Махны ченж: Нэг удаагийн хоолны махаа л авдаг болсон

Махны ченжүүд махаа өндөр үнэтэй бөөндөж авдаг болжээ. Иймээс үнэтэй зарахаас  өөр ямар ч арга байхгүй байна гэв.

Махны үнэ яагаад ийм өндөр байна вэ?

Ганц үхрийн мах 2 сая болж байна. Ийм өндөр үнээр авч байгаа учраас ингэж зарахаас өөр арга алга байна.

Ийм өндөр үнэтэй махыг иргэд худалдан авч чадаж байна уу?

Иргэд ч худалдан авах чадваргүй болж байна. Үнэхээр муу байна. Бид ч гэсэн мах авах хэцүү байна.

Мах авч байгаа иргэд олон кг аар авч байна уу, эсвэл бага багаар авч байна уу?

Хоёр жилийн өмнө нэг худалдан авагч дор хаяж 10 кг мах авдаг байсан. Одоо 2кг мах авбал дээдийн заяа болсон. Тэгээд үргэлж доошоо, доошоо гээд байдаг. Гадаа байгаа мах нь маш үнэтэй. Ийм учраас хүмүүсийг хэлдэгээр махны үнээ буулгаж зарах хэцүү л байна.

Нэг хоолны махаар махаа авдаг айл хэр их байна ?

Худалдан авагч нар бүгд тийм байна. Өдөр болгон шинэ мах хэрэглэх гэж үү, эсвэл үнэхээр нэг хоолны махаар зөөхөөс өөр аргагүй байна уу мэдэхгүй. Өмнөх жилүүдэд хүмүүс чинь бүтэн гуя , хаа гээд л авдаг байсан. Харин одоо чадахгүй болчихсон байна.

Иргэдийн амьдрал ингэж хүнд болж байгааг та юутай холбож тайлбарлах бол?

Өр засагтай л холбоотой биз дээ. Ер нь тэгээд энд гэж хэлэхэд түмэн олны маань амьдрал маш хүнд хэцүү байна. Зарж байгаа нь ч, авч байгаа ч ялгаа алга. Төр засаг минь энийг анхаарч үзээч ээ. Цагаан сараас хойш хүмүүсийн амьдрал  улам хүндэрсэн. Ганцхан мах ч биш гадуур барааны лангуу бүгд хүнд байна. Яах аргагүй идэж байгаа юм болохоор хүмүүс бага зэргээр л авч байна.

 

Д.Пүрэв-Очир: Би ч хувийн бизнестэй , одоо зогсоход хүрч байна

Иргэн Д. Пүрэв – Очир.   Мах худалдан авч байгаатай нь бид таарч цөөн хором ярилцсан юм.

Махны үнэ хэр байна ?

Мах үнэтэй байна.

Махны үнэ хэт өндөр болж байгаа нь ард түмний амьдралд хэр тусч байна ?

Хүндээр тусч байна. Хүмүүсийн амьжиргаа улам дордож байна. Худалдан авагч багатай байх шиг байна. Хямрал энэ тэрээс нь болдог юм болов уу сайн мэдэхгүй байна. Би бас хувиараа наймаа хийдэг. Бас л орлого муутай байгаа, хаа сайгүй хүнд л байх шиг байна.

Та ямар бизнес хийдэг бэ? Хэдийнээс эхэлж бизнес тань хүндэрч эхэлсэн бол?

Би хувийн лангуу энэ тэр ажлуулдаг юм. Жил гарангийн өмнө орлого дажгүй байсан. Харин өнгөрсөн жилээс эхлээд орлого муудаж эхэлсэн. Одоо бол маш хүнд байна. Иргэдийн худалдан авах чадвар улам суларч байна. Иймээс бараг хаалгаа барихад хүрч байнаа.

Төр засгийн өндөрлөгүүдэд хандаж хэлэх үг байна уу?

Ард түмнээ эргэж хараач ээ. Ард түмнийхээ дунд орж сайн ажиллаач ээ. Амьдрал хэцүүдэж байна шүү гэж хэлье.

 

Отгондулам:  Иргэд 1000 төгрөг барьчихаад бантаны мах өгөөч гэж гуйж байна

Махны ченж Отгондулам мөн л амьдрал хүнд байгааг хэллээ. Иргэдийн худалдан авах чадвар өдрөөс өдөрт буурч бизнес эрхлэгчид ч дампуурахад хүрч байгаад эмзэглэж яваагаа ярьсан юм.

Энэ өндөр үнэтэй мах хэр зарагдаж байна вэ? Хүмүүс худалдан авч чадаж байна уу?

Иргэд ганц, хоёр кг-аар л махаа зөөдөг болчихжээ. Чадалтай гайгүй гэсэн нэг нь  5кг мах авдаг. 10 кг мах авъя гэхэд гуяны цул мах 11800  байхад , цээжний мах 8500 – 9500 төгрөг. Ийм байхаар 10 кг мах доод тал нь 85000 болж байгаа биз дээ. Тэгэхээр чинь иргэдийн 15 хоногийнх цалин 10 кг махандаа л явж байна. Олон хүүхэдтэй айл яаж гурил будаа, өмсөж зүүхээ авах юм бүү мэд.  Худалдан авагч алга. Үнэхээр хүнд байна.  Нодлин бол арай л дээр байсан юм байна.

Жишээ нь таниас нодлин нэг хүн хэдэн кг мах авдаг байсан бол? Одоо хэд болж байна?

Нодлин би өдөрт 2 үхэр зарчихдаг байсан. Энэ жил нэг үхэр аваад өдөртөө дуусахгүй байна. Тэгэхээр ойлгомжтой байгаа биз дээ.

Хүмүүс таниас мах авахдаа нэг хоолны махаар авч байгаа тохиолдол хэр байна ?

Байлгүй яахав дээ. 500гр, 300гр – аар өгөх үү гээд  гуйна шүү дээ. Хүүхдийн бантангийн мах хийх гэсэн юм гээд хүмүүс маш их ирдэг болсон.  Бид чинь заримдаа бүр тухайн хүний бололцоогоор нь 1000 төгрөгөнд нь тааруулж мах зардаг болж байна.

Иргэд 1000 төгрөгөнд мах өгөөч гэж гуйдаг болсон гэхээр амьдрал хүнд байгааг гэрчилж байна. Энэ бүхнийг юутай холбон тайлбарлах бол та?

Би бол дээр байгаа албан тушаалтанууд дорвитой ажил хийж чаддагүй юм болов уу гэсэн бодол төрж байна. Гудамжаар явахад ядарсан, ажилгүй хүмүүс маш их болж байна. Тэнэмэл хүүхдүүд ч дахиад гараад ирсэн байна. Архичид , гэр оронгүй хүмүүс маш их болж байна. Адгийн наад зах нь шалан дээр хаячихсан махны өөдсийг хүртэл хүмүүс түүж байна. Монгол түмэн ийм байдалтай болж байгааг харах маш хэцүү байдаг.

Тэр ядарсан , зовсон, ажил орлогогүй байгаа ардын өмнөөс шийдвэр гаргагчдад хандаж хэлэх үг байна уу ?

Байлгүй яахав. УИХ – д гарсан хүмүүс сонгуулиар маш сайхан зүйл амалдаг. Тэгсэн мөртлөө ерөөсөө биелүүлж чадахгүй. Чаддаг байсан бол өнөөдөр ингэж яахаа алдталаа ядуурахгүй байх аа гэж боддог.  Маш хэцүү байна. Тэгэхээр энэ ард түмнийхээ амьдрал руу өнгийж бодит байдлыг хараач ээ гэж гишүүдэд хэлмээр байна. Харсаныхаа дараа ядарч зовж байгаа ард түмнийхээ төлөө чин шударгаар ажиллаач гэж хэлэхийг хүсч байна.

 

Үргэлжлэлийг энд дарж уншина уу