2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр АН-аас “Монгол ялна” уриатайгаар нэр дэвшсэн Халтмаагийн Баттулга оффшороос 17 тэрбум доллар оруулж ирэх амлалтаа сүр дуулиантайгаар зарлан АТОЗ-той гэрээ байгуулж, тухайн үедээ л олны анхаарлыг татсан.

Х.Баттулга Монгол улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон өдрөөсөө өнөөдрийг хүртэл 4 жилийн хугацаанд оффшороос мөнгө оруулж ирж байгаа хэмээн сүржин мэдэгдэл хийж ирсэн ч үнэн хэрэгтээ улсын төсөвт оффшороос нэг цент ч орж ирээгүй юм. Үүнийг нь түүнийг Ерөнхийлөгч байх хугацаанд Сангийн сайдаар ажилласан Ч.Хүрэлбаатар, Б.Жавхлан нар болон УИХ-ын дарга Г.Занданшатар зэрэг төсөв санхүүгийн асуудлыг хамгийн сайн мэдэх учиртай албан тушаалтнууд удаа дараа мэдэгдсэн.

Харин өчигдөр Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийн эзэмшлийн С1 телевизээрээ АТОЗ-той байгуулсан гэрээнийхээ тайлан нэвтрүүлгийг “Алганы хээ ток шоу – Гавьяат жүжигчин Н.Онон” гэх нэртэйгээр гаргав. Би хийсэн гээд өмчилчих ажил хийгээгүй Ерөнхийлөгч маань АТОЗ-ынхонд өөрийн биеэр тайлан тавих нүүргүй болсон бололтой. Онон гавьяатын яриаг орхигдуулан байж нэвтрүүлсэн онлайн хичээлийн форматтай тайлан нэвтрүүлгээр нь ЕТГ-ын дэд дарга гэх үл таних залуу өөртөө итгэлтгүй, өлбөгөр сулбагархан яриад өнгөрөв.

За тэр нэр ус, хөтлөгч ч дүүрч гэхэд Ерөнхийлөгчийн маань 4 жилийн хуруу хумсаа хугалан байж хийсэн гэх ажил нь Нийслэлийн прокурорын орлогч Ц.Насанбатын хууль зөрчин үүсгэж, улс дамнуулан будлиулсан гэж хэвлэл мэдээлэл, олон нийтээр цоллуулаад буй өнөөх л Сү-гийн талаарх үр дүнд хүрэх эсэх, үнэн худал нь эргэлзээтэй, улиг болсон шар мэдээ л байлаа. Энэ ичгэвтэр тайлангаа олны анхааралд хүргэлгүй өнгөрөөе гэсэндээ Онон гавьяатын нэрээр гаргаа юм болов уу даа.

Харин улиг болсон хов базахынхаа оронд “Өдөр тутмын сонинуудын Эрэн сурвалжлагч нэгдэл”-ээс илрүүлэн баримт нотолгоотойгоор олон нийтэд ил болгосон (линк 1линк 2линк 3) өөртэйгөө холбоотой “Genco Holdings PTE” тэргүүтэй өч төчнөөн оффшор компани, америк дахь үл хөдлөх хөрөнгө, агуулах савныхаа талаар олигтойхон хэдэн үг хэлчихсэн бол АТОЗ-ын нөхдийнх нь ч, ард түмний ч сэтгэл амрах байсан биз ээ. Ерөнхийлөгч маань оффшорын амлалтаа биелүүлэх чиглэлд нэг их хүчлээгүйн гол шалтгаан нь өөрийнх нь энэ олон оффшор компани, гадаад дахь үл хөдлөх хөрөнгөнөөс нь болсон болов уу.

Өр тэглэнэ гэсэн амлалтандаа ч хүрээгүй байж өрх бүрт сая төгрөг өгнө хэмээн биелэшгүй амлалтын цуваагаа үргэлжлүүлсэн түүнд итгэх иргэдийн итгэл аль эрт алдраа биздээ.

Б.Отгон

 

http://www.iron.mn/