УУЯ-наас уул уурхайн салбарт үйл ажиллагаа эрхлэгч байгууллагуудын дунд энэ сарын 17-нд нээлттэй өдөрлөг зохион байгуулахаар болжээ.

Өдөрлөгт Орос, Монголын хамтарсан "Эрдэнэт" үйлдвэрийн хамт олон оролцож, өөрсдийн 35 жилийн үйл ажиллагаагаа тайлагнах гэж байна. Тус үйлдвэрийн хамт олон нийслэлчүүдийг “Бид зууны уурхайчид” нээлттэй өдөрлөгт хүрэлцэн ирэхийг урьжээ. Өдөрлөгийн нээлт энэ сарын 17-ны 11.00 цагт Чингисийн талбайд болох юм. Мөн өдрийн 15.00 цагаас Соёлын төв өргөөнд “Эрдэнэт үйлдвэрийн  түүхэн хөгжил” үзэсгэлэн гарах аж. Харин 17-ны 16.00 цагаас Соёлын төв өргөөнд “Гэрэл цацарсан Эрдэнэт” авьяаслаг уурхайчдын хүндэтгэлийн тоглолт болох юм.

Мөн нийгмийн хариуцлагын хүрээнд “Эрдэнэт” үйлдвэр нь 2013 онд улсын болон орон нутгийн төсөвт нийт 520 тэрбум төгрөг төвлөрүүлсэн аж. Харин 2013-2017 онд Орхон аймаг, “Эрдэнэт” үйлдвэрийн хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулж, 2013  онд  орон  нутагтаа  тэрбум  гаруй  төгрөгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил хийсэн байна. Мөн 2013 онд нийт 24 нэр төрлийн импорт орлох бүтээгдэхүүнийг үндэсний үйлдвэрлэгчдээс 27 тэрбум төгрөгөөр худалдан авчээ. Үүгээр ч зогсохгүй “Эрдэнэт” үйлдвэрийг 2020 он хүртэл хөгжүүлэх стратеги төлөвлөгөө гаргасан гарсан бөгөөд үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэн жилд 35 сая тонн хүдэр боловсруулахаар төлөвлөж, цахилгаан эрчим хүч бага зарцуулдаг, байгальд ээлтэй техник технологийг нэвтрүүлэхээр зорин ажиллаж байна.    

М.АМАРЖАРГАЛ