Цалин, тэтгэврийг нэмээгүй, иргэдийг хуурсан гэх шалтгаанаар Засгийн газарт шаардлага хүргүүлж, бүх нийтийг хамарсан жагсаал цуглаан зохион байгуулна хэмээж байсан.

МҮЭХ / Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо/, АОЭНХ / Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо/-ныхон таг чиг болжээ. Учир нь тэдний амыг Сангийн яамныхан таглачихаж.    

Ингэхдээ эдийн засаг хүндрэлтэй, илүү дутуу зардлаа танах хэрэгтэй байгаа энэ үед мөнгөний бодлого барьдаг яам "Ам таглах" ажилд мөнгө зарсан нь Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу ийнхүү их хэмжээний мөнгииг гадагш гаргасан бололтой.  

 Тодруулбал, МҮЭХ, АОЭНХ-ныхонд Сангийн яамнаас нэг тэрбум 380 сая төгрөг шилжүүлжээ. Ингэхдээ МҮЭХ-нд 700 саяыг шилжүүлсэн бол АОЭНХ-нд 680 сая төгрөг өгчээ. Товчхондоо, энэ нь хэвлэлийнхний хэлээр бол "Хаалтын гэрээ"-ний төлбөр.

Ийнхүү хэн хэндээ сэтгэл ханамжийн баталгаа өгсөн учраас Засгийн газар нь "Иргэдийн цалин, тэтгэврийг нэмээгүй хуурсан" гэх шүүмжлэлээс цэвэрхэн мултарч, АОЭНХ, МҮЭХ хоёр хэл ам хийснийхээ эцэст хөөрхөн хөрөнгөжөөд авч байгаа юм байна.

Илүү дутуу зардлаа танаж, тансаг хэрэглээгээ багасгах даалгаврыг ард түмэндээ өгсөн Засгийн газар энэ үрэлгэн зардлаа харин юу гэж тайлбарлах бол. Угтаа эдийн засаг хүндэрсэн, нэн яаралтай идэвхжүүлэх тогтоолын төсөл батлан гаргаад байгаа Засгийн газарт иргэд овоо нааштай дүн тавьж эхлээд байлаа.

Гэвч олон нийтийн тэр их итгэлийг ийнхүү гишгэчив. Цаашлаад Засгийн газрын алдаатай бодлого, хоосон амлалтыг сануулсан хэн боловч хэдэн цаас халаасалсныхаа дараа таг чиг болдог жишгийг Засгийн газар ийнхүү үлгэрлэлээ.

Угтаа тэд "Бид ингэж хасаж танаж байна. Гадаад томилолт, олон хүнийг хамарсан хурал цуглаан зэргээс татгалзлаа" гэж харуулсныхаа дараа үрэлгэн зардалтай байгууллагуудаас хариуцлага нэхэж, тэдэнд ташуур өгөх учиртай байлаа.

Гэвч ийнхүү өөрсдийнх нь муу муухайг гаргаж тавьсан, ярьсан, олон нийтэд дэлгэсэн хэнбугайн ч халаасанд хүссэн мөнгийг мь шилжүүлж байгаагаас харахад төр үрэлгэн зардлаа багасгасан, төсөвтөө таналт хийж, өргөн олныхоо амьжиргааг дээшлүүлэхээр ажиллаж байна гэж итгэхэд бэрх боллоо.

Нөгөө талаас үнэндээ энэ Засгийн газарт, цаашлаад эрх баригч АН-ынханд сэв суугаагүй нэр хүнд хэрэгтэй болохоос ард иргэдийнхээ амьдралыг сайжруулах бодол бага ч болов бий гэж итгэхэд бэрх ийм нэгэн хэлэлцээр хөшигний цаана болжээ.

Цаашлаад саяхан л "Нийгэм эдийн засгийн хүндрэлээс гарах шийдлүүдийг гаргаж, Засгийн газарт тодорхой чиглэл өгнө. Цалин, тэтгэвэр тэтгэмжийг үнийн өсөлттэй уялдуулах чиглэлээр шийдэл гаргах цаг нь болсон. Үүн дээр УИХ төсвийн тодотгол болон ирэх оны төсвөөр дамжуулж цалин, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээ авах байх. Манай холбоо ард иргэдийн өмнө тулгамдсан гол гол асуудлуудаар УИХ, Засгийн газраас тодорхой хүлээлттэй байгаа" хэмээж иргэдийн итгэлийн галыг бадрааж байсан МҮЭХ, АОЭНХ-ныхноос дорвнтой алхам гарахааргүй боллоо.

Угтаа энэ хоёр байгууллага л иргэдийн дуу хоолой болж, Засгийн газрын, эрх баригчдын хэлсэн үг, хийсэн үйлдлийг сануулж, тэднийг ард түмний төлөө ажиллах учиртайг сануулдаг байв. Гэтэл итгэл алдарсан энэ "Хаалтын гэрээ"-ний үр дүнд тэдний ам хэдий болтол хаалттай байхыг таахад бэрх боллоо.

 

М.Өнөржаргал