Парламентаас шинэ нам төрөх үү?
2014/05/04
Өнгөрсөн баасан гаригийн чуулган дээр Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд “Женко” Х.Баттулга засгаас гарах хүсэлтээ танилцуулав. Тэрээр өмнө нь Ерөнхий сайдад энэ хүсэлтээ мэдэгдээд байжээ.
Ерөөс Х.Баттулга бол Ерөнхий сайд Н.Алтанхуягтай “зодолдсоор” ирсэн.Намын дарга хэмээх “дан дээл”-тэй байхаас нь л огцруулах тухай ярьж, амжилтгүй л болсон болохоос биш хэд хэдэн аттак хийгээд амжсан. Энэ утгаараа Н.Алтанхуяг, Х.Баттулга хоёр дайснууд. Үүнийгээ ч нуудаггүй. Харин ч тэд нэг засагт нэлээд удлаа.
Шинэчлэлийн хэмээх тодотголтой энэ засгийн сайд нарт бие даасан байдлаар амьдраад байх боломж бий. Учир нь АН-ын фракц, бүлэглэлүүд яамдыг хувааж авсан учир Н.Алтанхуяг сайд нарынхаа бүх асуудалд нь хутгалдаад байдаггүй.
Баабарын хэлснээр, АН-ын дарга Н.Алтанхуяг төрийг өөртөө дайсагнасан фракцуудад тараагаад хувьчилчихсан. Өөрөөр хэлбэл, сайд нь салбараа мэднэ гэдэг утга энэ засагт жинхэнэ хэрэгжиж байгаа. Тиймээс “Женко” Х.Баттулга Н.Алтанхуягийн Засгийн газарт өдий удсан биз ээ.
“Давхар дээл” тайлах асуудлаар засгийнхаа эсрэг кноп дарсан дөрвийн нэг бол Х.Баттулга. Эсэргүү дөрөв гэж нам дотроо ад шоо үзэгдээд байгаа. Кноп дарсны дараа түүнийг намаас хөөх гэж байна гэх мэдээлэл яригдаж байсан юм. Хэрэв энэ үнэн бол тэрээр засгаас гарах өргөдөл өгснөөрөө урьтаж арга хэмжээ авчээ гэж ойлгож болох нь.
Ер нь бол Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн “давхар дээл”-ийг тайлах тухай хуулиар МАН улстөр хийж, парламент унагаснаар энэ асуудал хугацаагүйгээр хойшилж байгаа юм. Ерөнхийлөгчийн төсөлд 2016 оноос “давхар дээл”-ийг тайлна гэж тусгаад байв. Энэ нь одоогийн засагт хамаарахгүй гэсэн үг байлаа. Гэтэл үүгээр далимдуулан МАН-ынхан хийгээд АН-ын зарим фракц, бүлэглэл улстөр хийж одоогийн засгаар оролдох гэснээс болж ххуулийг нэгмөсөн унагааж орхилоо.
Х.Баттулгын өргөдөл өгснийг ч МАН, АН-ын дээрх бужигнуулсан нөхдийн операцын үргэлжлэл гэх хүмүүс байна. Нөгөө талаар намдаа шахуулсан, эсвэл намынхандаа шаралхсан Х.Баттулгын алхам гэх.
Гэхдээ нэг асуудал тодорхой болоод байна. Х.Баттулга шинэ нам байгуулах гэж байгаа ажээ. Үүнийг батлах мэт “Hero” Баатар, П.Анужин нараар хийлгэсэн “Шинэ сум” төслийн талаарх нэвтрүүлэг нь өдөр шөнөгүй, бүх телевизээр ээлжлэн цацагдав.
Нэвтрүүлгийн санаа нь “Х.Баттулга бол бүтээн байгуулагч” гэх. Ийм хүнийг л ад шоо үзээд байж, Х.Баттулга аргагүйн эрхэнд засгаас гарч байна гэдэг ойлголтыг нэвтрүүлэг үзсэн хүн авч хоцрох учиртай юм шиг байгаа юм. Чухамдаа түүнд нам байгуулах хэмжээний хүч бий.
Х.Баттулга бол МоАХ-ны дарга, АН доторх энэ фракцын тэргүүн. МоАХ гэдэг их айлыг өнөөг хүртэл авч явсныхаа ашгийг Х.Баттулга энд л гаргаж магадгүй нь. МоАХ-ынхан олуулаа. Харин 2012 оны сонгуулиас хойш бүрэлдсэн Засгийн газар, түүний агентлаг, төрийн байгууллагуудад энэ фракцаас ханатал албан тушаалд очиж чадаагүй.
Ихэнх нь гудамжинд яваа. Тэд ч бялуунаас хүртэхийг хүсч л байгаа. Энэ нь тэднийг намын хэмжээнд хүртэл нэгтгэж чадах Х.Баттулгын шалтаг.
Мөн бусад фракц бүлэглэлүүд, ялангуяа АН-ын лидерүүдийн гар хөлийн үзүүрт зарагдаж, бараа сүрд нь дарагдаж яваа 80-аад оны гэх залуус Х.Баттулгыг дагах магадлал өндөр байгаа ажээ.
Мөн өдгөө парламентад суугаа МоАХ, Баянхонгор чигийн гэх мэтийн гишүүд ч түүнийг дагана, нэгдэнэ гэж тооцоолсон нь лав. Энэ мэтээр МоАХ-ныхон хийгээд гомдогсдын армиар хүчээ зузаатгах боломж Х.Баттулгад байгаа учраас сайдын сандлаа хаяад боссон хэрэг.
Ингэвэл энэ парламентаас шинэ нам төрнө гэсэн үг. Гэхдээ энэ анхных биш. Монголын парламентын түүхэн дэх хоёр дахь тохиолдол болно. 2004 оны УИХ-ын сонгуулиар тухайн үеийн МАХН, АН хоёр түүхэнд анх удаа ойролцоо суудал авсан байдаг. 36:25-ын харьцаатай.
Тиймээс Ц.Элбэгдоржийн тэргүүлсэн “Эх орон-Ардчилал” эвсэл МАХН-тай хамтарч, Үндэсний эв нэгдлийн Засгийн газрыг байгуулав. Тэд хоёр, хоёр жилээр ээлжлэн засгаа барина гэж тохиролцоод эвслийн тэргүүн Ц.Элбэгдоржийг Ерөнхий сайд болгож байлаа.
Гэвч тухайн үеийн Засгийн газрыг М.Энхсайхан “Эрэл”-ийн Б.Эрдэнэбаттай нийлж байгаад унагааж байсан түүхтэй. Ингэхдээ “Эх орон-Ардчилал” эвслээ задалж, М.Энхсайхан Ж.Наранцацралт агсан нар парламент дотроос Үндэсний шинэ нам гээчийг байгуулсан.
Чуулганы танхим дахь сандалдаа цэнхэр өнгийн бүрээс углаж, тэр үедээ цэнхэр сандалтнууд билүү, суудалтнууд ч билүү, нэг тийм нэр авчихсан байсныг санаж байна. Үүнээс улбаалаад л Засгийн газрыг эрх зүйн чадамжгүй болсонд тооцсон УИХ дахь МАХН-ын бүлэг Ц.Элбэгдоржийн танхимыг огцруулах хүсэлт гаргаж байсан юм.
Засгаас гарах сайдын тоо Х.Баттулгаар тогтож байвал 10 жилийн өмнөх шиг ийм явдал давтагдахгүй. Гэхдээ яаж ийгээд бүлэг болгочих магадлал, сэлгээ ухаан Х.Баттулгаас гарч мэднэ.
Хэрэв тэгвэл байдал тун эвгүй болж ирнэ. Юутай ч “Женко” Х.Баттулга МҮАН-ын М.Энхсайхан шиг шинээр нам байгуулна гэдэг яриа бараг л үнэн болоод явчихлаа.
Манайд парламентаас шинээр нам төрж болно болохгүй, зөв буруу гэх хууль эрх зүйн зохицуулалт байхгүй. Үндсэндээ хуулийн цоорхойгоор хийгддэг үйлдэл. Тиймээс Монголын парламентын гишүүнээр сонгогдсоны дараа дарга нар дургүй хүргээд байвал намаа сольж болно, бүр уур нь хүрвэл нам байгуулж ч болох ажээ.
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: