Нүүдэлчдийн багаар ажиллах чадваргүйг дэлхий нийт болон монголчууд өөрсдөө тогтоочихсон. Тиймдээ ч бокс, бөхийн төрлүүд гэх мэт спортын ганцаарчилсан бүхий л төрөлд ази бүү хэл тив дэлхий, олимпийн дэвжээнд ч бид ялалтын туг мандуулсаар ирсэн түүхтэй.

Харин сагс, гар бөмбөг гээд спортын багаар ажиллах төрөлд дэлхийд байтугай азид ч сураггүй байгаа нь үүнийг гэрчлэх болов уу. Ерөөсөө бид багаар ажиллах чадваргүй гэдгээ олон зүйл дээр харуулсаар байна. Хэдэн найзууд компани байгуулаад гайгүй ашигтай ажиллахаар төсвөө барьдаг нэгнээ хардана, олонхиороо захирлаар томилсон нэгнээ сэжиглэнэ. Сүүлдээ муудаж сайдаад амжилт нь доош явсаар дампуурсан жишээ ч байна. Улстөрд ч ялгаагүй. Нам хэмээх бүлэглэл байх ч байнга дотооддоо дажинтай. Салж сарниж, нэгнээ хардаж мөшигсөөр байгаад сонгуульд ялагдана, өрсөлдөгчдөө өгөөш бэлдэж өгнө гээд олон зүйл ярьж болох. Бидний энэ нүүдэлчин цус уу. Нэг л өдөр сүйд хийнэ шүү. 

Энэ л нүүдэлчин цус урлагт ч бий. Тухайлбал, гайгүй мөнгө олдог хошин шогчдыг хар. Ерээд оноос хошин шогийн хамтлаг продакшнууд олноор бий болж, тэр хэрээр залуу жүжигчид ч энэ зүгт хошуурах болсон. Ёстой л багаар ажиллах чадварыг харуулж, хошин шогчдын амьдрал ахуй ч урлагийн бусад салбараасаа тасарч эхэлсэн. Энэ орон зайг “Шинэ-Үе”, “Маск”, Х-ТҮЦ” гээд продакшнууд тэргүүлж байна, өнөөдөртөө. Ингээд гайгүй багаар ажиллаж, ашиг орлогын хувьд ч сайн байсан продакшнуудаас залуус нь өрх тусгаарлаад эхэллээ. Бүр анх бол “Өнгөт-Инээд”-ээс “Маск”-ийн залуус өрх тусгаарлаж одсон бол “Шинэ-Үе”-ээс Д.Хүрэлхүү, Амбий буюу Д.Батхуяг нар өрх тусгаарласан. Гэсэн хэдий ч энэ хэд бол гайгүй чадварлаг багаараа салж байсан учраас өөрсдөө бие даан өрсөлдөх чадвартайгаар цааш үйл ажиллагаа үргэлжлүүлж байв. Харин сүүлийн үед “Х-ТҮЦ”-ээс “Эмоци” хэмээх айл гэр гал голомтоо таслалаа. Мөн “Х-ТҮЦ”-ийн гайгүй дүр болох Батаа “Мөрөөдлийн театр”-руу урваж, Г.Ундармаа продакшнаасаа гарч одсон. Ингээд ерөнхийдөө “Х-ТҮЦ”-ийн хүч саарч, үзэгчдийг байлдан дагуулж байсан үе нь ард хоцорч байгааг сүүлийн үеийн тоглолтууд, үзэгчдийн хүрээллээс харж болно. 

Г.Нарансолонго, Батаагүйгээр “Х-ТҮЦ”-ийг төсөөлөхөд бэрх. Хэдийгээр Аглуу буюу Л.Баттулгаас эхлээд авьяаслаг жүжигчид “Х-ТҮЦ”-ийн буурийг сахиж үлдсэн ч эдгээр залуусын орон зай илт үгүйлэгдэж байна. Тоглолтууд суларч, үзэгчдийн хүрээ ч хумигдсан харагдана. Нөгөө талаар Г.Нарансолонго, Батаа нарыг “Х-ТҮЦ”-гүйгээр төсөөлөхөд бас л бэрх. Эд нар өнөөх л Аглуутайгаа, Н.Ононтойгоо, И.Одончимэгтэйгээ хамт байж л лаг харагдана. Түүнээс биш тэр “Эмоци”-тойгоо, “Мөрөөдлийн театр”-тайгаа хэзээ ч мундаг харагдахгүй, тийм орон зайг бүрдүүлтэл нэлээд гутлын ул элээж таарна. Ерөөсөө жам нь тэр юм. Хамтдаа байж үзэгчдийг байлдан дагуулах тийм орон зайгаа эд нар өөрсдөө л нурааж байна. 

Нөгөө талаар хошин шогчдыг дагаж хошуурдаг нийгмийн хандлага ч өөрчлөгдөж байгааг үгүйсгэх аргагүй. Судлаачдын үзэж байгаагаар манай нийгмийн сэтгэхүй, амьдрал туйлын дорой байгаагаас хошин шогийн тоглолт руу хошуурч байна гэх. Өнөөдрийн нийгмийн амьдрал тэгтлээ сайжирсан ч юм алга, бараг л өмнөхөөсөө уруудаж байна гэхэд болно. Гагцхүү үзэгчдийн сэтгэхүй илүү драмлаг, илүү гүн ухааны болж хөгжиж байгааг бол үгүйсгэх аргагүй. Хүн төрөлхтөний хөгжил ч асар хурдацтай урагшилж байна. Юутай ч хамтдаа байж нийгмийг байлдан дагуулж байсан авьяаслаг хамт олон тарж байгаа нь туйлын буруу. Үнэн хэрэгтээ та хэдийг хамтад нь үзэх гэж үзэгчид ирдэг юм. Түүнээс биш Аглууг ганцааранг нь үзэх гэж, Батааг Г.Эрхэмбаяртай харах гэж ирэхгүй л дээ. 

Тэгэхээр иргэдийн хошин шог үзэх хандлага тал талаасаа буурч, хошин шогчид тарж бутарч байгаа энэ үед арай өөр менежментээр хандахгүй бол болохгүй нь гэдгийг харуулсан хэрэг. Өнөөх л биеийн галбир, завхай зайдан ярианд инээдээ барж, алгаа таших үзэгчид ховордож байгааг эрх биш гадарлаж байгаа байлгүй. Цагийн юм цагтаа л үлддэг жамыг дагахаас өөр арга алга. Түүнээс биш дээр дурдсан залуучуудын хувьд бүгд авьяастай сайхан залуучууд. Юу ч бүтээж чадах тийм уран бүтээлчид гэдэгтэй хэн ч маргахгүй байх. Гагцхүү багаар ажиллаж, шинийг эрэлхийлэх цаг нь нэгэнт болжээ гэдгийг л хэлэх гэсэн хэрэг. Ямар ч зохиолгүй, сцениаргүй тоглолт, жүжиг энэ тэр бол цаашид хол явахгүй нь харагдаж л байна. 

Үнэндээ бол хошин шогчдын тайзан дээр тоглож байгаа завхуул зайдан үг, үйл хөдөлгөөн бол гайгүй найрсаг хамт олны дунд өдөртөө хэд болдог л зүйл. Тэгэхээр ажил дээрээ өдөржин сонсдог тэр л завхуул, зайдан үгс, алиа нэгний марзан хөдөлгөөнийг мөнгө төлж үзэх гэж театр зорьдог тэнэг толгой гэж үгүй л дээ. Шинэчлэгдэхээс өөр арга алга. 
 

С.Баяр