"Буянт-Ухаа-1" хороололд орон сууц авах өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, залуу гэр бүлийн сугалааг энэ сарын 10-ны өдөр МҮОНТ-ийн хоёрдугаар сувгаар шууд дамжуулан тодруулсан юм. Тэдгээрээс 594 хүн байр авах эрхээ баталгаажууллаа. Харин өчигдөр төрийн албан хаагчдын сугалааг мөн л  шууд дамжуулан хүргэсэн.

"Буянт-Ухаа-1" хорооллын эхний ээлжинд 1764 орон сууц ашиглалтад орж байгаа бөгөөд энэ орон сууцанд 9094 хүн захиалга өгчээ. Үүнээс 3159 хүн хямд үнэтэй орон сууц захиалах журмын шаардлага хангаагүй тул бүртгэлээс хасагдсан юм. Ингээд үлдсэн 5935 хүний дунд зорилтот бүлэг тус бүрээр нь захиалсан орон сууц тус бүрт сугалаа явуулсан. Энэхүү сугалаанд хамрагдах хүмүүсийн 3159 нь өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, залуу гэр бүл байгаа бол үлдсэн 2740 нь төрийн албан хаагч буюу эмч, багш, цагдаа нар байна.

Сугалаа хожсон иргэдийн бүртгэлийн кодыг өдөр тутмын сонинуудын даваа гаригийн дугаарт болон МҮОНТ-ийн www.mnb.mn, Төрийн орон сууцны корпорацийн tosk.gov.mn вэб сайтад нийтлэнэ. 1764 айлын орон сууц бүхий есөн давхар 28 барилга, 120 хүүхдийн цэцэрлэг, хоёр үйлчилгээний төвөөс бүрдсэн цогцолбортой  тус хорооллыг энэ сарын 23-нд хүлээлгэн өгснөөр оршин суугчид байрандаа орж эхлэх юм.

Х.Даваа