Эрүүл, зөв сэтгүүлзүйг бий болгоход нэгдэцгээе!
2014/05/02
Монголын Сэтгүүлчдийн Эвлэлийн Ерөнхийлөгч Б.Галаарид:
ЭРҮҮЛ, ЗӨВ СЭТГҮҮЛЗҮЙГ БИЙ БОЛГОХОД НЭГДЭЦГЭЭЕ!
Та бүхэнд Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн мэндийг дэвшүүлье.
Мэдээллийн харилцааны технологийн хөгжил дэвшлийн үр шимийг хамгийн ихээр хүртэж буй салбарын нэг бол сэтгүүлзүй юм. IT 21 дүгээр зууны сэтгүүлзүйг цоо шинэ дүр төрх, өнгө аястай болгон хувиргасаар байгаа бөгөөд энэхүү орчил хувьслын ирээдүйг угтан төсөөлөхөд улам хэцүү болж байгаа нь цахим сэтгүүлзүйд хөгжлийн асар их ирээдүй бий гэх итгэлийг баталгаажуулж байна.
Мэдээлэл солилцох, түгээх дамжуулах боломж, хурд, хэлбэр ийнхүү хязгааргүй тийш тэмүүлж буй нь сайн хэрэг боловч нөгөө талд нь мэдээлэл түгээгч-дамжуулагч-хэрэглэгчдийн ёсзүй, соёлын түвшинд дэвшил гарахгүй бол сөрөг үр дагавар нэмэгдэх бодит аюул анзаарагдаж эхэллээ. Ийм нөхцөлд цахим сэтгүүлзүйн салбарт ажиллагсад нийгмийн хариуцлагаа бүрэн ухамсарлаж, мэргэжлийн хэм хэмжээ, ёсзүйн хэмжүүрээ тодорхой болгох нь сөрөг үр дагавраас зайлсхийх урьдач алхам болох юм.
Цахим мэдээллийн орон зайд тогтвортой үйл ажиллагаа явуулж буй 100 гаруй сайтыг эгнээндээ нэгтгэсэн Монголын сайтын холбоо энэ байдалд анхаарлаа хандуулж, идэвхтэй ажиллаж байгаад гүнээ талархаж байна. МОСАХ-ны гишүүн сайтууд 2011 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Монголын сэтгүүлчдийн 15 дугаар их хурлаас баталсан “Монголын сэтгүүлчдийн ёсзүйн дүрэм”-ийг дагаж мөрдөх санаачлага гаргаж, МСЭ-тэй байгуулсан хамтын ажиллагааны гэрээгээр үүнийгээ баталгаажуулан ажил хэрэг болгож байгаад онцгойлон талархаж байна.
Сэтгүүлзүй нь нийгмийн түүчээ болж, зөв сайн руу уриалан дуудаж, буруу мууг уудлан зарлаж, танин мэдүүлж, соён гэгээрүүлэх үүргээ биелүүлэхдээ өөрөө цэвэр тунгалаг, зарчимч шударга, хариуцлагатай байх ёстой, гэхдээ сэтгүүлзүйг ийм түвшинд хүргэхийн тулд бүх нийтийн харилцан ойлголцол, хамтын хүчин зүтгэл хэрэгтэй гэдгийг чөлөөт хэвлэлийг хөгжүүлэх гэж бид бүхний хичээсэн хорь гаруй жилийн туршлага харуулж байна.
Энэхүү туршлага сургамжийг өөрийн гэсэн зам мөр, зүтгэл бүтээлээрээ баяжуулж буй цахим сэтгүүлзүйн салбарынхандаа Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан амжилт ололт, сайн сайхныг хүсье. Хариуцлагаа бүрэн ухамсарласан, ёсзүйгээ дээдлэн эрхэмлэсэн, эрүүл зөв сэтгүүлзүйг бий болгох үйлсэд сэтгэл нэгдэн зүтгэцгээе.
“Глоб интернэшнл” төвийн тэргүүн Х.Наранжаргал:
ЯМАГТ ТУУШТАЙ, ТУЙЛБАРТАЙ, ЗОЛБООТОЙ АЖИЛЛАХЫГ ХҮСЬЕ!
Сайтын холбооны гишүүд, мөн монголынхоо нийт сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтан та бүхэнд Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн мэндчилгээ дэвшүүлж, хүн ардынхаа чөлөөт, хараат бус хэвлэлтэй байх, үнэн мэдээлэлтэй байх эрх, эрх ашгийн төлөө ямагт тууштай, туйлбартай, зоригтой, золбоотой ажиллахыг “Глоб интернэшнл” төвийн хамт олны өмнөөс хүсье.
Энэ жилийн Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг дэлхий даяар “Чөлөөт хэвлэл 2015 оноос хойших хөгжлийг бэхжүүлнэ” сэдэв дор тэмдэглэх гэж байна.
2000 онд НҮБ-ын гишүүн улс орнууд 2015 он гэхэд хүрэх “Мянганы хөгжлийн зорилтууд”-аа тодорхойлсон билээ. Одоо дэлхий даяараа 2015 оноос хойших хөгжлийн шинэ зорилтуудыг тодорхойлоход хэвлэл мэдээлэл ямар үүрэгтэй, ямар ач холбогдолтой нь дэлхийн улс орнуудад ид өрнөж буй хэлэлцүүлгийн чухал хэсэг юм. Үүнд хэвлэл мэдээллийн чиглэлээр ажилладаг янз бүрийн улс орны 190 гаруй төрийн бус байгууллагууд “Тогтвортой хөгжлийн зорилтод үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх, тайвнаар эсэргүүцэл илрэхийлэх, хараат бус хэвлэл мэдээлэлтэй байх нь тогтвортой хөгжлийн зорилтын салшгүй хэсэг мөн” болохыг онцгойлон тэмдэглэж, уриалгаа НҮБ-д илгээсэн билээ. Үүнд “Глоб интернэшнл” төв ч бас нэгдсэн юм. Чөлөөт, хараат бус, олон ургальч хэвлэл мэдээллийн хөгжил нь өөрөө тухайн улс орны тогтвортой хөгжилд онцгой үүрэг гүйцэтгэдэг.
Иймд НҮБ энэ жилийн Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөрт өндөр ач холбогдол өгч, чөлөөт, хараат бус хэвлэлд тулгамдаж буй доорх дэд сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж, тэмдэглэхийг гишүүн орнууддаа уриалж буй билээ.
Дэд сэдэв 1: Хэвлэл мэдээлэл сайн засаглал, чадавхжуулалт, ядуурлыг бууруулахад хувь нэмэр оруулах нь
Дэд сэдэв 2: Сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хангах, тэдний эсрэг гэмт хэрэг ял шийтгэлгүй өнгөрч буйтай тэмцэхийн төлөө хууль дээдлэх ёсыг хүндэтгэх нь
Дэд сэдэв 3: Сэтгүүл зүйн тогтвортой, мэргэжлийн байдал нь хөгжлийн хэсэг болох нь
Хэвлэлийн эрх чөлөө бол иргэдийн эрх тул Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр бол нийт ард иргэдийн эрхээ эдлэхийн төлөө тэмцлийн өдөр юм. Иймээс монгол иргэддээ мөн энэ өдрийн мэндчилгээ дэвшүүлье.
Чөлөөт хэвлэл бол чөлөөт ард иргэд мөн.
ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан:
2014 ОНЫ СЭДЭВ 3 ЧИГЛЭЛД ГОЛЛОН АНХААРЧ БАЙНА
ЮНЕСКО-гийн Ерөнхий бага хурлын зөвлөмжийн дагуу НҮБ-ын Ерөнхий Чуулганы 1993 оны 12 дугаар сарын хуралдаанаас Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг зарлан тунхагласан бөгөөд үүнээс хойш жил бүрийн 5 дугаар сарын 3-нд Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тэмдэглэж байгаа билээ. Энэ өдрийг тохиолдуулан хэвлэлийн эрх чөлөөний үндсэн зарчмуудыг таниулах, дэлхийн хэмжээнд хэвлэлийн эрх чөлөөний байдалд үнэлэлт өгөх, хэвлэл мэдээллийн бие даасан байдалд халдахаас хамгаалах, ажил үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан сэтгүүлчдийн дурсгалыг хүндэтгэх зэрэг үйл ажиллагаа өрнүүлдэг.
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн 2014 оны сэдэв нь “Сайн сайхан ирээдүйн төлөө хэвлэл мэдээллийн байгууллагын эрх чөлөө” гэсэн уриатай бөгөөд дотроо Хөгжлийн асуудалд хэвлэл мэдээллийн байгууллагын гүйцэтгэх үүрэг, Сэтгүүлчдийн аюулгүй байдал ба хуулиар олгогдсон эрх болон Сэтгүүл зүйн дэмжих чадвар ба шударга байдал гэсэн 3 чиглэлд голлон анхаарч байна.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 19 дүгээр зүйлд Хүн бүр өөрийн үзэл бодолтой байх, түүнийгээ чөлөөтэй илэрхийлэх эрхтэй; энэхүү эрхэнд үзэл бодлоо ямар ч хорио саадгүй баримтлах эрх чөлөө, үзэл санаа, мэдээллийг улсын хилийн заагаар үл хязгаарлан аливаа арга замаар эрж сурвалжлах, хүлээж авах, түгээн дэлгэрүүлэх эрх чөлөө багтана хэмээн заасан байдаг билээ.
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан Монголын нийт сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтан, албан хаагч Та бүхэнд сайн засаглал, тогтвортой хөгжил, энх тайван аюулгүй байдлын тулгын чулуу болох дээрх зарчимд үнэнч байж цаашдын ажил үйлсдээ өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөе.
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга О.Магнай:
ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ДЭЭДЛЭХЭД ТА БҮГДИЙН ОРОЛЦОО МАШ ЧУХАЛ
Дөрөв дэх засаглал болох хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж буй мянга мянган сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн ажиллагсад та бүхэнд Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн мэндчилгээг дэвшүүлж байна.
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассемблей 1993 онд дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тэмдэглэхийг тунхагласан бөгөөд энэ өдрийг дэлхий нийтээрээ тэмдэглээд 21 жил болжээ. Манай хэвлэл мэдээллийн салбарынхан ч бас энэхүү өдрийг баяр гэдэг утгаар биш харин хэвлэн нийтлэх эрх чөлөөнийхөө төлөө дуу хоолойгоо нэгтгэх өдөр гэж үзэн тэмдэглэдэг.
“Хил хязгааргүй сэтгүүлчид” олон улсын байгууллага уламжлал ёсоор дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний 2014 оны индексийг гаргасан бөгөөд хэдийгээр энэ индекс өмнөх жилийн индекстэй харьцуулахад урагшилсан боловч бид хэвлэлийн хагас эрх чөлөөтэй улс хэвээр байна. Иймд хэвлэлийн эрх чөлөөг дээдэлж энэхүү байр сууриа нэмэгдүүлэхэд сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтан та бүгдийн оролцоо маш чухал гэдгийг тэмдэглээд дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн 21 жилийн ойн мэндчилгээг дэвшүүлж байна.
Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ц. Жадамбаа:
БУСДЫН ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨГ ХҮНДЭТГЭН ЦАХИМ СЭТГҮҮЛЗҮЙГ ТӨЛӨВШҮҮЛЭХ УЧИРТАЙ
НҮБ-ын Ерөнхий ассемблей 1993 оноос эхлэн хэвлэлийн эрх чөлөөний үндсэн зарчмыг дээдлэх, Дэлхий дахинаа энэхүү эрх чөлөө хэрхэн хэрэгжиж буйд үнэлэлт дүгнэлт өгөх, хэвлэл мэдээллийн байгууллагын хараат бус байдлыг сахин хамгаалах, ажил үүргээ гүйцэтгэж яваад амь үрэгдсэн сэтгүүлчдийн гэгээн дурсгалыг хүндэтгэх зорилгоор жил бүрийн тавдугаар сарын 3-ны өдрийг “Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр” болгон тунхагласан билээ.
НҮБ-аас 2014 оныг“Сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хангах” жил болгон зарласан нь сэтгүүлчдийн мэдээлэл олж авах, ажил үүргээ хараат бусаар гүйцэтгэхэд чухал ач холбогдолтой болж байгаа юм.
Дэлхий нийтийн чиг хандлагын дагуу уламжлалт хэвлэлээс гадна мэдээллийн технологийн дэвшилд тулгуурласан цахим хэвлэлийн тоо өдрөөс өдөрт өсөн нэмэгдсээр байгаа билээ. Цахим ертөнц нь Дэлхий нийтийн хэрэглээ хэдий ч энэхүү хязгааргүй орон зайд бид бүхэн аялгуу сайхан Монгол хэлнийхээ яруу тунгалаг үг хэллэгийг хадгалж, ёс зүйтэй, зөв хэрэглэж, бусдын эрх, эрх чөлөөг хүндэтгэн цахим сэтгүүл зүйг төлөвшүүлэх, мэдээллийн аюулгүй байдлыг хангах ёстой гэж үзэж байна. Ингэснээр бид улам бүр даяарчлагдаж буй өнөө үед Монгол сайхан эх хэлээ язгуур үндсээр нь авч үлдэн хойч үедээ өвлүүлэхэд Монголын сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагууд түүчээлэн ажиллах учиртай билээ.
Монголын хэвлэл мэдээллийн байгууллагууд, сэтгүүлчид хэнээс ч хараат бус бие даасан байдлаар ард иргэдийнхээ үнэний дуу хоолой байж, хэвлэлийн “хагас эрх чөлөө”-нөөс “бүрэн эрх чөлөө”-нд шилжиж, шударга ардчилсан нийгмийн дархлааг хамгаалж чадна гэдэгт итгэлтэй байна.
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан Монголынхоо бүх хэвлэл мэдээллийн байгууллагын захирал, эрхлэгч сэтгүүлч нарт үзэг нь хурц, үг нь мэргэн байхыг хүсэн ерөөе.
Морин зоон дээрээс сансрын уудамд хүрсэн
Монгол түмний босоо цагаан хийморь өөдөө байг!
Оюуны өмчийн газрын дарга Н.Чинбат:
ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ЭДЭЛСНЭЭР ОЮУН САНААНЫХАА ЧИГ ХАНДЛАГЫГ ЗӨВ ТОДОРХОЙЛНО
Монголчуудын оюун санааны амьдралд бий болгосон хуримтлуулсан, хуран цуглуулж чадсан нэгэн томоохон баялаг бол хэвлэлийн эрх чөлөө гэж бид ойлгож явах ёстой.
Хэвлэлийн эрх чөлөө гэдэг бол өргөн утгаараа Монгол Улсын бүх иргэдийн бүрэн эрх, эрх чөлөөний хамгийн томоохон салшгүй нэгэн эрх чөлөө. Энэ эрх чөлөөг эдэлснээр оюун санааныхаа амьдралын чиг хандлагыг зөв тодорхойлж цаашдаа оюун санааныхаа хөгжлийг улам бүр цэцэглүүлэн бадруулах учиртай.
Ийм учраас бид хэвлэлийн эрх чөлөөний энэ өдрийг тэмдэглэхдээ хүн бүхэн хэвлэлийн эрх чөлөөгөө гүнээ ухамсарлаж, энэ эрх чөлөөнийхөө утга агуулгыг гүнээ мэдэрч үүнийг улам бүр хөгжүүлж цэцэглүүлэхийн төлөө шинээр сэтгэж, шинээр сэдэж, шинээр төлөвшин шинээр ажиллах чиглэлээ гаргах учиртай өдөр.
Энэ өдрийг тохиолдуулан нийт монголчууддаа түүний дотор энэ ажлыг эрхлэн хөтөлж явдаг хэвлэл мэдээллийн байгууллагууд, Монголын сайтын холбооны гишүүн сайтуудын ажилтнууддаа ажлын амжилт, сайн сайхныг хүсье.
МУСГЗ, “ETV-HD” телевизийн захирал Ц.Энхбат:
МОНГОЛЫН НИЙГЭМ ЦАХИМ ЕРТӨНЦӨӨС ХҮЧИРХЭГ, ХАРААТ БУС СЭТГҮҮЛЗҮЙГ НЭХЭЖ БАЙНА
Уламжлалт хэвлэл хумигдаж, цахим мэдээллийн ертөнц цахилж эхэллээ. Social media буюу цахим мэдээллийн эрин үетэй бид золгож байна. Цаасан сонин, сэтгүүл, телевиз, радио зэрэг уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгслийг цахим мэдээллийн ертөнц технологийн дэвшил, хүртээмж хөгжлийн хурдаараа нэгэнтээ ардаа орхижээ.
Монголын цахим мэдээллийн ертөнц өөрийн хөгжлөө дагаад олуулаа болов. Олуулаа болсноор хүчирхэг арми буй болжээ. Хүчирхэг, хараат бус сэтгүүл зүйг Монголын цахим мэдээллийн ертөнцөөс Монголын нийгэм эрхгүй нэхнэ.
Чөлөөт хараат бус хэвлэл мэдээлэл бол ардчилсан нийгмийн тулгуур багана, хүний эрхийн гол баталгаа. Тиймээс Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан үзэг, компьютер, iPad, ухаалаг гар утсаар зэвсэглэсэн Монголын цахим мэдээллийн ертөнцийн “Генералууд” цуцашгүй дайчдадаа олсон амжилтаа бататгаж, улам олуулаа, улам хүчирхэг байж, ёс зүйтэй, хариуцлагатай сэтгүүл зүйг хөгжүүлэх үйлсэд нь амжилт хүсье.
МОСАХ-ны Ерөнхийлөгч Ж.Жаргалсайхан:
МАНАЙ ВЭБ САЙТУУД ДОТОР МОНГОЛ УЛС ЦАХИМ ХЭЛБЭРЭЭР ОРШИН БАЙДАГ
Та бүхэнд дэлхий даяараа Хэвлэлийн эрх чөлөөг хамгаалан нэгдэж тэмдэглээд 21 жил болж байгаа түүхэн өдрийн мэнд дэвшүүлье!
“Монголын Сайтын Холбоо” ТББ Хэвлэлийн эрх чөлөөний өдрийг цахим ертөнцийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан байгууллага, хувь хүмүүс, онлайн сэтгүүлзүйн талбарт авьяас хөдөлмөрөө зориулж яваа сэтгүүлчид, цахим орон зайд монголчууддаа мэдлэг, мэдээлэл түгээж соён гэгээрүүлдэг улс төр, нийгмийн зүтгэлтнүүд, нийт иргэдийнхээ хамт тэмдэглэж, цахим эрх, эрх чөлөөг хамгаалахад дуу хоолойгоо нэгтгэж заншлаа.
“Хэвлэлийн эрх чөлөө” бол иргэн бүрийн эрхийн тухай асуудал юм. Иргэн таны үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө энэ гуравхан үгээр баталгаажиж байдаг. Тиймээс ч үүнийг олон улсын пакт, баримт бичгүүдээр хамгаалж, улс орнуудыг Хэвлэлийн эрх чөлөөг хангахад их зүйл хийхийг уриалсаар байна. Цахим мэдээллийн хэрэгсэл буюу шинэ хэвлэл мэдээллийг сүүлийн жилүүдэд онцгойлон анхаарч байгаа нь энэ орон зайд хэвлэлийн эрх чөлөөний асуудал мэдэгдэхүйц болж эхэлсний дохио гэж ойлгож байна. НҮБ-ын “Иргэний болон улс төрийн эрхийн олон улсын пакт”-д “…Гишүүн улсууд нь шинэ хэвлэл мэдээллийн хараат бус байдлыг хангах, хүмүүст хүртээмжтэй болгох талаар шаардлагатай бүхий л алхмыг хийвэл зохино” гэжээ. Вэбсайт нь 3000 хүрсэн хандалттай бол бүртгүүлэх журамтай, иргэд нь цахим эрх, эрх чөлөөгөө эдлэх боломжоо IP хаягаа ил харуулах, бичсэн үгээ програмд хянуулан шүүлтүүрээр оруулах ёстой журмаар хязгаарлуулж байдаг Монгол улс Хэвлэлийн эрх чөлөөний индексээрээ 2014 онд 88 дугаар байранд оржээ. “Хязгаарлалтыг хуулиар тогтооно” гэсэн олон улсын пакт манай улсад үйлчлэхгүй байгааг энэ дүрэм журам харуулж байна. Иймд бидэнд үйл ажиллагаагаа хэвийн, эрүүл эрхзүйтэй, зөв орчинд явуулахын тулд хийх зүйл их байна. “Монголын Сайтын Холбоо” ТББ-ын гишүүн вэбсайтууд Монголын Сэтгүүлчдийн Мэргэжлийн Ес Зүйн Зарчмыг баримтлан ажиллахаа илэрхийлж Монголын Сэтгүүлчдийн Эвлэлтэй Хамтран ажиллах санамж бичиг үзэглэн хэрэгжүүлж эхлээд байна. Бид оюуны хулгайтай тэмцэж, оюуны өмчийг дээдэлж, хүндлэн ажиллахаар Оюуны Өмчийн Газартай хамтран хэд хэдэн ажил хэрэгжүүлэхээр боллоо. Монголын Сайтын Холбоо Жендерийн Үндэсний Хорооны Хэвлэл мэдээллийн зөвлөл, “Глоб интернейшнл” ТББ зэрэг олон байгууллагын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, дуу хоолойгоо нэгтгэж байна. Мөн бид Монгол улсад Хэвлэл мэдээллийн салбарын ёс зүйн нэгдсэн байгууллага бий болгох үйл явцад бусад мэргэжлийн эвсэл, холбоодтой хамтран ажиллаж, нийтлэг эрх ашгийнхаа төлөө эвлэлдэн нэгдэж байна. Монголын хэвлэл мэдээллийн салбарт өөрийн зохицуулалтын байгууллагыг олон улсын жишгийн дагуу мэргэжлийн төвшинд байгуулах ажилд “Монголын Сайтын Холбоо” ТББ хариуцлагатайгаар хамтран ажиллах болно.
Өнөөгийн Монгол улсын хөгжлийн дүр төрхийг цахим орон зайн шанг таталцаж яваа Монголын Сайтын Холбооны гишүүн 116 вэбсайтаас Та тольдон харж болно. Цахим ертөнцийн энэ их айл дотор Монгол улс тэр чигээрээ багтдаг. Үйл явдал, өрнөл хөгжил, асуудал, шийдэлтэйгээ, төр, иргэнтэйгээ, өнгөрсөн, одоо, ирээдүйтэйгээ, арилжаа ахуйтайгаа, дуу хуур, дуулиан шуугиан, урлаг соёл, өв уламжлал, спорт наадамтайгаа, технологи дэвшилтэйгээ манай вэбсайтууд дотор Монгол улс цахим хэлбэрээр оршин байдаг билээ.
Ингээд өөрийн “бодит би”, “бодит ертөнц”-өөсөө гадна интернет хэмээх харь гарагийн мэт нэгэн соньхон ертөнцөд бидэнтэй уулзаж, учирч байдаг бүх хэрэглэгчдийнхээ цахим эрх, эрх чөлөөг хамгаалах, дээдлэх үйлст Монголын Сайтын Холбооны гишүүн вэбсайтууд ямагт манлайлан оролцох болно гэдгээ илэрхийлье!
Сэтгэгдэл устгуулах хүсэлт илгээх