bulten emch

Сүүлийн жилүүдэд эрүүл мэндийн салбарт хувийн, улсын гэлтгүй хариуцлаггүй, хэнэггүй эмч сувилагчдаас болж олон хүүхэд эмэгтэйчүүд хохирсоор байгаа. Охид бүсгүйчүүд маань хөл хүнд болмогцоо л “яаж төрнөө, хэнд найдах вээ” гэсэн айдас нууцхан төрөх болсон нь худлаа биш.

Тэгвэл саяхан нэгэн эмэгтэйн сэрэмжүүлэг гэсэн мэдээлэл цахим ертөнцөд олны анхааралд өртөөд байгаа. Монгол улсын хүний гавьяат эмч Б.Бүлтэн эмчийн “Таны төлөө бид” төлбөртэй эмнэлэгийн хяналтанд байсан эмэгтэйн өчил юм. Манайдаа л нэр хүндтэй гэх тус эмнэлэгт үйлчлүүсэн эмэгтэйн сэрэмжүүлгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

“Сүүлийн сар гаруй хугацаанд амьдралд минь маш олон зүйл давхцан өнгөрлөө. Аз жаргал, баяр баясгалангаа угтаж авахаар хүлээж байсан миний амьдралд хамгийн том гарз тохиосон юм. Өнгөрсөн гурван сард хайрт аавыгаа алдаж энэ үед би долоон сартай жирэмсэн байсан. Амьдрал орвонгоороо эргэх болсон аймшигт, гунигт өдрүүд үргэлжилж байна. Яагаад ийм зүйл миний амьдралд тохиох болсныг асууж барахгүй юм. Би дээрээ эгчтэй. Эгч маань мөн адил аавыг өнгөрөхөд таван сартай, гурав дахь хүүхдээ тээж байлаа. Хөөрхий муу ээжийгээ хараад элэг минь урагдах шиг, хаашаа ч хашгираад давж барахгүй мэт гүнзгий хар нүхэнд унасан юм шиг санагдаж байсан. Аавыгаа алдаад яг нэг сар, нэг хоногийн дараа миний бие муудаад хугацаанаасаа 20 хоногийн өмнө хүүхдээ гаргахаар болсон. Шалтгаан нь миний бие битүү усан хавантай болоод хүүхэд маань бүтэлттэй, мөн хавантай болсон байсан. Өөрийн биеийн жин дээр огцом 30 кг хаван нэмсэн гэсэн үг. Та бүхэн гайхаж байгаа байх. Намайг ийм болтлоо юу хийж байсан юм бол гээд. Би хувийн эмнэлэгт нэг сартайгаасаа эхлээд хяналтад орж энэ хугацаанд гурван удаа хаван буулгах эмчилгээ, тонусны эмчилгээг хэвтэж байх хугацаандаа хийлгэсэн. Үр дүн бага, хаван буухгүй, нүүр гар хөл хүн танихын аргагүй болтлоо өөрчлөгдсөн. Та бүхэн итгэхэд бэрх ч би өмнө 63 кг жинтэй байсан ч төрөхдөө 113 кг болж нэмсэн. Бүхэл бүтэн 50 кг нэмэгдсэн байхад Монголын урдаа барьдаг, гайхалтай нэр хүндтэй эмч миний хаваг наадах чинь чиний идэж идэж ууж байгаагаас болсон. Энэ бол хаван биш, чи дэндүү тарган болсон байна гэж хэлээд онцын эмчилгээ хийдэггүй байсан. Ийм хүнд байхад нэр хүндтэй хэдэн сар хяналтад нь байгаа эмчдээ би итгээд л таргалчихаж хэмээн өөрийгөө бодож байлаа. Гэтэл хүүхдийн маань зүрх гурван удаа зогсоход тэр өндөр төлбөртэй эмнэлгийн эмчилэгч эмч нар “Одоо өөрөө л мэд. Бид хийх зүйлээ хийсэн, чи Эх нялхас явсан дээр байх аа. Бид нар хүүхдийг чинь болно бүтнэ гэж хэлэхгүй, манайд хүүхдийн аппарат хэрэгсэл байхгүй. Түүнээс бол хагалаад авах амархан гэж байсан. Бүхэл бүтэн найман сар сэтгэл санаа, эдийн засгаараа хохироод дээр нь хүүхдээ алд гэж хэлсэн. Ингээд би маш яаралтай Эх нялхаст ирж шинжилгээ өгөөд яаралтай хагалгаанд ороход эмчлэгч эмч нар маань мэл гайхаад “Арай ч дээ ийм болтлоо эмнэлэг бараадахгүй хаагуур явж байсан юм бэ” гэж асуугаад Бүлтэн эмчийг гэж хэлэхэд тэр хүн чинь гавьяат эмч шүү дээ гэж толгой сэгсэрч байсан. Сэхээний тасаг руу намайг шилжүүлж яаралтай хагалгаанд ороход нуруу маань тэр чигтээ хавантай, мэдээ алдуулалт хийхэд нугас олдохгүй маш хүндрэлтэй байсан. Ямартай ч миний охин аврагдаад архаг бүтэлттэйгээр нярайн тасагт тусдаа эмчилгээ хийлгэж байж тэнхээ орсон. Хэт их хаван хүүхдийн амьсгалах орчинг багасгадаг бөгөөд бүтэлт удаан үргэлжилвал маш муу үр дагавартай байдаг юм билээ. Охин маань бас хавантай төрсөн. Хөөрхий үр минь битүү хавантай маш хүнд байсан. Намайг болон охиныг минь ийм болтол нь найман сар юу ч хийж чадаагүй Бүлтэн болон Байгальмаа эмчид би үнэхээр гомдолтой байна. Би итгэж байсан шүү дээ тэгээд охин бид хоёрён амь нас юу биш юм шигээр хандаж болно гэж үү? Одоо би төрөөд найм хонож байна. Энэ хугацаанд миний биеийн жин 15 кг хассан маш их хавантай учир эмчилгээний үрд дүнд 1-3 кг хасаж байна. Энэ их усан хавантай, даралт 150-аас буухгүй хэвтэж байхад Бүлтэнгийн эмнэлэг ямар ч арга хэмжээ аваагүй. Та бүхнийг “Таны төлөө бид эмнэлэг″-ийг зорихгүй байгаасай гэж хүсэж байна. Удахгүй биед гарч буй өөрчлөлтийг та бүхэнд хуваалцах болно. Хавантай зургаа орууллаа, та хөл хүнд таны биеийн жин огцом нэмэгдэж байгаа бол эмчид яаралтай хандаарай.

Харин энэ талаар Монгол улсын хүний гавьяат эмч Б.Бүлтэн эмч тайлбарлахдаа “тухайн эмэгтэйг өөрийнх хувийн эмнэлэгт найман сар хяналтанд байсан гэдгийг хэлээд сүүлд дөрөв хоног хэвтэн эмчлүүлж байгаад биеийн байдлаас нь болж хуулийн дагуу дараагийн шатны эмнэлэг рүү явуулсан, бүсгүйг бөөрний хууч өвчтэй байсан мөн сэтгэл санаанаас болоод хаван нь нэмэгдсэн. Харин ч ийм өвчтэй хүнийг хүүхдээ тээхэд нь тусалж эмчилж байсан” хэмээжээ.