Eureporter: "Монголчууд Лукашенкогийн мөнгөтэй холбогджээ"
2021/04/15
2021 оны 04 сарын 13-нд eureporter.com сайтад нийтлэгдсэн материалыг бүрэн эхээр нь орчуулан хүргэж байна.
2020 оны 11-р сарын 6-ны өдөр ЕХ, Швейцарь, АНУ нь Беларусийн автократ Ерөнхийлөгч Александр Лукашенко, түүний хүү болон хамтрагчид зэрэг 59 хүний хөрөнгө, дансыг дэлхий даяар битүүмжилжээ.Улмаар Лукашенкогийн мөнгө угаах сүлжээ нь Монголоор дамжуулан Эстони, Бүгд Найрамдах Доминикан дахь оффшор компаниудад их хэмжээний мөнгө илгээж байсныг тогтоосон аж.
Лукашенко бэлэн мөнгөний хэд хэдэн үнээтэй байв. Нэг нь уул уурхайд ашигладаг хүнд даацын ачааны машин, тоног төхөөрөмж үйлдвэрлэгч "Белаз" юм. Беларусийн төрийн өмчит "Белаз" компани нь Монгол дахь албан ёсны диллер болох United Belaz Machinery компаниар дамжуулан ачааны машин болон бусад бүтээгдэхүүнийг борлуулдаг.
United Belaz Machinery компанийн хувьцаа эзэмшигчид өмнө нь Монгол Улсын иргэн Отгонжаргал Мойл, Беларусийн Владимир Геннадьевич Япринцев нар байжээ. Япринцев нь самбогийн дэлхийн гурван удаагийн аварга.
Тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгатай нөхөрлөж байгаагаа олон нийтэд зарлаж байсан юм. Самбо бөхийн сонирхол нь тэднийг 1980-аад онд танилцуулж, улмаар Монголд хамтарсан үйлдвэр байгуулахад хүргэжээ.
Отгонжаргал Мойл бол Баттулгын хувийн туслахаар ажиллаж байсан хүн. Тодруулбал тэрээр "Түмэн Хишигтэн", "Баялгын Хувь" гэх хоёр компанийн хувьцаа эзэмшигч байжээ. Отгонжаргал одоо Монгол Улсын Ерөнхий прокурорын газарт хариуцлагатай албан тушаал хашиж буй.
United Belaz Machinery нь United Belaz Machinery Investment Company хэмээх Монгол дахь охин компанитай. УГ компани нь уул уурхайн тоног төхөөрөмжийг Монголд борлуулах нэрийн дор Лукашенкогийн мөнгийг угаасан гэж сэжиглэгдэж байгаа юм.
United Belaz Machinery-ийн хөрөнгийг эзэд нь Бүгд Найрамдах Доминикан улсын Эстони, Блустайтэд бүртгэлтэй Meress компанид шилжүүлсэн бөгөөд эдгээр оффшор компаниудын ашиг хүртдэг өмчлөгчдийг Лукашенкотой холбоотой гэж үзэж буй ажээ.
United Belaz-ийн бизнес харилцааг хатуу хянаж байдаг бөгөөд түүний дилерийн газруудыг зөвхөн Лукашенкогийн дэглэмийн хамгийн өндөр түвшний хүмүүс болон тоног төхөөрөмжөө зарж борлуулдаг улс, энэ тохиолдолд Монгол Улстай холбоотой хүмүүст л олгодог гэж үздэг байна.
Эстони, Доминиканы Бүгд Найрамдах Улс дахь компаниудын үүрэг, тэдгээрт ямар хөрөнгө төвлөрч байгаа нь зөвхөн Монгол төдийгүй олон улсын хууль сахиулах байгууллагуудын зүгээс нэмэлт шалгалт хийх шаардлага тулгарч байна.
Авилгаар Монгол Улсын төмөр зам барих схем, хуурамч ТЭЗҮ-ийг хийсэн гэж сэжиглэн, ProPublica нь "МакКинсейг хөөсөн улс" гэсэн дэлгэрэнгүй тайланг нийтэлсэн байдаг. Тухайн үед Зам, тээвэр, хот байгуулалтын сайдаар ажиллаж байсан Баттулга, түүний зөвлөх Чулуунхүүгийн Ганбат нар энэ хэрэгт ихээхэн холбогдсон гэгддэг. Мөн Белаз дилерийн компанийн анхны хувьцаа эзэмшигч Отгонжаргал Мойл яах аргагүй Баттулгын хамтрагч хэмээн тайланд дурьджээ.
Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдмогцоо уг хэргийг шалгаж байсан Ерөнхий прокурор, Авлигатай Тэмцэх Газрын даргыг огцруулсан бөгөөд мөн түүнийг яллагдагчаар татах, шалгах ажиллагаа зогссон.
Төмөр замын шалгалтын үеэр Отгонжаргал Мойл Баттулгатай холбоотой компани, сангуудын дансанд олон сая доллар бэлнээр байршуулж байсан гэж буруутгагдаж байв. Олон нийтэд мэдэгдсэн орлого багатай хүн яаж их хэмжээний бэлэн мөнгөтэй болсон нь тодорхойгүй юм. Энэ нь Белазтай холбоотой байсан уу?
Дахин хэлэхэд уг хэргийг Монголын болон олон улсын хуулийн байгууллагууд зохих ёсоор шалгахаас нааш үүнийг мэдэх боломжгүй юм.
Отгонжаргал Мойл бол Баттулгын хяналтанд байдаг C1 телевизийг үүсгэн байгуулагч, захирал асан, Их Британийн иргэн Бен Мойлийн эхнэр.
Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу давхар иргэншилтэй байхыг хориглодог тул Отгонжаргал Их Британийн иргэншил аваагүй болов уу?
Монгол Улсад төрийн албан хаагч, ялангуяа хууль сахиулах байгууллагад ажиллах нь “төрийн албаны тусгай үйлчилгээний салбар” гэж тооцогддог бөгөөд гадаадын иргэн ажиллуулах нь хууль зөрчсөн үйлдэл болно.
United Belaz Machinery нь Монгол Улсын төрийн өмчит Багануурын уурхайд нүүрсний дөрвөн ачааны машин, дөрвөн өөрөө буулгагч болон нэг бульдозер нийлүүлж байсан баримт бий. Ингэхдээ нүүрс бутлах, ачих байгууламжийг өргөтгөх төслийг хэрэгжүүлэхийн тулд Монгол Улсын Хөгжлийн Банкнаас 18.6 тэрбум төгрөг авсан бөгөөд түүнийгээ буцааж төлөөгүй.
Мөн 27 тэрбум төгрөгийн өртөгтэй нийт 35 ширхэг Белазын тоног төхөөрөмжийг бас нэгэн төрийн өмчит зэсийн уурхай болох "Эрдэнэт"-эд нийлүүлжээ. Ингэхдээ бичиг баримтыг нь хуурамчаар үйлдсэн гэж үзсэн бөгөөд "Белаз"-ыг "Эрдэнэт" үйлдвэрийн удирдлагатай тохиролцсон байж болзошгүй хэмээн сэжиглэж байгаа юм.
Зах зээлийн ханшаас өндөр үнэтэй эдгээр наймааны ард Х.Баттулгын шахалт, нөлөө байсан уу? Хэрэв тийм бол тэрээр тун хэцүүхэн асуултад хариулах хэрэгтэй болох нь.
Эрх мэдлээ урвуулан ашиглаж, тодорхой ханган нийлүүлэгчид давуу эрх олгох нь Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу эрүүгийн ялтай гэмт хэрэг.
Эцэст нь өгүүлэхэд юутай ч Монголоор дамжуулж Лукашенкод зориулж мөнгө угаадаг, бизнесийн олон улсын сүлжээ байгааг харуулсан баримтууд байна.
Мөн FATF-ын ажлын хэсэг өмнө нь Монгол Улсыг мөнгө угаах гэмт хэрэгт сэжиглэж "Саарал жагсаалт" -д оруулж ч байсан. Одоо харин Монгол Улсын Ерөнхийлөгч, хууль сахиулах байгууллагын өндөр түвшний албан тушаалтнууд Европын нэгэн муу нэрт удирдагчийн өмнөөс мөнгө угаасан хэрэг үйлдсэн эсэхийг нарийвчлан шалгах шаардлага үүсээд байна.
Эх сурвалж:
Зочин · 2021/04/15
Арай ч дээ, хэлэх муу үг ч олдохгүй нь...
Зочин · 2021/04/15
Манай Ерөнхийлөгч холбогдоогүй муу зүйл бараг үлдээгүй юм биш үү. Одоо энэ хүн дахин Ерөнхийлөгч болно гээд үзээд байдаг яаж ч бодсон Ерөхийлөгчөөр дахин сонгож болохгүй хүн бололтой.