Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийг хойшлуулах сонирхол байгаа тухай улс төрийн хүрээнд яригдаад удаж буй билээ.

Тэр бүү хэл Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр хороон дахь Ерөнхий боловсролын V дугаар сургууль дээр байрлаж буй дархлаажуулалтын цэгт ажиллах үеэрээ : "ҮАБЗ хуралдсан. Бас л Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой асуудлаар л хуралдсанд би их харамсаж байгаа. Өмнө нь олон асуудлаар хуралдах бичгүүдийг өгч байсан. Тэр бичгүүд эх хувиараа байж байгаа. Иргэн Т.Чимгээгийн эрх зөрчигдсөн асуудлаар ч ярьсан. Тэр хүний эрх гэхээр ҮАБЗ хуралддаггүй, хэн нэгний нэр дэвших эрх гэхээр хуралддаг ийм ялгаатай байж болохгүй шүү дээ. Адилхан л хүний эрх. Тийм учраас бүх зүйл дээр тэнцвэртэй, би дахин дахин уриалаад байгаа нь халдвар хамгааллийн дэглэм хэрэгтэй, цар тахалтай байгаа амаргүй үед Ерөнхийлөгчийн сонгуулийн уур амьсгалд нийгмийн сэтгэл зүй хэт автаж, иргэдийн маань уур амьсгал халалт болж, нийгмийн эмх замбараагүй байдал руу орох ийм улстөрийн зорилгод битгий автаасай гэж бодож байна.

 Энэ олон зүйлийн цаана Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг хойшлуулах улстөрийн агуулга байх шиг байгаа юм. ҮАБЗ-ийн хурал болон бусад улстөрчидтэй уулзаж байх үед надад энэ бол  мэдэгдсэн л дээ. 

 

 Ийм үед сонгууль хойшилно гэдэг бол бүр л адармаатай нөхцөл байдал руу орно." хэмээсэн юм.

Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Ерөнхийлөгчийн сонгуулийг хойшлуулах хуулийн гаргалгаа, боломж ч байгаа юм байна.

Тодруулбал Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 8.5-д Үндсэн хуулийн 25.2, 25.3 дахь хэсэгт заасан, дараах онцгой нөхцөл байдал үүссэний улмаас сонгууль явуулах боломжгүй болсон бол УИХ-аас Ерөнхийлөгчийн сонгуулийг хойшлуулж болно гэжээ. Эдгээр нөхцөл нь Нэгдүгээрт, улсын нийт нутаг дэвсгэрт, буюу зарим хэсэгт нь оршин суугаа хүн амын амь нас, эрүүл мэнд, аж амьдрал, нийтийн аюулгүй байдалд шууд аюул учруулсан буюу учруулахуйц байгалийн гамшиг, гэнэтийн бусад аюул тохиолдсон; Хоёрдугаарт, Үндсэн хуулийн дэг журам, нийгмийн хууль ёсны тогтолцоо оршин тогтноход заналхийлсэн аливаа байгууллага, бүлэг хүний зохион байгуулалт бүхий хүч хэрэглэсэн хууль бус үйл ажиллагааны улмаас үүссэн нийтийн эмх замбараагүй байдлыг төрийн байгууллага эрх хэмжээнийхээ дотор ердийн арга хэрэгслээр тохинуулах боломжгүй болсон; Гуравдугаарт, улсын нийт нутаг дэвсгэрт буюу зарим хэсэгт нь нийтийн эмх замбараагүй байдал үүсч, зэвсэгт мөргөлдөөнд хүрсэн, тийм мөргөлдөөн гарах бодит аюул бий болсон, бусад улсаас цэргийн хүчээр түрэмгийлэн халдсан, эсхүл тийнхүү халдах нь бодитой болсон үед дайны байдал зарласан бол.” гэжээ.

Онц болон дайны байдлыг УИХ зарлах бүрэн эрхтэй бөгөөд УИХ-ын чуулганы чөлөө цагт, хойшлуулшгүй тохиолдолд Ерөнхийлөгч зарлаж болох Үндсэн хуулийн зохицуулалттай.УИХ онц болон дайны байдал зарласан нөхцөл байдал арилсны дараа ажлын долоон өдөрт багтаан санал авах өдрөөс 70-аас доошгүй хоногийн өмнө ээлжит сонгуулийг товлон зарлахаар хуульчлагджээ.

Өөрөөр хэлбэл Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга онц байдал зарлахад Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгууль хойшлох нөхцөл шууд үүсэх юм байна.

 

Э.Мягмар

sonin.mn