Энэ сарын 7-ны өдрийн 15:00 цагийн үед "Их Засаг" их сургуулийн урд талын замын явган хүний гарцаар зам хөндлөн гарч байсан дунд сургуулийн сурагчийг  машин ачилтын “UMT” компанийн жолооч дайрч, хүнд гэмтээсэн хэрэг гарсан.

 

 

Тухайн үед автомашинд мөргүүлсэн хүү 3 метр орчим хол шидэгдэн улмаар тархи, нуруу, нугасандаа хүнд гэмтэл авсан байна.  Хохирогч хүү одоогоор ГССҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд өнөөдрийг хүртэл ухаан ороогүй, биеийн байдал нь маш хүнд байгаа ажээ.

 

 

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар “UMT” компанийн жолооч замын зорчих хэсэг дээр байрлуулсан автомашиныг ачих дуудлагын дагуу явж байж. Ингээд осол гарах цэг дээр урсгал сөрөн орж ирснээс явган хүний гарцаар зам хөндлөн гарч байсан хүүг мөргөж, хүнд гэмтээжээ. Хохирогч хүү “Их засаг” лицей сургуулийн наймдугаар ангийн сурагч аж. 

Уг хэргийг үйлдсэн “UMT” компанийн ажилтан жолооч Г-д  Баянзүрх дүүргийн Замын цагдаагийн тасаг Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхлээд байна.