Улс төр эгнээгээр явдаг. Ахмад, дунд, залуу үеийн хэлхээн дээр улс төрийн намын гагнаас үргэлжилдэг учраас ахмадууд нь залуу үедээ халаагаа өгөх нь жам ёсны үзэгдэл. Гэтэл АН-ын ахмадууд залуу үедээ зайгаа тавьж өгөлгүй албан тушаалын хойноос хөөцөлдсөөр өнөөдөрт иржээ.

Ардчиллын анхдагчууд хэмээн өөрсдийгөө өргөмжилдөг, он цагтаа байж болох карьерынхаа хамгийн өндөрлөгт хүрсэн, албан тушаалтай хашиж үзсэн лидерүүд нь залуусдаа зайгаа тавьж өгөлгүй өдгөө ч эрх мэдлийн төлөө улайран зүтгэсээр байна. 

Энэ үзэгдэл АН-ыг эв нэгдэлгүй харагдуулж, хувийн эрх ашгаа нэгдүгээрт тавьдаг байдал нь эргээд намынхаа төдийгүй эрх барьж байх үед нь улс орны эрх ашигт ч сөргөөр нөлөөлж иржээ.  

УИХ-ын 2020 оны сонгуулиар АН 2016 оных шиг мөн л үнэмлэхүй ялагдал хүлээв. Үүний хариуцлагыг тухайн үеийн намын дарга С.Эрдэнэ хүлээж буйгаа мэдэгдэн, тамгаа Ц.Туваанд хүлээлгэж өгсөн. Гэсэн ч тэр Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд ирэхтэй зэрэгцэн сандал суудал, тамга тэмдэгний хэрүүл хийж, “Би намын дарга хэвээрээ” гэсэн зүйл ярьж явна. Бүр сүүлдээ энэ байдал нь даамжирч, намаа хоёр хувааж, хагалан бутаргачихлаа. Ёстой л “Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй” гэгч болж байх. 

С.Эрдэнэ нам дотроо ийн үймээн дэгдээж буй нь зохион байгуулалттай харагдаж байна. АН-ын нэр хүнд ёроолдоо тултал унаж, Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө ийн талцсан нь ерөөсөө тус намаас төрийн тэргүүний сонгуульд хэнийг нэр дэвшүүлэх вэ гэдэгтээ холбоотой.

С.Эрдэнийн талынхан одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгыг дахин нэр дэвшүүлэхгүй байхын тулд авч болох бүхий л арга хэмжээг явуулж байгаа нь акцуудаас нь тод харагддаг. Энэ маргаан удаан үргэлжлэх тусмаа МАН-д ашигтай. 

Аль нь байлаа ч ардчиллын төлөөх үйлсэд хувь нэмрээ оруулсан, анхдагчуудын нэг хэмээн сайрхах дуртай түүнд намаа муухай харагдуулж, жирийн олон мянган гишүүд, дэмжигчдийнхээ итгэлийг алдах нь хамгийн гутамшигт хэрэг баймаар сан. Гэтэл өнөө л эрх ашгийн эрэмбээ алдаж, амин хувийн үйл хэргээ С.Эрдэнэ нэгдүгээрт тавьчихлаа. 

С.Эрдэнэ, Э.Бат-Үүл нарын ардчиллын анхдагчид намаараа дамжуулж Монгол төрийн хүрч болох бүхий л албан тушаалд, өндөрлөгт хүрсэн. Одоо гавьяаныхаа амралтад суугаад, намынхаа үйл хэрэгт зөвлөөд явж болох ч тэд эрх мэдлийн төлөө, хувийн эрх ашгийнхаа төлөө улайран зүтгэж, залуу үедээ халаагаа өгөх нь байтугай тэдэнтэйгээ өрсөлдөөд явж байна. Үнэн хэрэгтээ тэд намаа сонгуульд удирдаж ороод ялагдуулсан шүү дээ. Энэ бол маргаангүйгээр намын удирдлагаа өгөөд явах ёстой үр дагавар. Гай, гавьяаг эн тэнцүү хүртэх ёстой бус уу. Гэтэл С.Эрдэнэ хийгээд АН-ын “мөнхийн залуу” дарга нар зайгаа тавьж өгөхийг хүссэнгүй. АН-ын даргын сонгуульд С.Эрдэнэболд, О.Амартүвшин, О.Цогтгэрэл, Д.Пүрэвдаваа нар өрсөлдөхөөр болсон “мөнхийн залуу” ахмад үеийнхэн нь тэдэнд саад болох гэж аргаа барж байна. Намынхаа гишүүд, дэмжигчдэд цаашид ажиллах бодлого, мөрийн хөтөлбөрөө танилцуулах уулзалт хийж, сурталчилгаагаа эхлүүлээд явж байгаа эдгээр залуустай зэрэгцээд С.Эрдэнийнхэн нийслэлийн намын даргад хотын дарга асан Э.Бат-Үүл нарын “залуус”-аа сойгоод эхэлсэн.

Монголд ардчилсан хувьсгалыг эхлүүлсэн гавьяатай гэж Э.Бат-Үүл, С.Эрдэнэ нар ярьдаг, үүнийг нь ч олон нийт хүлээн зөвшөөрдөг. Гэхдээ одоо ачааны хүндийг залуус үүрэх цаг иржээ. Тэд залуу үедээ халаагаа өгөхгүй өөрсдөө манлайлагч байх, гол дүр болох хүсэл нь АН-ын хөгжил дэвшилд чөдөр тушаа болж байна. 

Шинэ, залуу эрч хүчтэй 70, 80-аад оны залуус намын даргад нэр дэвшин, эв эеийг эрхэм болгон ардчиллаа аврах нь юу юунаас илүү чухал болчихоод байгааг АН-ын лидерүүд ойлгоосой билээ дээ. Энэ намд эрс шинэчлэл хэрэгтэй байгааг өнгөрсөн хоёр удаагийн сонгууль бэлхнээ харуулчихлаа шүү дээ. 

 

Б.Лхам

sonin.mn