“Улаанбаатар марафон” олон улсын бүх нийтийн гүйлт зохион байгуулагдана
2014/05/12
Бүх нийтийг биеийн тамираар хичээллэх өдрийг бий болгох, нийслэл хотоо дэлхий нийтэд сурталчлах зорилгоор “Улаанбаатар марафон” гүйлтийг ирэх зургадугаар сарын 7-ны өдөр автомашингүй өдрөөр өглөөний 9.00 цагт Чингисийн талбайд зохион байгуулахаар болжээ.
Энэхүү бүх нийтийн гүйлтэнд 25-30 мянган иргэдийг хамруулах бөгөөд нийслэлд үйл ажиллагаа явуулдаг төрийн болоод төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, МУ-д суугаа элчин сайдын яам, олон улсын марафон гүйлтийн нэртэй тамирчид, нийслэлийн иргэд хамрагдах аж.
Марафоныг НЗДТГ, ССАЖЯ, Нийслэлийн биеийн тамир спортын газар, Нийслэлийн аялал жуулчлалын газар, Монголын Залуучуудын Холбоо болон бусад байгууллагууд хамтран зохион байгуулж байгаа бөгөөд оролцогчдын бүртгэлийг дөрөвдүгээр сарын 20-оос ирэх зургадугаар сарын 5-ны өдрийн 16.00 цаг хүртэл хийнэ.
Мөн “Улаанбаатар марафон” гүйлтэд бүртгэл болон бусад зохион байгуулалтад оролцох оюутан, сурагч, залуучууд, сайн дурын ажилчдыг МЗХ-ны 204 тоотод бүртгэх юм. Марафон гүйлтэд нэгдсэнээр өөрийн биеэр эрүүл мэнддээ хөрөнгө оруулалт хийж, сонирхсон зайндаа гүйж, өөрийгөө сорихын зэрэгцээ нийгэмд тустай хүмүүнлэгийн ажлыг санаачлан, зохион байгуулах боломжийг олж авах давуу талтай гэдгийг зохион байгуулагчдын зүгээс онцолж байна.
Х.Даваа
Зочин · 2014/05/13
ямар утсаар холбогдож бүртгүүлэх вээ