санал ирсэн” гэж байв. Үүнийг нь харахаар “Оросууд үгүй гэсэн ч санаа зовох асуудалгүй” гэсэнтэй адилхан сонсогдож байлаа. Гэвч “Оросын төмөр зам” нийгэмлэгт бүхэл бүтэн 49 хувийн хөрөнгө оруулалтыг хийх санал тавьсан нь бас л нэгийг өгүүлэх аж. Өөрөөр хэлбэл, тэдэнд гол найдвараа тавьсан ч гэж хэлж болохоор. Харин “Роснефть”-ийн шатахууны нийлүүлэлтээс хамаардаг манай улсын хувьд оросуудын татгалзсан хариу мууг ёрлох мэт сонсогдсон юм. Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр “Зөвхөн Оросоос шатахуун авдаг байсан үе өнгөрсөн” хэмээн “Роснефть”-ийн монопольчлолоос сална гэдгээ мэдэгдсэн нь хойд хөрштэйгөө төдийлөн ойлголцохоо больсныг бас илтгэх аж. Ямартай ч Н.Алтанхуягт хаягласан захидлыг эзэндээ очихоос нь өмнө хэвлэлд гаргасан эзэн нь С.Баяр ч байж болох үндэслэл бий. Гэхдээ хэн ч байлаа гэсэн үүнд чөлөөт хэвлэлийн байгууллагыг буруутгаж, үйл ажиллагаанд нь хөндлөнгөөс оролцож, хянаж цагдах эрх ардчилсан төрд байх учиргүй. Харин ч бүр эрэн сурвалжлах сэтгүүлчдийнх нь ур чадварыг магтууштай. 

 

Т.Элиса