Албаны эх сурвалжийн мэдээлснээр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт өнөөдрөөс эхлэн хөл хорио тогтоох хугацаа хойшлогдсон байна. 

Харин Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт тогтоосон хатуу хөл хорионы хугацаа хэвээр аж. 

 

Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт гуравдугаар сарын 17-ны өдрийн 06:00 цагаас гуравдугаар сарын 21-ний 23:00 цаг хүртэл хязгаарлалтын дэглэм тогтоох болсныг албаны эх сурвалж хэлэв.  

Хязгаарлалтын дэглэм тогтоосон үед тухайн хорооны 18-аас дээш насны иргэдийг PCR шинжилгээнд хамруулж, зорилтот бүлгийн болон 50-65 насны иргэдийг вакцинжуулж, халдваргүйжүүлэлт ариутгал хийх ажлыг үе шаттайгаар төлөвлөжээ. 

Хатуу хөл хориотой холбогдуулан дараах санамжийг хүргэж байна.

  • Хүнсний дэлгүүр, эмийн сангаар үйлчлүүлэхдээ халдвар хамгааллын дэглэм чанд сахиж, хүн хоорондын зайг барих
  • Эмнэлгийн тусламж үйлчилгээ шаардлагатай тохиолдолд өрхийн эмнэлэгт хандаж холбогдох бичиг баримт авч хязгаарлалтын дэглэм тогтсон бүсээс гарах бүртгэл хийлгэх
  • Онцын шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байх
  • Хатуу хөл хорио тогтоосон тав хоногт архи, согтууруулах ундааны төрлийн зүйлийг худалдахгүй, хэрэглэхгүй байх
  • Мэргэжлийн байгууллагын алба хаагчдын тавьсан шаардлагыг иргэний үүргээ ухамсарлан биелүүлэх
  • Хязгаарлалтын дэглэм, хөл хорионы хугацаа дуусаж, цагдаагийн хамгаалалт буусан үед Нийслэлийн Засаг даргын 2021 оны гуравдугаар сарын 14-ний өдрийн А\161 дүгээр захирамжийг мөрдөж хэвийн горимд шилжинэ