Аймгуудад “Спирт үү, спорт уу” аяны нээлт эхэллээ
2014/05/13
Монголын Залуучуудын Холбоо 2012 оноос эхлэн “Спирт үү, спорт уу” аяныг эхлүүлж залуучуудын дунд “Баарлуу биш заалруу”, “И юу О юу” гэх мэт уриалгыг гаргаж спортын давалгааг улс орон даяар өрнүүлсэн. Энэхүү аян тасралтгүй үргэлжилсээр энэ онтой золгож байгаа бөгөөд хамрах хүрээгээ тэлж, МЗХ-ны 2014 оны “Нэгдье” уриан дор үйл ажиллагаагаа өргөжүүлэн орон нутагт хүчээ авч залуусын давалгааг нэмэгдүүлж байна.
Спирт үү, спорт уу аян дараа сард нийслэлд нээлтээ хийх бол орон нутагт аяны нээлтийг хийж эхэлсэн байна. Дорнод аймгийн Залуучуудын холбоо 5-р сарын 3-нд "Баар луу биш заал руу явцгаая, залуусаа" уриан дор хийсэн бөгөөд аймгийн ССАЖГ, ЗДТГ болон бусад байгууллагууд оролцжээ.
Нээлтийн арга хэмжээнд хөлбөмбөг сонирхогч залуусын нөхөрсөг тоглолт болон спортын бусад арга хэмжээнүүд зохион байгуулагдсан байна. Мөн Баян-Өлгий аймгийн Залуучуудын холбоо 5-р сарын 5-нд “Спирт үү, спорт уу” аяны нээлтээ хийж аяны хүрээнд 25 хоног өглөө бүр идэвхтэй нийтийн гүйлтэд оролцох уриалгыг өрнүүлсэн байна. Цаашид “Спирт үү, спорт уу” аяны нэгдсэн нээлт болтол 21 аймгуудад аяны нээлт болно.